solongonews
Өөрийгөө хайрлаарай.
2015-12-28 18:21
Сайн байна уу? Бүсгүй минь. Эмэгтэй хүн бүрт айлын эзэгтэй, хөөрхөн хүүхдүүдийн ээж болох онцгой үүрэг ноогддог. Гэвч бүсгүй хүн бүр адилгүй. Өөрт тохиолдсон, өөрийгөө шинэчилсэн аргаасаа хуваалцая . Би их удаан хөдөлгөөнтэй, аливаа зүйлд хянуур нямбай ханддаггүй зантай л даа...
 
Ээж эгч хоёр маань хичээнгүй, ажилч хүмүүс учраас гэрийн ажлаас холуур өслөө. Энэ алдаа дутагдал миний амьдралд маш их хор нөлөө үзүүлж эхэллээ. Хэдхэн жилийн өмнө би гэрийн эзэгтэй болж, хөөрхөн хүүгийн ээж боллоо. Хөдөлгөөн удаантай учраас ханиа, хүүгээ, гэр орноо хүссэнээрээ арчилж тордож амждаггүй байлаа. Үүнийгээ мэдрэх тусмаа л өөртөө бухимдана. 
 
Хичээгээд ч амжуулаагүй зүйлсдээ өөрийгөө буруутгаж, хэн ч хүсээгүй байхад уучлал гуйна. Сэтгэл дотроо байдаг л муу зан чанаруудаа тоочино.  Нэг л мэдэхэд өөрийгөө хорвоогийн хамгийн муу эмэгтэйгээр тодруулчихаж. Энэ зан маань аажим аажмаар ил гарч, нөхрийнхөө, ах дүүгийнхээ өмнө би муу гэж амаараа хэлж эхэллээ. Нэг өдөр хань минь зөөлнөөр... би чамайг хэзээ ч муу, бүтэлгүй гэж бодож байгаагүй, битгий өөрийгөө ингэж бод, битгий муу хэл гэж билээ. Энэ мөчөөс л би “хүн өөрийгөө юу гэж бодно, түүн шигээ байдаг” гэдэг үгэнд итгэсэн юм даа.
 
Одоо би удаан хөдөлгөөнтэй байхгүй юм шүү гэж хичээдэг болсон. Ажлаа амжуулахын тулд төлөвлөж, эрт босдог боллоо. Ажилдаа явахдаа өмсөх хувцасаа бэлдэж тавина. Бүр өмсөж үзнэ. Ямар харагдахаа төсөөлөн бодоод баяр хөөртэй амардаг болсон доо. Миний хувьд хамгийн их эрч хүч өгдөг зүйл үсний засалт.
 
Тиймээс аль болох сэргэлэн цовоо, цоглог эрчтэй харагдуулахаар үснийхээ засалтыг өөрчлөөд дуртай дуугаа аялаад л урамтай ажилдаг болсон юм. Орой гэр рүүгээ яарна гэж жигтэйхэн. Учир нь хамгийн аз жаргалтай орчин минь тэр учраас. Багаасаа л дадал зуршил болсон удаан хөдөлгөөнөө өөрчилж, засаж чадаагүй ч, сэтгэл бодол, амьдралынхаа дадал зуршлыг жаахан өөрчлөхөд л ийм их үр дүнд хүрсэн юм даа.
 
Сэтгэл дотроо үргэлж тээдэг “Би яасан удаан, унхиагүй юм бэ?” гэсэн бодол маань өдрөөс өдөрт замхарсаар л байна. Хааяахан энэ бодол минь өдөөгдөөд л ирнэ. Харин би тэр дор нь сарниулах аргаа дор нь олчихоно. Муу бодол төрмөгц “Би удаан ч гэсэн нямбай хийж дуусгана,  жаахан хичээвэл гялалзуулчихана даа, эсвэл үүнийг амжуулсны дараа гоо сайхандаа анхаарч, хөөрхөн болно” гэх мэтээр сөрөг муу бодлоо эерэг бодлоор солидог болсон доо.
 
Одоо би эрч хүчтэй байна. Бүсгүйчүүдээ цаг тутамд бодлоо үйлдлээ хянаж, өөрийгөө хайрлаж байгаарай. Өрийгөө чин сэтгэлээсээ хайрладаг хүн, өрөөлийг ч бас хайрлаж чадна гэдэгт эргэлздэггүй. Би өдөр бүр хичээх болно. Учир нь би хүүгийнхээ өмнө муу ээж, муухай эмэгтэй баймааргүй байна. Бүсгүйчүүдээ өөрийгөө тордох арга туршлагаасаа хуваалцаарай.   
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл