solongonews
Дэрэн дээр үлдээсэн захидал
2015-12-28 18:21
Наран мандах хараахан болоогүй, өвлийн шөнийн үүр тэмдэгрэн байна. Яагаад ч юм нойр минь хулжиж, орондоо удаан хөрвөөлөө. Унтаж байхад чинь чамайгаа хараагүй уджээ. Ядарсан бололтой, гэрлээ асааж, өөдөөс чинь таньж ядан шртэх мэт нүүр тулан ажиглаж байгааг анзаарах сөхөөгүй унтаж байгааг нь.
 
Хэдэн жилийн өмнөсөн бол нойр цайрсны бурууг чамаас л хайж, элдэвлэн сэрээгээд эрхлэн аяглах байсан даа. Ганцаараа зовохгүй, ганцаараа хийхгүй, ганцаараа сэтгэлээ чилээхгүй, тэгэх л юм бол эрх мэдэл, энэрэл хайр дутмаг болчихно гэж болгоомжлоод харин ч би эмэгтэй хүн юм чинь хайрын арай давууг нь, халамжийн бүр илүүг нь, хүндлэлийг бүрэн дүүрнээр нь эдлэх ёстой гэж боддог байж,.
 
Миний омголон залуу насны бодол ялалт дагуулдаг байсан үе юутай олон. Чамайгаа эз дийлж, эрхэлж, инээж догдолж, бас, тунирхан гомдож, бачимдан бухимдаж байсан тэр мөчүүд. Эргээд харахнээ цаг хугацаа урсах, өвөл хавраар солигдох, шинэ жилээр өвлийн өвгөн үүд тогшин айлчлах, намар оройн азарган бороо шаагин асгарахыг анзаарах сөхөөгүй арваад жилийг туучин ирсэн юм шиг санагдах юм.
 
Том хүү минь 2-р ангийн сурагч болчихоод, ээжийгээ ажил-гэр-хүүхэд-сургууль-хичээл гэсэн хариуцлагын өмнө амсхийх чөлөөгүй завгүй ээж болгочихож. Бичиг үсэгт хэдийнээ тайлагдсан тэр маань ханын цаасан дээрээ хичээнгүйлэн байж өөрийнхөө нэрийг утасны дугаартайгаа бичих дуртай. Ахынхаа тэр “бүтээлийг” 4 настай бяцхан хүү минь сэмхээн урчихаад бөөн маргаан, уйлаан үүснэ. Ажил-гэр-хичээл гэсэн хариуцлага дээр чадварлаг хүмүүжүүлэгч байх үүргийг нэмэхээ тэд яахин мартах билээ.
 
Бага маань төрөөд удаагүй хатгаа авч, Багануурын эмнэлэгт үхэл сэхлийн заагт өнгөрүүлсэн хэдэн өдрийг яахин мартах, хань минь. Уйлж шаналахаас өөрийг мэдэхээ байгаад тэнхэл алдран сэтгэл сэмэрч байхад чи минь өөдөсхөн нялзрай үрээ хором бүр анзаарч байхгүй бол болохгүй гээд нүд цавчилгүй хэдэн шөнийг давж билээ. Шүдний эмчийн ажил амаргүй. Амаргүйн дээр, өдөр нь өвчтөнүүддээ үйлчилж ядарч ядарчихаад хэдэн шөнө үрийнхээ төлөө шаналан цурам хийлгүй хонох ямархан байхав.
 
Харин хүү минь эдгэрч, хөхөө хөхөж чаддаг болоход түүн шиг эрхэм жаргал энэ хорвоод үгүйг мэдэрч, тэр л жаргалаар бид хоёрын тамирдсан бие, сэтгэл хүч тэнхээ сэлбэсэн дээ. Ганцаараа зовохгүй, ганцаараа хийхгүй, ганцаараа сэтгэлээ чилээхгүй гэсэн омголон бодол минь тэр л үед замхран холдож, чамайгаа ямар их өрөвдсөн гээ. Миний омголон залуу насны бодол ялалт дагуулж байна гэж би эндүүрдэг байж.
 
Амьдралын жижиг сажиг зүйл дээр ч хань ижлээ өөрөөсөө түрүүлж бодож чаддаг нь ялдаг юм байна. Ханиа ойлгож, бас хүндэлж чадна гэдэг хайр юм байна. Ард үлдсэн 10 жилийг анзаараагүй юм шиг хурдан өнгөрсөн мэт, гэсэн ч ихийг хамтдаа туулжээ, хоёулаа. Орон байртай болохын тулд  зээл тавьж, гэрээ тохижуулах гэж хэрдээ л хичээж, 2 сайхан үртэй болж, тэднийхээ сургууль, цэцэрлэг рүү цагийн зүүтэй уралдан гүйцгээж, чинийхээ аавыг амьдралын аянаас нь сэтгэл халган үдэж, орчлонд мэндэлсэн олон хөөрхөн жаалуудад бэлэг бэлдэхээр дэлгүүр хэсэж, дүү нарынхаа хуриман дээр сэтгэлийн үг хэлж, хааяахан хоёулаа ам мурийж, үнэн голоосоо дургүй хүрч, төдөлгүй мартагнаад яах гэж тэгэв дээ хэмээн дотроо халаглаж, ээ мөн олон явдал ээлжлэн улирчээ, хань минь. Хамтдаа зовж, хамтдаа жаргаж чаддаг аа, бид. Илүү дутууг тооцоогүй энэ л сэтгэл өөрөө хайр юмсанж үү?.  
 
Миний гэр бүл миний амар амгалангийн мөнхийн зогсоол. Ядарч ирээд гутлаа тайлан дураар тухлах миний өргөө. Зогсолтгүй шалгаах, хааяадаа эвдрэлцэн муудалцах 2 үр минь эрүүл л байваас тэр бидний жаргал. Хань минь чи хажууд минь энэ л зангаараа байж, ирж яваа он жилүүдийг хоёулаа хөтлөлцөн туулваас амар амгалан минь тэр ээ. Хааяадаа би чинь эрхэлж л таараа, хачин муухай аашилж гомдоож бас мэднэ. Зөрүүд зан минь дийлж, зоргоороо дэмий үг хэлж ч мэднэ.
 
Гэсэн ч шархлуулах үг чамруугаа шидэхгүй, буруу бодол сэтгэлдээ тээхгүй, зүхэл үгээр хийморийг тань гундаахгүй ээ, хань минь.   Унтаж байгааг чинь удаанаар ширтээгүй удсан байна.. Ядарчихаж. Шүдний эмчийн ажил уурхайчны хөдөлмөрийн дараа орохуйц хүчир, биеийн хүч нэг их ордоггүй ч сэтгэл зүйн талаасаа айхтар ачаалалтай гэдэг. Сайхан унтаад ав даа. Чамдаа хаягласан анхны захидлаа дэрэн дээрээ үлдээлээ. Удахгүй нар мандах нь, атаархмаар сайхан нь, шинэ өглөөг чи амрагийн захидалтай унтах нь. За, шинэ өглөөний мэнд.
 
/Энэ, миний ханьдаа бичсэн анхны захидал. Амьдралаа эргэн бодож, үе үе эрхгүй нулимс гарч, бас ханиа хайрлан өрөвдөж, уярч бичсэнээ нуух юун. Аав нь амраг дээ гээд ням гаригийн энэ өглөө бид гурав сэмхээн гарч салхинд алхацгаасан юм. Сэтгэл нэг л хөхүүн сайхан байсаан, Баярлалаа, амьдралын үнэнийг, хайрын үнэнийг илэрхийлэх боломж олгосон та бүхэнд./
 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл