Аав ээжүүд ээ, анхаарал сэрэмжээ дээшлүүлээрэй
2015-12-28 18:21
Хүүхдээ дагуулаад гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж дайраад байгаа ээж аавтай бид олон таардаг. Ингэж болохгүй ээ. Осол гэмтэл санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалдаг. Аав ээж нь анхаарал тавьдаг, өөрсдөө үлгэрлэдэг, хаана юугаар тоглож байгааг нь үргэлж анхаарч зааж сургадаг бол хүүхэд гэмтэж бэртэхгүй ээ.
Урин дулаан цаг ирлээ. Хүүхдүүдийн маань амралт ч хаяанд ирж. Үүнийг дагаад аав ээж бид анхаарал халамжаа нэмэгдүүлэх учиртай. Хүүхэд маань хаана юугаар тоглож байна. Тоглоомын орчин хөрс агаар нь эрүүл ахуйн шаардлага хангаж байна уу? Тоглож байгаа тоглоомыг нь ч бид анхаарах нь зүйтэй юм.

Хүүхэд гэмтэж бэртэх нь дулааны улиралд нэмэгддэг гэсэн судалгаа бий. Энэ нь хүүхэд ихэнх цагаа гадаа өнгөрүүлж байгаатай холбоотой юм. Мөн аав ээжийн хараа хяналт сул, тоглох орчин тоглоомын талбай ховор байгаа нь ч нөлөөлж байна. Гадаа тоглоомын талбайд хүүхдүүд маань юугаар тоглож байна вэ? Нялх балчир насныхныг аав ээж нь тэвэрч хөтлөөд тоглуулчихдаг .
Бага дунд насныхан элс чулуу гулсуур савлуураар тоглоно. Харин өсвөр насны охид хөвгүүдийг юугаар тоглож байгааг анхаарах хэрэгтэй. Тухайлбал өсвөр насны охидод бөмбөг, дээс, ризен чухал юм. Хөвгүүдэд мөн л сагсан бөмбөгөөс гадна хүч тамирын хэрэгсэл бүхий талбай дугуйн зам чухал.
Урин дулааны цагт ингэж хүүхдийн тоглоомыг анхаарахгүй бол хараа хяналтгүй хүүхэд осолд өртөнө. Хүүхэд осол гэмтэлд өртөх нь дулааны улиралд нэмэгддэг нь үүнтэй холбоотой. Энэ сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулаторийн нэг л эмчид 600 гаруй хүн хандаж тусламж үйлчилгээ авсан байна. Эдгээрийн дунд хүүхэд багагүй хувийг эзлэж байна.
Өндрөөс унасан, халуун хоол цайнд түлэгдсэн, нохойд хазуулсан, авто замын осолд өртсөн хүүхэд 60 гаруй хувийг эзэлж байна. Хүүхдүүд зуны цагт замд ойрхон тоглодог. Дугуй унасан, бөмбөг хөөсөн хүүхэд машин замд ойрхон ирдэг. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн 80 орчим хувийг 10-14 насныхан эзэлж байна. Үүнээс гадна олон арван хүүхэд хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтжээ. Хүүхдийг ахуйн гэмтлээс авто замын ослоос хамгаалах арга зөвхөн аав ээж бидний гарт бий.
Хот суурин газарт өдөрт 1-2 хүүхэд авто замын осолд ордог бол хөдөө орон нутагт мориноос унаж малын хөлд өртөх нь бий. Гол төлөв гар хөлөө хугалсан, толгойгоо хагалсан хүүхэд л эмнэлэгт ханддаг байна. Хүүхдийн чөмөгт ясны хугарал их байдаг. Мөн тархи нугасны гэмтэл ч цөөнгүй байдгийг эмч хэлсэн юм. Тэр тусмаа өсөлтийн зоноороо гэмтсэн хүүхэд олонтаа ирдгийг эмч онцолж байна. Өсөлтийн зон гэмтэхэд зовиургүй. Тиймээс аав ээжүүд анзааралгүй явсаар хүндрүүлэх талтай.
Хүүхэд ямар нэгэн зүйлээс унасан бол тархи толгойгоо хөдөлгөсөн тохиолдолд эмнэлэгт хандахыг эмч зөвлөлөө. Бариачид бариулж өөрсдөө дур мэдэн эмчилсэн мөн бага зэргийн зовиурыг анзааралгүй удааснаас гэмтэл хүндрэх нь бий гэнэ. Ялангуяа хүүхдийн тархины гэмтэл аюултай. Хүндэрвэл, буруу эмчилвэл хожмоо татдаг, ухаан алддаг тэр ч бүү хэл хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжилд ч нөлөөлж мэднэ. Тархи толгойндоо гэмтэл авсан хүүхэд андашгүй гэж эмч хэллээ.
Харцанд өөрчлөлт орно, бөөлжинө, гүйлгэнэ, шилээ шөргөөх гэх мэт шинж тэмдэг илэрдэг байна. Хэлд ороогүй хүүхэд байнга гиншигнэн уйлж яраглаж янцаглана, мөн цочромтгой уур уцаартай болох нь толгойн өвдөлтийг илтгэнэ. Хүүхдийн осол гэмтэл аав ээжийн хараа хяналттай шууд холбоотой. Бид хүүхдээ бага байхад сургууль цэцэрлэгт нь хүргэж өгч авдаг.
Харин 3-4-р ангид ормогц нь том болчихлоо биеэ даагаад явчихна гэж санаа амарч орхидог. Зарим нь хүү, охиндоо хэлж үглэхээс цаашгүй. Гэтэл хүүхэд л болсон хойно томоогүй.
Хэлж ярьж байхад ойлгож байгаа мэт боловч цаашаа эргээд л мартчихна. Тиймээс бид өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Хүүхдээ дагуулаад гарцгүй газраар зам хөндлөн гарах гэж дайраад байгаа ээж аавтай бид олон таардаг. Ингэж болохгүй ээ. Осол гэмтэл санамсар болгоомжгүй байдлаас шалтгаалдаг. Аав ээж нь анхаарал тавьдаг, өөрсдөө үлгэрлэдэг, хаана юугаар тоглож байгааг нь үргэлж анхаарч зааж сургадаг бол хүүхэд гэмтэж бэртэхгүй ээ. Та яг одоо шалгаарай. Хүүхэд хаана тоглож байна. Хичээл тарсны дараа хүү охин тань хаана тоглодог бол? Өндөр граш, хашаа байшинд авирч, савлуурт өндөр үсэрч байх вий.
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
