Хятадын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын XI наадам Хэнань мужийн Жэнжөү хотод 08-ны өдөр нээлтээ хийлээ. Наадам олон үндэстний уламжлалт спортын соёлыг харуулж, соёлыг уламжлан хөгжүүлэхийн чухал индэр тавцан болж байгаа юм. БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан болж буй энэ удаагийн үндэстний цөөнхийн уламжлалт спортын наадам нь олон үндэстэн эв санаа нэгтэйгээр хүчээ төвлөрүүлэн Хятадын мөрөөдлийг биелүүлэхээр тэмцэж буй цаг эриний үзэл баримтлалыг харуулсан байна.

Хятадын үндэсний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын XI наадмын нээлтийн ёслол “Хятадын үндэстнүүд элгэмсэг дотно, шинэ эринээ хамтран цогцолъё” уриан дор болж, Хятадын магтуу, Үзэсгэлэнт Хэнань, Хүсэл мөрөөдөл гэсэн гурван хэсгээр олон үндэстний уламжлалт соёлын содон гайхамшиг, шинэ эриний дүр төрхийг харуулсан байна.
1953 онд Хятад улс Тяньжинь хотноо Хятадын үндэстнүүдийг оролцуулсан спортын тоглолт, уралдаан тэмцээн зохион байгуулж байсныг хожим нь Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт спортын анхны наадам хэмээн нотлон нэрлэжээ. 2005 онд үндэсний хэмжээнд үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын наадмыг тогтмол зохион байгуулахаар Төрийн зөвлөлөөс тодорхой шийдвэр гаргаснаар Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын наадам нь дөрвөн жил тутамд нэг удаа зохиогдож байна.

09-р сарын 08-ны орой Жэнжөүд нээгдсэн Хятадын Үндэстний цөөнхүүдийн уламжлалт биеийн тамир спортын XI наадамд 31 муж, хот, өөртөө засах орон, Шиньжянгийн үйлдвэр, бүтээн байгуулалтын бригад, Хятадын Ардын чөлөөлөх арми болон Тайваний үндэстний цөөнхүүд гээд нийт 34 багийн 7009 тамирчид 17 том төрөл, 140 жижиг төрийн болон 194 үзүүлбэрийн уралдаанд оролцоно. Хятадын Үндэстний цөөнхүүдийн уламжлалт бие тамир спортын XI наадмын зохион байгуулах хорооны нарийн бичгийн дарга, Үндэсний үндэстнүүдийн хорооны соёлыг ухуулах газрын дарга хатагтай Ү Цүй-Ин:
- Хятадын Үндэстний цөөнхүүдийн уламжлалт бие тамир спортын XI наадам нь үндэстнүүдийн эе эвийг бэхжүүлэх, ард иргэдийн дундах биеийн тамир спортыг хөгжүүлэх зорилгоор зохиогдож, Хятадын 56 үндэстний соёлын солилцоог ахиулж байна. Энэ жилд мөн БНХАУ байгуулагдсан 70 жилийн ой тохиож буй учраас Хятадын үндэстний цөөнхүүд нэгэн дор цуглан үндэстний биеийн тамир спортын наадам зохиож буй нь маш утга агуулгатай хэрэг юм. Хятадын үндэстний цөөнхүүд хамтдаа Хятадын мөрөөдлийн төлөө хичээн, хүч, эвээ нэгтгэж байна гэж хэллээ.

Уламжлалт биеийн тамир спортын наадмын 17 тэмцээний төрөлд эртний уламжлалтай ээрүүл тоглоом гэж байдаг. Юньнань, Гүйжю зэрэг үндэстний цөөнхийн нутагт энэ тоглоом өргөн дэлгэрчээ. Юньнань мужийн Хань үндэстний эрэгтэй эмэгтэй, ахмад, залуус гэж ялгалгүй ямар ч насны хүн жилийн 4 улиралд энэ тоглоомыг тоглодог. Энэ тоглоом үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын наадмын тэмцээний төрөлд багтаж орсон нь Юньнань мужийн баг төлөөлөгчдийн ихээр түгээмэлжүүлсэнтэй салшгүй холбоотой. Юньнань мужийн баг төлөөлөгчдийн ээрүүлийн тоглоомын ахлах Жөү Юн:
- 1995 онд Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын 5-р наадам Кунмин хотноо зохиогдох үеэр бид энэ тоглоомыг бүх Хятадад таниулсан юм. Ээрүүлийн тоглоом нь манай Юньнань мужид өргөнөөр дэлгэрчээ. Хятад улс, Юньнань мужийн наадамд оролцохоос гадна, тухайн нутгийн үндэстний цөөнхийн иргэд, цаашлаад Хань үндэстний ахан дүүс ч энэ тоглоомд оролцож, биеэ чийрэгжүүлж байна. "
Хятадын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамир спортын энэ наадам 9 хоног үргэлжилж, нээлтийн ёслол, төрөл бүрийн тэмцээнээс гадна үндэстнүүдийн найр наадам, үзүүлбэр тоглолтын шагнал гардуулах ёслол, хаалтын ёслол түүнчлэн үндэстний цөөнхийн спорт соёлын үзэсгэлэн зэрэг баялаг агуулгатай арга хэмжээнүүдийг зохион байгуулна.
