solongonews
Буриадын цэнхэр аялгуу шингэсэн Байгал далайн“цагаан үүл”
2024-07-17 14:53
Буриад Байгал

Би борооны чимээг сонсох дуртай.

Олон жилийг туулсан өвгөн модод энэ их усан борооны дунд уйлж зогсоно,  тэнгэр нэтийгээд… бүүдийгээд… тэгээд бас их гунигтай.

Агуу философич Шопенхауэраас “Ертөнцийн бүх юм ямар ч утга агуулгагүй” гэж хэлснийг би эртнээс мэдэх хэрнээ хорвоогийн богино атлаа урт байдаг энэхэн зайд орших гэж одоо яг юу хийхээ ч мэдэхгүй бадарчин мэт царайлан, холын тэр буриад зон буюу Байгал далайн цагаан үүлсийн тухай бодон, сэтгэлийн тайтгарал болсон найргийн мөр бадаг хааяа хааяахан сэмэрхий бодлын эмзэг бүхнийг нөхөн, тархинд минь бууна.
Алсаас сонордох

Аргамаг хүлгийн туурайн чимээ
Олон зууны тэртээх
Алдаж онож, гуниж баярлаж явсан
Өвгөдийн буурал түүхийг шивнэнэ

Гурамсан тасарсан улаан зүрхний минь хэлтэрхий
Газар дэлхийгээс би чамайгаа эрнэ
Нулимс шиг асгарах нойтон бороо
Найргийн шад мэт зүрхэнд минь шаагина

Борооноор уярдаг миний Буриад
Бодолд минь ойрхон мөнхийн орон оо…

Өнгөрсөн ням гарагт Буриадын дуучин Намгар Хөххотод ирж дуулна гэсэн мэдээ намайг цочоов. Дуучин Намгарын дууг олон жил сонсож бахархдагийн улмаас өнөөдөр хайртай дуучин минь хажууд ирж дуулна гэхээр хүлгийн жолоогоо залж хотын төвийн жижигхэн хороололд байдаг “LIVEHOUSE WHOHOT” нэртэй тоглолтын газарт хүрч ирлээ. Дуучин маань санаанд оромгүй сайхнаар угтан бидний урилгыг хүлээн авч, тоглолтынхоо өмнө цаг нөөцөлж ярилцъя хэмээн тохирвой.

Дуучин Намгар Байгал нуур /Trans-Baikal/-ын чинад эрэг дэх уужим саруулхан Хүнгэр /Kunkur/-ийн тал, тунгалаг шанд цэнхэр горхийн хөвөөнд төржээ. Тэднийхэн үеийн үедээ Байгал нуурын эргэн тойрноор нутаглаж ирсэн ба “Намгар” гэх нэрийг түүний буурал эмээ нь хайрласан гэдэг. XVII-XVIII зууны үед Байгал нуурын ойр хавийн нутагт буддын шашин дэлгэрч, төвд санскрит гаралтай нэр олширч эхэлсэн бөгөөд “Намгар” гэдэг нэр нь мөн “цагаан үүл” гэсэн утгатай төвд үг аж. Намгар ах, эгч, дүү олуулаа, аав ээж нь өндөр настай учраас өнөө бүгд хот руу нүүн суурьшжээ.

Түүнийг бага байхад нь буурал эмээ нь арьс элдэн гутал оёж суухдаа байнга дуулдаг байсан ба зуны үдшийн намуухан салхи буурал эмээгийнх нь ардын дуутай хамт түүнийг бүүвэйлж, зүүдний ертөнцөд оруулдаг байлаа. Алслагдмал нутгийн жижигхэн тосгоны жаахан басган дуучин болно гэж огт санаагүй, тэрээр зүгээр л дуулахыг мөрөөддөг, сонсохыг их хүсдэг, өөртэйгөө ярьдаг, өөртэйгөө дуулдаг л нэгэн байв. Цаг өнгөрөн, улирал солигдож, цасан шуургатай хүйтэн шөнө, зуны нар төөнөсөн бүгчим өдөр, бороо салхитай жихүүн хоногууд… түүний хүүхэд нас дандаа эмээгийнхээ дуунд бүүвэйлэгдсэн.

Намгар 17 настайдаа дуу хөгжмийн сургуульд элсэн суралцаж эхэлсэн. Тэрээр анх дуучин мэргэжлээр суралцахыг хүсдэг байсан ч багш нь ятга хөгжмөөр хичээллүүлэхээр шаардаж, мөн зааж эхэлжээ. Сургуулиа төгсөхдөө Намгар басс гитар тоглодог орос залуу Евгений Золотаревтай танилцан, дуу хөгжмийн тал дээр их санал бодол нийлдгийн улмаас түүний хамтлагт ажиллахаар болжээ. Тухайн үед Ази гаралтай, эсвэл цөөнх тооны буриадууд зан заншил, шашин шүтлэг өөр байдгаас шалтгаалан оросуудтай нийлдэггүй байсан тул Намгар тоглолтоор дуулж явахдаа нутгийн хүмүүстээ мэдэгдэхээс их л хичээж болгоомжлон явдаг байлаа. Гэтэл хэдхэн сарын дараа гэхэд түүний хамаатан садан нь олж мэдсэн бөгөөд аав нь ч зөвшөөрөхгүй учраас нутагтаа буцаж харихыг шаардав.

Харин Евгений тохиож буй энэ бүхэнд шантралгүй, Намгарын гэрт байн байн ирж, Байгал далайн дэргэд буриад малчны амьдралд дасан, мал унаанд сайн, хөдөөгийн ажилд гаршиж хүмүүсийг гайхшируулсан аж. Нүүдэл соёлын гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрсэн орос залуу тэр цагаас эхлэн монгол хөгжмийн тухай гүнзгий судалгаа хийж, нарийн ойлголттой болжээ. Ийнхүү 2001 онд Намгар, Евгений нар Москвад “Намгар” нэртэй хамтлагийг байгуулж, 2003 оны 10-р сард анхны CD цомог “Хатиръя”-гаа Москвагийн нэрт “Sketis Music” дуу хөгжмийн үйлдвэртэй хамтран хоолой бичлэг хийж, дэлхийн нэрт уран бүтээлчдийн өндөр үнэлгээг хүртэн, алдарт барималч Даш Намдаков цомгийн хавтсыг урласан байна.

- Олон зуун жилийн турш зон ардын минь ухааныг шингээсэн ардын дуу сэтгэлийг минь яах аргагүй хөндөж байна. Мөн тэр бол анхны бүтээгч буюу дуучин, сонсогчийг холбосон уянга зүрхний татлага юм. Тийм ч учраас ардын дуугаа дуулах бүртээ нутаг ус, хүмүүн байгаль, газар дэлхий, булаг шанд, цэнхэг агаар, тарган сүрэг, нарны туяа, одод мичид, эцэс төгсгөлгүй тэнгэрийн хаяа тодроод байдаг. Тайзан дээр дуулах ба хээр чөлөөтөй дуулах мэдрэмж өөр ч гэсэн би аль алинд нь дуртай. Би хээр ганцаараа дуулах шиг чөлөөтөй мэдрэмжээр урлагт хандахыг бүх хөгжимчиддөө захидаг. Дуулах гэдэг хүнийг хязгааргүй баярлуулдаг гэж би боддог гэж дуучин Намгар догдлон ярьж байлаа.


Өнөөдөр дуучин Намгар дэлхийн 30 гаруй улс оронд аялан тоглолтоо хийж, Германы “Fusion” дуу хөгжмийн наадам, “Oslo” жааз хөгжмийн наадам, Шанхайн олон улсын дуу хөгжмийн наадам зэрэг дэлхийд алдартай дуу хөгжмийн наадмуудад тоглож, “Хатиръя”, “Nomand”, “Өвгөдийн хойчис”, “Наян наваа”, “Khusel” гэх таван CD цомгуудаа өлгийдөн авчээ. Үүнд “Наян наваа” цомгоо бүтээхийн тулд маш олон түүхэн материал, архив баримтуудаас сурч судалсан гэдэг. “Наян наваа” дууг хамгийн анх 1912 онд буриад малчдын дуулсныг оросууд бичлэг хийж үлдсэн байдаг аж.

Байтан байтан байтан нь
Багын минь аялгуу
Бада, Ёго хоёр нь
Буриадын минь нутаг аа…

Өвгөдийн бүтээсэн өв их аялгуу, хишиг болгонд нь гүн санаа шингэж, үг бүхэнд нь мэргэн ухаан нуугдаж байдаг. Ардын дуугаа яг уугуул хэлбэрээр нь дуулах бол бид өвөг дээдэстээ хүрэх хамгийн дөт зам юм. Тэр утгаараа Намгар энэхэн дэлхийн хаа газарт дуулж явсан ч нэг л зангаараа, түүний хувьд дуу хөгжим бол төгсгөлгүй ертөнц юм. Тийм ээ, дуулах бол өөртэйгөө хамгийн ойр байх шударга хором гэлтэй. Тэрээр дуулж эхэлмэгцээ төрсөн нутгийнхаа уул усанд буцсан юм шиг өнө эртний аялгууг зүрхээрээ мэдэрч, энэрэнгүй агаад уламжлалаа хадгалан үлдээж, дэлхийн олон газрын янз бүрийн шилдэг хөгжимчидтэй хамтран ажиллах хүсэл эрмэлзэл сэтгэлд нь хөвөрч байдаг.

Дуучин Намгартай яриад суухад их хөгжилтэй, намуухан зугаатай буриад аялгуу бүхий ярианы дунд хааяа хааяа эртний монгол үгс цуварна. Мишээл тодорсон борхон царай, тас хар хурган гэзэг, хянга босоо хамар, цогтой гялалзах хос нүд нь яах аргагүй эртний туулийн доторх ухаант хатдыг бодогдуулмаар. Өмнө нь Хятад улсад хэдэн удаа ирж тоглож байсан, энэ удаад Өвөр Монголд ирээд энэ нутгийн ард түмний ахуй заншилтай танилцсандаа их баяртай байгаа гэх юм. Мөн Өвөр Монгол нутагтай дуучин Цахар Тугчийн Урнаатай дэлхийн хэмжээний тайзанд олон удаа хамтран тоглож байсан бөгөөд Ордос ардын дуу “Зандан хүрэн”-г тэр бүсгүйгээс сурсан гэнэ. Тийнхүү энэ удаа Хөххот дахь тоглолтоо “Зандан хүрэн” дуугаараа эхлүүлж, Өвөр Монголчуудын хайр хүндлэлийг хүлээсэн юм.

Намгарын дуунд эртний өвгөдийн шившлэг буюу дуу хөгжмийн сахиус оршдог гэж надад санагддаг. Элчилгүй гүн цэнхэр Байгал далайн хөвөөнд амьтан зургаан зүйлийн өтлөхгүйн сэтгэлгээ, өвдөхгүйн баясгалан дунд Намгарын дуу хөгжмийн ид шид оршном.

Хартай гансрах, шартай зовохын цагт ардын дуугаа сонсмогц “эм дом” болж, маш хурдан тэнхэрдгийн учир утга нь дуу хөгжмийн амь энергийн хүч бөлгөө гэж боддог. Үнэхээр дуучин Намгардаа “Жангар”-ын туульд гардаг “Сахисан чинь өршөөж, Санасан чинь бүттүхэй” гэсэн өлзийтэй ерөөлийг дэвшүүлэн нийтлэлээ жаргаая.

Улирлын чимэгт модод хурын усанд гангарна
Уйтай “Бада, Ёго” хоёр нь сэтгэлийн тольтонд цалгина
Анабад их далайн хөвөөнд “цагаан үүлс” нь хурна
Аниргүй мөнхийн тоосонд өнчин “ёохор” хатирна…

Зохиогч: Э.ТЭРГҮҮН
Найруулагч: Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж : SOLONGONEWS.MN
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл