solongonews
Төрсний дараа мэдэж байх ёстой 10 зүйл
2015-12-28 18:21
“Би анхны хүүхдээ найман жилийн өмнө төрүүлсэн юм. Харин одоо дараагийн хүүхэд маань төрөх гэж байна. Төрсний дараа юу болдог, нярай хүүхдээ хэрхэн асардаг талаар хамаг зүйлсийг ээжээсээ асууж байж санаж байна” хэмээн нэгэн танил минь ярьсан юм. Тэгэхээр эмэгтэйчүүд бидний хувьд төрөлт болоод төрсний дараах эхний хэдэн цагт чухам юу болдог, түүнийг хэрхэн хүлээн авах талаарх мэдлэг чухал юм. Энэ мэдлэгээс хамтдаа суралцацгаая.
 
 
Та ядарснаа мэдэрнэ 
Төрөхийн өвдөлтийг хэдэн цагийн турш мэдэрч, цай хоол ч идэх тэнхэлгүй хөлсөө урсгасан ээжүүд амаржсаныхаа дараах эхний хэдэн цагийн турш хэчнээн их ядарснаа мэдэрдэг. Гэвч зарим ээжүүдийн хувьд ялангуяа төрөлтийг хурдасгахын тулд тариа, эм хэрэглэсэн, эсвэл хагалгааны аргаар төрсөн бол өөрөөрөө, байгалийн өвдөлтөөрөө төрсөн ээжүүдээс хамаагүй их ядарч, оёдол, шархны өвдөлтийг маш ихээр мэдэрдэг. Энэ тохиолдолд хөдлөх тоолонд шарх хөндөгдөх учраас эдгээр нь эхний хэдэн цагийн турш таныг өвтгөнө гэдгийг мэдэж байх хэрэгтэй. 
 
Хүүхдээ ойлгоход хугацаа хэрэгтэйг ойлгоно
Мэдээж, төрсний дараа та шинэ хүнээ тэвэрнэ. Энэ үед амар амгалан, сайн сайхан хамгийн гэгээлэг бүхнээр сэтгэл хөглөгдөж баярын нулимс асгараад л ирдэг. Гэхдээ зарим ээжүүдийн хувьд хэдийгээр шинэ хүнээ хараад бөөн баяр болсон ч ядарч, сульдсанаасаа болоод хүүхэдтэйгээ олигтой харьцаж чаддаггүй. Түүний юу хүсч байгааг ойлгоход ээжид нь тэнхрэх багахан хугацаа хэрэгтэй болдог. 
 
Сав агшилт ба өвдөлт
Хүүхдээ төрүүлээд л хамаг өвдөлт өргөс авсан юм шиг арилчихдаг гэж бодож байвал тийм зүйл үлгэрт л гардаг байх. Төрсний дараа жирэмслэхээс өмнөх хэмжээнээсээ бараг 500 дахин томорсон умай тань агшиж эргээд хэвийн байдалдаа орох гэж агшдаг гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ өвдөлт яг л төрөхийн өвдөлт шиг ч хүчтэй байж болох юм. Умай эргээд хэвэндээ ортол 4-6 долоо хоног шаардагддаг бөгөөд агших өвдөлт нь төрсний дараахь эхний хэдэн цагт маш хүчтэй мэдрэгддэг аж. Хэрэв төрсний дараа танд үнэхээр их өвдөлт зовиур шаналгаа мэдрэгдвэл мэргэжлийн эх барих, эмэгтэйчүүдийн эмчид хандан зөвлөгөө, мэдээлэл авахаа бүү мартаарай. 
 
Хагалгаагаар төрсөн эх ч шавхарга гаргадаг 
Хүмүүсийн олонх нь хагалгаагаар хүүхдээ төрүүлсэн эх өөрөөрөө төрсөн эхээс ялгаатай байдаг, бас шавхарга ч гардаггүй гэж таамагладаг. Гэтэл үнэн хэрэгтээ хагалгаа л хийлгэсэн болохоос бусад бүх зүйл, сав агших, шавхаргаа гаргах гээд өөрөөрөө төрснөөс ялгаагүй байдаг. Тиймээс хагалгаагаар төрөхөөр төлөвлөгдсөн ээжүүд маань 4-6 долоо хоногийн турш ариун цэврийн хэрэглэлтэй “нөхөрлөх” болно гэдгээ мартаж болохгүй. 
 
Хүүхэд цаг үргэлж хөхөө хөхөх нь эрүүл үзэгдэл 
Төрснөөс хэдхэн хоногийн дараа таны хөх уургаа сүү болгон хувиргах болно. Ингэснээр та хүүхдээ өлсгөхөөргүй тэжээлийг биеэсээ ялгаруулан түүнийг үрээ торниулах болно. Танаас цаг үргэлж сүү ялгарах учраас тэр шүү дээ. Таны хүүхэд цаг үргэлж л хөхөө хөхөх гэж оролдох, хөхөх нь муу эсвэл ховор үзэгдлийн нэг огт биш. Энэ бол хэвийн зүйл. Тиймээс та төрөхөөсөө өмнө хөхөө бэлдээрэй. Өтгөн хар цай, буцалсан усаар, эсвэл усанд орохдоо хөхнийхөө толгойг норгож имрэх байдлаар нааш гаргаж ирвэл төрсний дараа хөх хагарахаас сэргийлж чадна. 
 
Та маш их хөлөрнө 
Төрсөн эхчүүд хөлөрдөг л гэдэг дээ. Гэхдээ та бодит байдал дээр өөрийн бодсоноосоо ч илүү их хэмжээгээр хөлөрч мэднэ шүү. Жирэмслэлтийн туршид биед тань хуримтлагдсан шингэн болон даавар нь төрсний дараа биеэс гадагшилдаг нь энэ юм. Тиймээс толгой боох алчуур болон унтлагын хувцсаа ээлжлэхээр тохируулан нэгээр илүү аваарай. 
 
Жирэмсэн юм шиг харагдсан хэвээр байх болно 
Та төрөх эмнэлгээс гарахдаа гэдэс агшиж, бариу жинсээ өмсөөд хөнгөн сайхан алхаж одно гэвэл эсрэгээрээ л байх болов уу. Та өөрийгөө жирэмсэн байснаасаа нэг их ялгарахааргүй байгааг анзаарна. Ихэнх эмэгтэйчүүд төрснөөсөө хойш эхний таван сар бие давхар мэт л байдаг. Учир нь бие мах бод эргээд сэргэхэд хугацаа хэрэгтэй шүү дээ. 
 
Жин хасахгүй, харин ч нэмж мэднэ 
Та төрөөд л шууд жин авч жингээ үзэж, “илүүдэл”-тэйгээ тэмцэнэ гэж бодож байгаа байх. Тэгвэл харин ч жин нэмсэн байвал бүү гайхаарай. Таны жингийн нэмэгдэл аяндаа арилах учраас яарах хэрэггүй. 
 
Хүүхдийн тань толгой хачин харагдвал...
Та өмнө нь дөнгөж төрсөн хүүхэд харж байгаагүй бол хүүхдийнхээ толгойг анх удаа харахдаа гайхах болно. Түүний толгой танд эв хавгүй ч юм шиг санагдаж болох л юм. Учир нь таны хүүхэд төрөх замаар гарч ирэхийн тулд олон саадыг давснаас толгойн хэлбэр нь жаахан өвөрмөц болсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дөнгөж төрсөн хүүхдийн яс бэхжээгүй байдаг тул түүний толгой ч бас тун ухадгүй хэвийн хэлбэртэй болох болно. Тиймээс хүүхдийн тань толгой ямар ч хэлбэртэй байлаа гэсэн түүнийг оролдож, өөрчлөх гэж үзэх нь маш буруу гэдгийг мэргэжлийн эмч нар хэлдэг. Ялангуяа, төрсний дараахь эхний 48 цагт хүүхдийн толгойг оролдож хэрэггүй. 
Хэчнээн ядарсан ч хамаагүй та хүүхдийнхээ төлөө зогсох ёстой ганц хүн нь гэдгээ бүү март 
 
Төрсний дараа та тоолж болшгүй цаг хугацааг хүүхдийнхээ төлөө зориулах болно. Төрсний дараах эхний хэдхэн цагт та түүний гарын хуруу хэчнээн жижигхэн болохыг, үс нь яагаад тийм хөөрхөн долгиотойг, арьс нь яагаад тийм булбарай зөөлнийг бахдсаар өнгөрөх болно. Та түүнтэй нүдээрээ ярилцаж, түүнд хэчнээн хайртайгаа улам ихээр мэдрэх болно. Таны бяцхан бурхан л амар амгалан, эрүүл энх байвал таны хэчнээн ядарсан нь хамаагүй гэдгийг та тэгэхэд л ойлгох болно. 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл