Миний зүрхэн дэх өргөст цэцэрлэг
2015-12-28 18:21
Би гурван дүүтэй, тэднийгээ харж хандах ажилд үг дуугүй л томилогдоно. Энэ амаргүй албыг улам бүр хүндрүүлдэг нэгэн шалтгаан бол миний хойд аав байлаа. Аавын “Энэнээс чинь л боллоо” гэх дуу дээр доргүй хадаж, ээж минь “Чи миний ганцыг ад үзэх нь үү?” гэж ирээд л нус нулимс уйлаан майлаан болно. Ингэх тоолонд хүүхэд насны минь бяцхан ертөнцөд өргөс шивдэг байж.
Сайн байцгаана уу? Монголжингоогийн элэгсэг дотны анд нөхөд, ах эгч дүүс минь. Би танай “захидал ирлээ” буланд үгээ дэлгэж, сэтгэлээ нэг сайхан уудлана даа, гэж бодон бодон явсаар өдийг хүрлээ. Гэсэн ч дотоод ертөнцийн зовинолоо энд л тайлж, зүрхнийхээ гүн дэх өргөст цэцэрлэгтээ нэг боловч цэцгийн үр суулгаж болох юм гэж бодлоо. Тэрхүү цэцгийн үр нь “Монголжингоо”-г шимтэн уншигч та нараас минь ирэх урмын сайхан үг юм шүү дээ. Би айлын ууган охин. Гурван дүүтэй, тэр утгаараа дүү нараа харж хандах, асарч энэрэх ажилд үг дуугүй л томилогдож таарна.
Энэ амаргүй албыг улам бүр хүндрүүлдэг нэгэн шалтгаан бол миний аав байлаа. Угтаа хар нялхаасаа л “аав” гэж дуудаад дасчихсан хэрэг. Нэгэнт л ингэж дуудаад сурчихсан хойно, ээжтэй минь ханилаад бас гурван хөөрхөн дүүтэй болгож өгсөн ахыг насан туршдаа “Ааваа” л гэнэ байх. Бага байхын л надаас шалтгаалах, эс шалтгаалах жижиг сажиг зүйлсээс болж гэрээр нэг хэрүүл маргаан дэгдэж, заримдаа зодоон цохиондоо тулдаг байлаа. Аавын “энэнээс боллоо” гэх дуу дээр доргүй хадаж, ээж минь “Чи миний ганцыг ад үзэх нь үү?” гэж ирээд л нус нулимс уйлаан майлаан болно.
Ингэх тоолонд нь хүүхэд насны минь бяцхан ертөнцөд өргөс шивдэг байлаа. Аягатай хоолондоо цаадахгүй ч, аавынхаа харцнаас эмээн нэмж чадахгүй байх гаслан. Аз жаргалтай байх ч эрхгүй тийм л нэг гунигт ертөнцөд би өссөн. Өнгөтэй өөдтэй нэг боловч зүйл хэрүүлийн шалтаг шалтгаан болдогсон. “Миний охинд ийм зүйл алга л байна, адилхан авч өгөхгүй, хэнийг нь ялгаад байгаа юм гэж” ээжийг минь хэрүүлийн үгсээр булахаас эмээн, хэдэн жил өмссөн хувцастайгаа л гүйдэг байлаа. Амралтын өдрүүдээр гараа зулгартал гурван дүүгийнхээ хувцас хунарыг угааж индүүдэн, нуруугаа бөхийтөл гэрээ цэвэрлэж, тэдний гаргасан алдаа бүрийн өмнө аав ээждээ загнуулж өнгөрсөн, эвий хонгор хүүхэд нас минь дээ.
Өдөр өдрийн тэр таагүй бүхэн өргөст цэцэрлэг болоод ургана чинээ санасангүй явж дээ, би. Нэг л мэдэхэд би хорь гарч, хайрлаж дурлан үерхэж дурлах насандаа ирлээ. Хамгийн сайхан дурсамж, нандин бүхнээ хуваалцах дотны хүнгүй байх ямар гунигтай бас өрөвдөлтэйг яс махандаа шингэтэл мэдэрсэн дээ. Оюутан ахуй цагтаа “Биеийн тамир”-ын дээд сургуулийн нэгэн оюутанд сэтгэл алдарлаа. Хязгааргүй тэр хүсэл мэрэмжээ даран байж, хэн бүхнээс нууцлан нууцлан дотносож билээ. Нэг л өдөр би жирэмсэн болсноо мэдсэн юм. Энэ нь надад баяр баясгалан гэхээсээ илүүтэй хар дарсан зүүд мэт санагдана. Шинэ хувцас өмсөх нь ч илүү үзэгддэг оюутан надад хүүхэд тээнэ гэдэг байж боломгүй зүйл. Тиймээс л бид хэвлийдээ бойжих ариухан ертөнцөөсөө зүрхээ зүсэн байж хагацсан юм даа.
Тэр цагаас хойш миний зүрх өргөсөөр дүүрч, цэцэг дэлгэрэхээ байчихсан. Өөдөсхөн жаахан охин байхдаа л тэр цэцэрлэгээ өдөр бүр усладаг байсан. Одоо миний хойд аав энэ хорвоод байхгүй л дээ, тэнгэрийн оронд очсон доо, хөөрхий. Гэхдээ л “хорин хэдхэн насандаа олсон хүүхдээ тээж төрүүлсэн бол гараасаа хөтлөөд л гүйж яваа” гэх харамсал үлдээгээд явчихсан юм. Одоо намайг харсан хэн боловч хөгжилтэй, цовоо ганган дэгжин бүсгүй гэж хардаг. Гэхдээ хэн нэгнийг хайрлах, хайрлуулахын ертөнцөд нэвтрэх хэцүү. Өргөст цэцэрлэгийг минь хэн нь ч мэддэггүй. Жаргалтай явахаас ч бэргэдэг зовлонт хүүхэд нас минь, насанд хүрсэн ч гэлээ хөндүүрхэн санагдана. Тиймээс би “Хэн боловч харагдаж байгаа шигээ байдаггүй.
Бусдын хангалуун амьдралд бүү атаарх. Учир нь чи, түүний зовлонгоор зовж үзээгүй” гэж өөртөө шивнэдэг болсон юм. Хэдийгээр олон удаагийн зодуурыг нь амсаж байсан ч хаяад явсан аавын минь орон зайг чадахаараа нөхсөн тэр л ахад гомддоггүй юм. Энэ яваа насаараа “Ааваа” гэж дуудан элгээ дэвтээн явсан аавыгаа өргөст цэцэрлэгт минь цэцэг дэлгэрэх үр суулгасан гэдэгт эргэлздэггүй юм. Тэр үр цаг нь болохоор аяндаа л соёолно. Тэр болтол би тэвчээртэйгээр хүлээнэ ээ. Миний зүрхэн дэх өргөст цэцэрлэгт хайрын хур орох хүртэл...
Нархан
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
