Энэ сарын 1 буюу хүүхдийн баярын өдрөөр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, гарч баяраа тэмдэглэж чадахгүй байгаа бяцхан үрсэд баяр хөөр бэлэглэх өдөрлөгийг “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн эчнээ 1-р курсын 2014 оны 3-р багийнхан санаачлан зохион байгуулсан юм. “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн багш Д.Отгонтуяа хүний эрхийг түгээн дэлгэрүүлэх даалгавар өгснөөр энэхүү сайн үйлсийн аяны эхлэл тавигджээ. Улмаар тус багийн 8 гишүүн болох Арнаазул, Хишигсүрэн, Пүрэвсүрэн, Өлзийсайхан, Гансүх, Намуун, Саруул, Эрхэс нар “Хүний эрх хүүхдээс эхлэлтэй” гэсэн уриатайгаар Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй багачуудад эрхийнх нь талаар боловсрол олгох мөн баяр хөөр бэлэглэхээр шийдсэн байна.

Гэртээ гараад баяраа тэмдэглэж чадахгүй суугаа алаг жаахан үрсэд жаргал бэлэглэх энэхүү өдөрлөг халуун сэтгэлт олон сайхан хүмүүсийн дэмжлэгээр халуун дотно болж өнгөрсөн юм. Энэхүү өдөрлөгт “Global brigde” компани Европын №1 “Libero” брэндийн хүүхдийн живхээр бяцхан үрсэд бэлэг барилаа.

Сайн үйлсийг дэмжигч “Made in Thailand” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр хүүхэд багачуудад үлгэрийн баатруудын зурагтай өхөөрдөм хөөрхөн шаар, бөмбөлөгнүүдээр мөн бэлэг барьсан бол “Тв коктейл” хамтлагийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Цолмонбаяр, Бяцхан мисс тэмцээний ялагч Ц.Мичидмаа нар урлаг уран сайхны гэнэтийн бэлгүүдээ дэлгэсэн юм.
Энэ үеэр зарим хүнтэй уулзаж сэтгэгдлийг нь сонссоноо хүргэж байна.
“Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн эчнээ 1-р курсын 2014 оны 3-р багийн гишүүн Н.Гансүх:Бид үр хүүхэддээ хамгийн сайхан нийгмийг үлдээх ёстой
-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийг баярлуулахаар ирсэндээ их баяртай байна. Өнөөдөр энэ өдөрлөгт маань маш олон хүн гарын бэлэг бэлэглэснээс гадна “Global Bridge” компани “Libero” живхээрээ бэлэг барьсанд үнэхээр их талархаж байна. Мөн сайхан сэтгэлт залуусын төлөөллүүд хүүхдийн үлгэрийн баатруудын зурагтай шаарнуудыг бас авчирч бэлэглэлээ.
-Таны ярилцлагыг уншиж байгаа ээж аавуудад хандаж та юу гэж хэлэх вэ?
-Аз жаргалын үндэс нь аз жаргалтай гэр бүл. Тэр тусмаа бидний үр хүүхэд аз жаргал юм шүү дээ. Тиймээс бид сайхан нийгмийг үр хүүхдүүддээ үлдээх ёстой. Хүн бүр нийгмийн хариуцлагынхаа үүднээс эцэг эхийн хайр халамжийг хүртэж чадахгүй байгаа хүүхдүүдийг баярлуулах ёстой. Бяцхан үрсийнхээ эрүүл энх, аз жаргалтай амьдралын төлөө эцэг эхчүүд маань маш өндөр хариуцлагатай байгаасай гэж хэлмээр байна.
“Global bridge” компанийн Хүүхдийн живх хариуцсан брэнд менежер Э.Дэлгэрмаа:Хүүхэд багачуудын эрүүл мэнд энэ амьдралын эрхэм эрдэнэ юм шүү
-Юуны өмнө энэхүү сайн үйлсийн өдөрлөгт хүрэлцэн ирж, хүүхэд багачуудад “Глобал Бридж” компани “Libero” живхийг бэлэглэж байгаад маш их баярлалаа. Та өөрийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Манай “Global Bridge” компани олон чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг. Үүний нэг нь Швед улсаас оруулж ирдэг Европын №1 хүүхдийн живх болох “Libero” юм. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд хэвтэн эмчлүүлж байгаа, гараад баяраа тэмдэглэж чадахгүй байгаа хүүхдүүдэд амьдралд нь урам зориг өгч, баяр баясгаланг нь хамтдаа хуваалцахын тулд “Шихихутаг” дээд сургуулийн оюутан, залуус болон Монголжингоо.мн сайтын залуучуудын санаачлагаар энэхүү хүмүүнлэгийн сайн үйлсийн аянд хамтран оролцож, бүтээгдэхүүнийхээ дээжийг хүүхэд багачууддаа гардуулсандаа маш их баяртай байна. Манай компани Libero живхийг хүүхэд багачууддаа худалдаалахын зэрэгцээ “Глобал бридж” ХХК-ийн дэргэдэх “Libero” сайн үйлсийн сангаараа дамжуулан сайн дурын тусламжийн аяныг байнга зохион байгуулдаг. Бид тархины саажилттай, нугасны ивэрхийтэй хүүхдүүдэд тус дэм болох үүднээс хүүхдийн эмнэлэг, саажилттай хүүхдийн цэцэрлэг, сувилал, төрийн бус байгууллагуудтай жил бүр хамтран ажиллаж Libero брэндийн живхээр хандив тусламж үзүүлсээр ирсэн билээ. Тиймээс ч манай сан хүүхдийн сайн сайхны төлөө байнга санаа зовниж, хүүхдэд чиглэсэн сайн үйлсийн аяныг дэмжин оролцож нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх зорилтыг эн тэргүүндээ тавьдаг даа. Хүүхэд багачуудын минь эрүүл мэнд энэ орчлонгийн эрхэм эрдэнэ шүү дээ.
-Танай компани хүүхэд багачуудын эрүүл амьдралын төлөө байнга санаа зовниж, сэтгэл гарган ирсэнд гүнээ талархлаа илэрхийлье.
-Баярлалаа. Энэ удаагийн өдөрлөгийг санаачлан зохион байгуулж байгаа залуустаа, хамтарч байгаа олон сайхан сэтгэлт хүмүүстээ ч мөн адил талархаж буйгаа илэрхийлье.
Бид зөвхөн сайн үйлсийн аянд нэгдээд зогсохгүй Монголын үрсийг маш олон болоосой гэсэн ерөөлийг өдөр бүрийнхээ ажилд шингээн ажилладаг. Үүний маань нэг илрэл нь Улаанбаатар болоод хөдөө орон нутагт байгаа төрөх эмнэлгүүдэд мэндэлж байгаа бяцхан иргэддээ “Libero” живхнийхээ дээжийг байнга гарын бэлэг болгон бэлэглэж ирсэн. Энэ үйл ажиллагаа маань сүүлийн 3 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байна.
-Таны ярилцлагыг уншиж байгаа эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандаж та юу гэж хэлэх вэ?
-Ээж аавуудад хандаж хэлэхэд хүүхдийн эрүүл мэнд живхний зөв хэрэглээнээс эхэлдэг юм шүү. Хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө живхийг зөв хэрэглэж, бас зөв сонгож сураарай гэж хэлье.
