solongonews
DIY:Багадсан хувцсаараа багачууддаа гоёл урлая
2015-12-28 18:21
“Одоо үед хүүхдийн хувцаснаас шилээд сайныг нь авъя гэхээр үнэтэй. Хамгийн гол нь хүүхдийн хувцас маш амархан багаддаг. Тиймээс би багадсан, томдсон хувцаснуудаараа хүүхдүүддээ хувцас оёод өгчихдөг юм. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүддээ витамин худалдаж авч өгдөг” гэж Д.Ариунжаргал ярьж байна.
DIY:Багадсан хувцсаараа багачууддаа гоёл урлая
Гэрийн эзэгтэй нар маань бяцхан үрсээ өсгөж хүмүүжүүлэх хамгийн чухал нандин үүргийг хүлээн тодорхой хугацаанд гэртээ суудаг. Энэ хооронд цагийг үр бүтээлтэй өнгөрөөхийн хамт эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй, өрх гэрийнхээ амьдралд нэмэртэй ямар зүйл хийж болох вэ. Энэ асуултад ээжүүд маань янз бүрээр хариулах байх. Тэгвэл facebook-д “Сэтгээд урлахуй” хэмээх өөрийн хуудсаа нээж, бусдадаа үлгэр дууриал болж буй нэгэн уран эзэгтэйг Монголжингоогийн ээж нартайгаа танилцуулж байна.
Д.Ариунжаргал хэмээх энэ бүсгүй орчуулагч, нягтлан мэргэжилтэй, бас юм оёх авьяастай нэгэн. Хоёр хүүхдийн халамжит ээж тэрээр гэрийнхэндээ хэрэгцээтэй хувцас, хэрэглэлийг багадсан болон томдсон хувцсаа ашиглан чадамгай урласаар иржээ. Хүүхдүүдийнхээ өдөр тутмын хувцаснаас авахуулаад гэрийнхээ цагаан хэрэглэлийг хүртэл өөрөө оёчихдог болохоор энэ нь өрхийн төсөвт ч багагүй хэмнэлт авчирдаг байна. 
“Эмэгтэй хүн, гэрийн эзэгтэй хүн юм оёдог байх шаардлагатай гэж боддог. Заавал мэргэжлийн төвшинд биш ч өөрөө өөрийнхөө болоод гэр бүлийнхээ хэрэгцээний юмыг оёчихдог байх хэрэгтэй” гэж Д.Ариунжаргал хэлсэн юм. Тэрээр анх хүүхдэдээ хувцас авах үед цэвэр даавуун биш, бас амархан бөөгнөрдөг зэрэг сул талуудыг ажиглажээ. Түүнээс хойш өөртөө итгэлтэйгээр биед эвтэйхэн, ойр зуурын хувцсыг нь оёж эхэлжээ. Уран ээж маань ойрхон хоёр хүүхэд гаргасан, хоёр жил гэртээ суух хугацаандаа чамлахааргүй сайхан хувцсыг үрсдээ бүтээжээ.  
“Одоо үед хүүхдийн хувцаснаас шилээд сайныг нь авъя гэхээр үнэтэй. Хамгийн гол нь хүүхдийн хувцас маш амархан багаддаг. Тиймээс би багадсан, томдсон хувцаснуудаараа хүүхдүүддээ хувцас оёод өгчихдөг юм. Ингэж хэмнэсэн мөнгөөрөө хүүхдүүддээ витамин худалдаж авч өгдөг” гэж Д.Ариунжаргал ярьж байна.
Түүнчлэн юм оёдог байх нь олон хэмнэлтийг авчирдгийг тэрээр онцолсон юм. Тухайлбал, хувцас захиалгын газраар үйлчлүүлэхэд ганц өмд хасуулахад л 4000 төгрөг болжээ. Тиймээс эзэгтэй хүн ийм юманд хий хоосон мөнгөө зарлагадахгүй байхыг хичээх нь чухал аж. 
Түүний “Сэтгээд урлахуй” хуудастаа тавьсан зургуудыг ээж нар маань харж байгаа байх. Энэхүү хуудсаараа дамжуулан Д.Ариунжаргал маань үе тэнгийн олон гэрийн эзэгтэй нартаа хэмнэлт хийх энгийн аргаасаа хуваалцахыг хүсч байна.
Тэрээр багадсан, томдсон, өмсөхөө больсон хувцсаа ашиглан зундаа охиндоо даашинз, богино өмд, малгай, цамцыг нь, өвөлдөө ноолууран малгай, ороолт болоод өмдийг нь оёод өгчихдөг бол сүүлийн үед биеийн тамирын хослол оёдог болжээ. 
Монголжингоогийн бусад ээжүүд маань түүнээс санаа авч гар дээр байгаа өмсөхгүй хувцсаа ашиглан багачууддаа гоёл урлаарай. Дараа нь тэдгээр бүтээлээсээ Монголжингоогийн ээжүүдтэйгээ хуваалцана гэж итгээд, хүлээж байна шүү. 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл