solongonews
Ээжүүдийн цаг: Төрөх бэлтгэлээ ярилцацгаая
2015-12-28 18:21
Дараагийн удаагийн сургалтаар Д.Дулмаа эгч маань ээжүүдэд бодит үзүүлэн дээр хүүхдийг хэрхэн өлгийдөх, хэрхэн усанд оруулах зэргийн талаар арвин мэдээлэл, үнэтэй зөвлөгөө, туршлагаасаа хуваалцахаар бэлтгэж байна.
 
Охид, бүсгүйчүүд, жирэмсэн ээжүүд, төрсөн эхчүүдийн хамгийн дотны нөхөр, үнэнч зөвлөгч Монголжингоо сайтын хамт олон өнгөрсөн ням гаригт “Ээжүүдийн цаг” анхны уулзалтаа зохиолоо. Мэргэжлээрээ 25 жил ажилласан туршлагатай сувилахуйн ахлах зэрэгтэй мэргэжилтэн Д.Дулмаа жирэмсэн болон төрсөн ээжүүдэд маань үнэтэй зөвлөгөө, туршлагаасаа харамгүй хуваалцсан юм. Уулзалтад маань жирэмсэн ээжүүд түлхүү оролцсон учир төрөх бэлтгэлийн талаар чухал санал, зөвлөгөө, туршлага, практикт гардаг нөхцөл байдлын талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ үеэр эхчүүд маань сонирхсон асуултдаа хариулт авч, уулзалт үр дүнтэй нөхөрсөг болж өнгөрлөө. 
Дараагийн удаагийн сургалтаар Д.Дулмаа эгч маань ээжүүдэд бодит үзүүлэн дээр хүүхдийг хэрхэн өлгийдөх, хэрхэн усанд оруулах зэргийн талаар арвин мэдээлэл, үнэтэй зөвлөгөө, туршлагаасаа хуваалцахаар бэлтгэж байна. 
Төрөхийн өвдөлт бол өвдөлт биш...
 
Төрөхийн өвдөлт бол өвдөлт биш, харин ч хэвлий дэх алаг бяцхан үрээ хорвоо ертөнцтэй мэндчилүүлэх үүдийг нээж өгч буй эх хүний хамгийн чухал хөдөлмөрийн нэг гэдгийг Д.Дулмаа эгч маань хэлсэн юм. “Төрөхдөө бэлтгэхийн тулд ээжүүд маань сэтгэл санаагаа бэлтгэх хэрэгтэй. Үүний нэг чухал хэсэг болох төрөхийн өмнөх өвдөлт бол өвдөлт биш харин хүүхдээ гаргах гэж хийж байгаа ажил.
 
Үүнийг эхчүүд маань ойлгочихвол төрөлт илүү хялбар, амар, хурдан болдог” гэж тэрээр ярилаа. Тэгэхээр өвдөлт нэмэгдэх тусам хүүхэд тань төрөхөд маш ойртсон гэсэн үг бөгөөд та түүнийг хөх цэнхэр дэлхийдээ хөл тавих амьдралыг нь бэлэглэх цаг дэргэд ирснийг гэрчилж буй хэрэг аж. Түүнчлэн төрөхөөр өвдөж буй эх ямар байрлалд байвал хүүхдэдээ аюулгүй, таатай нөхцлийг бүрдүүлэх бол. Ямартаа ч хөлөө хавчаад суугаад байх нь төрөх замдаа орох гэж буй хүүхдийн толгойг хавчих, төрөх хугацааг уртасгах сөрөг нөлөөтэй аж.
 
Ингэхийн оронд орны толгойноос барьж нуруугаа амраан зогсох, урагш хойш алхах зэргээр төрөх замыг аль болох чөлөөлснөөр хүүхдэд даралт өгөхгүй төрүүлэх боломж бүрддэгийг сургалт зохион байгуулагч маань ярилаа. 
Өвдөж байхдаа ус уухаа бүү мартаарай 
Төрөхөөр өвдөж буй эхчүүд маш их ядардаг. Хөлс гарч, хамаг бие тамиргүйдсэн байдаг шүү дээ. Тэгвэл өвдөж буй эхийн хийх ёстой чухал ажлын нэг нь цэвэр усыг бага багаар балгах. Өвдөлт хоорондын зай уртаас богино руу шилжих туршид бага багаар балгана гэсэн үг. Ингэвэл төрөх үед ядрахаас сэргийлж чадах чухал ач холбогдолтой юм байна. 
Хүүхдэдээ амьдрал бэлэглэх дараагийн алхам хөхөө бэлдэх 
 
Өвдөж өвдөж төрсөн ээжийн маань ажил ингээд л дуусчихгүй. Үүний дараа жинхэнэ утгаараа хүүхдэдээ эрүүл саруул амьдралыг бэлэглэх хамгийн чухал хэсэг эхэлнэ. Энэ бол хооллолт. Түүнийг зөв амлуулж, ангир уургаа хөхүүлснээр биед нь хуримтлагдсан зунгаг /баас/-ийг 24 цагийн дотор гадагшлуулах ёстой. Ингэж чадвал хүүхдэд биологийн шарлалт үүсдэггүй байна. Ангир уураг нь наалдамхай шинжтэй учраас нярайн гэдсэн дэх зунгагийг бөөгнүүлэн гадагшлуулахад ихээхэн тус дэмтэйгээс гадна дархлааны бат цайз хэрэм мэт хамгаалалтыг нярайд өгдөг байна.
Тиймээс ээжүүд маань хүүхдэдээ хамгийн сайн хоол тэжээл болох ангир уураг, хөхний сүүгээ хөхүүлэхийн тулд жирэмсний 8 сартайгаас эхлэн хөхөө бэлдэх хэрэгтэй аж. Үүнээс өмнөх хугацаанд хөхний толгойгоор оролдох, имрэх нь умайд нөлөөлж тонус өгөх эрсдэлтэй юм байна. Тиймээс 8 сартайгаас нь эхлэн буцалсан ус, эсвэл хар цайгаар, эсвэл бүр усанд орохдоо хөхөө норгож байгаад хөхний толгойг имрэх хөдөлгөөнөөр нааш гаргаж ирнэ. Энэ дасгалыг төрөх хүртлээ хийж чадвал хүүхэд төрсний дараа хөхөө хөхөхөд нь хамгийн чухал нөлөө үзүүлдэг аж. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл