solongonews
Орхиж явсан эцгээ тэд хэзээ ч уучлахгүй...
2015-12-28 18:21
Гэвч аавгүй өслөө гээд муу хүн болчихдоггүй болохоор өчнөөн олон бяцхан үрс ээжээрээ л энэ ертөнцийг төсөөлөн мэдэж байгаа. Хожмын хойт өдөр ижийгээ тэд тэнгэрийн дайтай өргөж, хүний дайтай амьдруулах их хувьтай улс. Харин орхиж явсан эцгээ тэд хэзээ ч уучлахгүй...
Хэвлийдээ үрээ тээж буй тухайгаа найз охин нь хэлсэн тэр өдрөөс хойш тэр залуу эргэж ирээгүй юм. Нэг ч удаа залгаагүй, нэг ч удаа эргэж хараагүй. Есөн сарын турш түүнийг хүлээж, үрээ гээд эргээд ирэх болов уу гэсэн горьдлогоор цаг хугацааг элээсэн юм тэр бүсгүй. Нэг л өдөр төрөх орон дээр нулимсандаа норон хэвтэхдээ “Яг одоо тэр минь хүүгээ гээд ороод ирээсэй” гэж хэчнээн их хүлээсэн гээч.
 
Ангир үрийнхээ анхны дууг сонсох тэр мөчид л бяцхан хүүд нь өөрөөс нь өөр хэн ч байхгүйг бүсгүй тэгэхэд ойлгожээ. Хамтын амьдрал, өнөр өтгөн гэр бүл, нялх үрсийнхээ инээд хөөрөөс татгалзаж газрын гаваар орсон тэр эрд ээж, хүү хоёр голдоо ортол гомдож явдаг. Гэлээ гээд цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй болохоор нуган үр нь цэцэрлэг, сургуульд орж, бүсгүй ч ганцаардах завгүй ажиллаж, орой нь ирээд хайртай хүүгийнхээ хацрыг үнэрлэхээс илүү жаргалыг хаанаас ч олохгүй явна. Үртэй болсноо дуулаад ор мөргүй алга болсон хувь тавилангийн бэлэг даагаагүй хулчгар эрийг тэр хоёр хэзээ ч уучлахгүй...
 
Амьдралыг ор хөнжлийн жаргалаас өөрөөр төсөөлдөггүй, үр хүүхдээсээ татгалзаж амин хувийн хүслээсээ өөрийг боддоггүй эрчүүд ядаж амьтдаас суралцаасай. Оюун ухаант хүний төрлийг олж, хаан ухаанаар ертөнцийг тольдох их хувь заяаг өвөрлөж төрчихөөд адгуус амьтдаас долоон доор, хүний гэх үнэрээ гээсэн эрчүүдийн хажууд үр төлөө халамжлан асрагч эр амьтад хэчнээн зуу дахин илүү. 
Хойд туйлын үхлийн хүйтэн хэмд ч оцон шувуунууд үр төлөө хэрхэн өсгөж бойжуулдгийг бид зурагтаар зөндөө л харсан. Эм нь өндгөө гаргачихаад хэдэн сараар хоол хайн одоход эрэгчин нь өнөөх үр төлөө хэвлий дэх тусгай дулаан ялгаруулдаг уутанцартаа хамгаалан өсгөнө.
 
Ингэхдээ тэд эмэгчингээ иртэл өндгөө өөрөөсөө салгана гэж байхгүй. Хэчнээн өлсөж, хэчнээн даарч, хэчнээн ядарсан ч шүү... Нэг л эмэгчинтэйгээ насан туршдаа ханилж, үр зулзага, өөрийн үргэлжлэлийнхээ төлөө амиа алдсан ч хамаагүй хамгаалан тэмцдэг. Яагаад гэвэл туйлын үхлийн гэмээр цаг уур өндгийг нь хоромхон хугацаанд л хөлдөөх аймшигт хүчтэй болохоор тэр. 
 
Ийм нандин, энэрэнгүй их ухаан амьтанд хүртэл заяагаад байхад гайхамшгийн дээд гэгдэх оюун ухаант хүний төрлийг олж төрсөн зарим эрчүүд үр хүүхэдтэй боллоо гэж дуулаад л бүсгүйгээ хаяж, газрын гаваар одож, хүний ёсонд үгүй зан гаргаж байна. 
Гэвч аавгүй өслөө гээд муу хүн болчихдоггүй болохоор өчнөөн олон бяцхан үрс ээжээрээ л энэ ертөнцийг төсөөлөн мэдэж байгаа. Хожмын хойт өдөр ижийгээ тэд тэнгэрийн дайтай өргөж, хүний дайтай амьдруулах их хувьтай улс. Харин орхиж явсан эцгээ тэд хэзээ ч өршөөхгүй...
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл