solongonews
Бондоолойгоо хайрлах үүрдийн минь хайр
2015-12-28 18:21
 
Сайн байна уу? хамгаас хайртай миний эрхэм нандин бамбаруушхан бас бондоолой минь. Чамдаа энэхүү захиаг унших энэ л мөчийн мэндийг хүргье. Ханьдаа би чинь эрхлэж, туниж гоморхож явдагаас биш баярлаж бахархаж явдаг сэтгэлээ цөөхөн илэрхийлж байснаа мэдрээд захиа бичихээр шийдлээ. Бид хамтдаа сэтгэлээ нэтгэн 3 жил гаруй болжээ. Энэ хугацаа бусадын хувьд богинохон хугацаа юм шиг боловч бидний хувьд урт бөгөөд сайхан амьдралын минь эхлэл, ухаарал хайралсан, амьдрах ухаанд суралцуулсан хөгжилтэй, хөөртэй, уйтгар гунигтай дурсамж ихтэй хугацаа байлаа.
 
Ханиа чи минь санаж байна уу бидний анхны уулзалтын тэр л өдрийг, би чамаасаа ичиж хархан нүдээ хаашаа хийх учраа олохгүй ч чамтайгаа хамт байгаад, ярилцаад л баймаар ... Тэр нэгэн орой чи минь миний гараас хөтлөж, хацар дээр минь үнссэн тэр л мөчөөс бидний амьдралын зам эхэлсэн. Хайраа бидний амьдрал бусдынхтай адилхан тийм баян тансаг биш ч, бид анх нэг өрөө түрээсийн байранд амьдарч бүгдийг өөрсдөө бүтээнэ гэж зорилго тавьж одоо зорилгынхоо эхлэлийг тавьчихсан явж байна. Бид залуу бас амьдрах хүсэл эрмэлзэлдээ хөтлөгдсөн болохоор анхны машинаа авч, жижигхэн ч гэсэн анхны байраа авч ямар их, бүр хичнээн их догдолж, баярласандаа хэдэн өдөр нойргүй хонож байснаа санаж байна уу.
 
Чиний минь дуулж өгдөг ... нэгэн биений минь нөгөө хэсэг нинжин сэтгэлийн минь сайхан хайр, хань миньдээ миний л хань... тэр одоо ч чихэнд минь эгшиглэнэ. Тэр л мөчүүд минь амттай бөгөөд жаргалтай. Гэхдээ бас бид хичнээн жаргалтай ч бидний амьдралд нэг л зүйл дутуу тэр бол бидний хүслэн болсон хонгорхон үр минь. Чамайгаа “хоёулаа хүүхэдтэй болоё хайраа” гэж хэлэх бүрт миний зүрх ямар их өвдөж зүсэгддэг гээч. Элгэндээ нааж энгэрээ дэвтээх үргүй болохоор бид бас уйтгартай, хэрүүл нь ихсэж хоёр биенээ гэх сэтгэл ч анх танилцаж үеээсээ хөрсөн юм шиг.
 
Хайр нь чамтайгаа адилхан өрөвч зөөлөн сэтгэлтэй, хөөрхөн инээмсэглэдэг, цагаахан сэтгэлтэй, ажилч хичээнгүй хонгорхон үр гаргаж өгөхийг маш их хүсч байна. гаргаж чаддаг бол өнөөдөр ч хамаагүй гаргаад өгчихмөөр л... Удахгүй чамтай минь адилхан чиний минь үргэлжлэл болсон үртэй болчихсон өнөр гэр бүл болчихоод сайхан амьдрах болно хайраа. 
 
Бид одоо хамтдаа байхгүй хэсэгхэн хугацаанд хол байгаа маань 2 биенээ ойлгож сайн ярилцаагүй, бас хүүхэдгүй байгаагаас минь шалтгаалж байгаа байх. Гэхдээ хоёр биендээ хайртай болохоор, хоёр биеэндээ дассан болохоор, хоёр биеэндээ итгэдэг болохоор,  бидний амьдралын минь зам нэг болохоор бид буцаж нийлсэн. Хайр нь энэ хэсэгхэн хугацаанд амьдралын болоод гэр бүлийн үнэ цэнийг, бас ажлаас өөр чухал амьдрал байдгийг мэдэж авсаан. Одоо хоеулаа амьдралын хором бүрийг аз жаргалтай, дурсамжтай, харамсах зүйлгүй сайхан амьдарч өнгөрүүлнэ хайрт минь. 
 
Чаддагсан бол яг одоо чамдаа очмоор
Чангахан тэвэрч үнсээд зөндөө сансанаа хэлмээр 
Зөөлөн дуут шувуудын ирэх буцах зөргөөр 
Зөвхөн чамдаа хайртай гэж навчис хийстэл хашхирмаар         
 
Миний сайхан бондоолой минь би чинь чамдаа бүхнээс илүү хайртай, насан туршдаа хайрлаж халамжилж амьдрана гэдгээ өөрийнхөө зүрх сэтгэлээр амлаж байна. Чамайгаа гомдоож явсан бол уучилаарай хайраа Гэгээн хайрын баярын мэндийг хүргье.
 

Чамдаа бүхнээс илүү хайртай шүү.

Чиний хань ижил, ихэр сүргээс нь....

 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл