Ачлалт эхчүүдийн гавьяаг бүдгэрүүлэх учиргүй
2015-12-28 18:21
Хоёрын бидон барьчихаад хоолны үлдэгдэл түүж, олсноороо 2 хүүдээ өл залгахыг нь хараад гасалж өрөвдөхөөсөө илүү гаргуун тэнэгээр нь дуудах хүн бишгүй байсан гэдэг.
Төв аймагт нутаг орондоо инээд доог болсон тэнэг Мягмар гээч эмэгтэй байлаа. Хоёр хүү төрүүлж, зуугийн талыг насалсан ч насыг нь асуувал “Арван наймтай” л гэх. Халамжийн төвөөс өөрт нь өгсөн хоолыг варений шилэнд хийж аваад, хулгайн хэргээр мөрдөгдөж байсан хүүдээ өгөх гэж өдөржин сэргийлэхийн үүд сахьдаг байсан гэдэг.
Хоёрын бидон барьчихаад хоолны үлдэгдэл түүж, олсноороо 2 хүүдээ өл залгахыг нь хараад гасалж өрөвдөхөөсөө илүү гаргуун тэнэгээр нь дуудах хүн бишгүй байсан гэдэг. Сэмэрч урагдсан ягаан дээлтэйгээ, олонд нэршэгдсэн “тэнэг” хочтойгоо ад шоо болж явсаар 1995 онд өвлийн цасан шуурганаар Мөнгөнморьтод хоригдож байсан хүүгээ эргэх гэж яваад осгож амиа алдсан юм гэдэг.
Тэгэхэд нь, “Үгүй ээ өвлийн нүдгүй шуурганаар замын уртыг явган туулна чинээ санаа тэнэгийн сэтгэлд л орно доо” гэж шоолох нэгэн ч байсан юм билүү, хөөрхий. Энэ бодит түүхийг би 1996 онд Төв аймагт сурвалжилгаар явж байхдаа нутгийнхнаас сонсож билээ. Тэнэг Мягмарт энэ хорвоогийн хамгийн нандин хайр-үрээ хайрлах цаглашгүй ухаан байсныг амьд сэрүүнд нь олж харсан хүн чухам хэд бол?

Мөн л Төв аймгийн хүн, Зундуйн Мааяа гэж ачлалт ээж эхийнхээ ангир уургийг ч амлалгүй хураалттай аргал дээр орхигдсон, сүүж нь цоорхой төрөөд эхдээ адлагдан гологдсон гурван нялзрай хүүхдийг хүн болгосон түүхтэй. Бусдын зовлонг хугаслъя гэхдээ өөрийн жаргалыг харамлаагүй энэ ээж “Ээдээ амьдрах болуу даа эд нар” гэлцэн өглөөд өрхийг нь битүүхэн харцгаадаг байсан хөршийнхнийхөө үгийг ч тоосонгүй, өвчтэй хүндхэн үрсийг өөрийн ганцаас ялгалгүй бөөцийлөхдөө бүтэн нойргүй олон жилийг туулжээ. Томилолтын аян замд Төв аймгийн Халдвартын төвийн сүрьеэгийн диспансерийн /тэр үеийн нэрээр/ сувилагч Нэргүй хэмээх бүсгүйтэй уулзаж ачлалт ээжийнх нь тухай сэтгэл хуваалцсан нь мөнөөх 3 хүүхдийнх нь нэг байсан юм.
Гурван сайхан үрийг хүн болгосных нь төлөө энэ ээжийг шагнах байтал шийтгэж, 1988 онд түүнд Төв аймгийн шүүх “Өрөөлийн хүүхдийг өөрийн болгон, тэтгэврийн мөнгө завшсан тул яллагдагч Зундуйн Мааяагаар бүх мөнгийг нөхөн төлүүлсүгэй” гэсэн тогтоол дуулгасан юм. Ядарсан эх саалийн үнээгээ зарж, амьтан ах дүүсээс зээлж 10 гаруй мянгыг нь, үлдсэнийг нь тэтгэврээсээ суутгуулж төлсөн гэдэг. Харин түүний, 3 нялх үрд амьдрал бэлэглэж хүн болгосон энгүй гавьяа, ачлал хайрынх нь төлөөсийг хэн ч төлж чадаагүй билээ.
Энэ хоёр эмэгтэйн түүхийг эргэн санахын учир нь хүн чанар, хүнлэг сэтгэлийн гал дөл бүүдийчихсэн өнөө цагт өрөөлийн биш юмаа гэхэд өөрийн үрээ хайрлан өсгөх эхийн ачлалаар үрс маань битгий дутаасай гэснийх. Үүнээс гадна Мартын 8 хаяанд ирсэн болохоор энэ өдөр бол наргиж цэнгэх наадам баяр биш, бүсгүйчүүд бидний эрхээ мэдэж, үүргээ ухамсарлах эв нэгдэл эрхэмлэлийн өдөр байгаасай гэснийх. Тэгээд бас цаг цагийн түүхэнд гэрэлтэж амьдарсан эгэл эмэгтэйчүүдийн түүх сайхныг эхлүүлэх санаа болоосой гэснийх ээ.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
