solongonews
Хариуг нь хайн шаналсаар явна аа хайр нь
2015-12-28 18:21
Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ захидал очих өдрийн мэнд хүргье.


Эргэх хорвоогийн жаргал, зовлон ээлжлэн солигдох
Эргүүлэгт энэ амьдралд эргэж уулзахгүй үүрд орхигдон хоцорсон
Эмзэг зүрхний гүн шархыг сэдрээн байж
Эзэндээ очихгүй болсон ч бичигддэг захидлынхаа
Ээлжит нэгэн дугаарыг та бүхэнд илгээлээ.
Халхын голын мөнхийн харуул
Хар санаатны мөнхийн айдас
Хүрэн зүрхний мөнхийн эзэн
Хайртдаа бичсэн зуу зуун захидлын минь нэг та бүхэнд очиж байна. Би хайрттайгаа танилцсан гэгээлэг түүхээ бичсэнгүй. Зөвхөн түүндээ хэлэхийг хүсч явсан сэтгэлийн гүнд хадгалагддаг хэдэн үгийг бичлээ.
Сайн байна уу? Хайрт минь хэмээн
Санасан сэтгэлийн хэмжээлшгүй үгсээ
Сайхан чамдаа хэлэх гэж
Сар жилийн газарт өртөөлөн хүрэх захидлыг
Сийрүүлэн бичиж сууна.
Чамдаа бичих захидал минь цаг хугацаа улиран өнгөрөх тусам багасч байгаад
Чи минь бүү гомдоорой.
Чамайгаа гэсэн сэтгэл чин зүрхэнд минь анхных шигээ
Хүүхэд зангаараа хувирахгүй үүрд бадамлах зул болон мөнхөрнө.
Чамдаа би ямар их хайртайгаа зүйрлэн хэлэх үгийг олж ядна.

 

Би чамтайгаа хамт өнгөрүүлсэн дэндүү богинохон ч гэсэн жаргалтай байсан үеэ дурсан дурсан энэ захидлыг бичиж сууна.
Дэндүү эрх дураараа, зөрүүд намайг ухааруулах гэж хичээсэн сэтгэл чинь биднийг холбох ийм сайхан хайр болно гэж мэдээгүй, нэгнийгээ дийлэх гэж өрсөлдөж үг хэлээрээ тэмцэлдэж байх үедээ бидэн 2 бие биедээ дасаж хорвоогийн нэгэн гэрэл гэгээ болсон сайхан хайрын түүхээ эхлүүлсэн.

 

Төрсөн өдрийн баяр дээр баяр нэмж, ариухан цагаан цас, анхны хайрыг дагуулсаар амьдралд минь баяр баясал нэмж чи минь наддаа ирсэн. Бидний хайр бухал өвсөнд ассан түймэр шиг дүрэлзэж байхдаа гэнэт бөхөхийг хэн хэн маань мэдээгүй явсан. Бурхан чамайг минь надад заяасан шигээ буцаагаад л авчихсан аймшигт шөнийг би хэзээ ч мартахгүй. Мартахыг хичээсэн ч бидний зүрх сэтгэлээрээ холбогдсон ариун хайр, чамайг гэх сэтгэл минь мартуулсангүй.
 

Чиний минь сүүлийн инээмсэглэлд
Чин зүрхний чинь хайр шингэж
Чимээгүйхэн ширтэх харцанд чинь
Эх орноо гэсэн зүрхний цохилт нуугдаж байсан болохоор чамайгаа би хориж дийлэлгүй явуулахдаа ахиад хэзээ ч харахгүй үүрд алдаж байна гэдгээ мэдээгүй.
Чи минь эх орны хүү нь
Эрдэнэт хилийн ганхахгүй багана нь
Аав ээжийнхээ амин үр нь
Ариун хайрын минь эзэн болж төрөөд
Тоост хорвоод алхах хугацаа ахархан байсан ч бүү гутраарай.
Торгон хилийнхээ ариун шугамыг хамгаалж
Халуун амь бүлээн цусаа урсгасан
Хөх чонын удамт Монгол цэргийн түүхэнд
Хэзээ ч ганхахгүй сүлдэт багана
Төрүүлж өсгөсөн эцэг эхийнхээ сэтгэлд
Өнө мөнхөд амьд сэрүүн байх хүү нь
Хувиршгүй ариун хайрандаа
Хэзээ ч бөхөхгүй, дальтрахгүй
Мөнхийн бадамлах гэрэлт зул болон үлдсэн юм шүү.
Бурханд чи минь дэндүү хэрэгтэй болохоор
Буцаагаад биднээс авсан байна уу?
Буруу бодолтныг оруулахгүйгээр
Торгон хилээ манахыг хараад
Буг чөтгөр нь хилэгнэн хорлосон байна уу?
Хариуг нь хайн шаналсаар явна аа хайр нь.
Тэргэл сартай шөнө чамайгаа зүүдлэн
Тэмүүлэн догдолсоор уулзаад сэрэх юм.
Бирд байгаад хүслийг минь асуувал
Би эд хөрөнгө, эрх мэдлийн алийг нь ч хүсэхгүй
Зөвхөн чамтайгаа байдаг
Зүүдний ертөнцдөө үүрд үлдэхийг хүснэ.
За баяртай хайрт минь
Зүүд нойрны ертөнцөөр чамтайгаа аялах
Зүйрлэшгүй аз жаргалдаа умбая даа.
Хорвоогийн жамаар хүний орчлонд эргэн төрөх
Хувь тавилан чамд минь тохиоход
Өрөөл бусдад биш наддаа л заяагаарай.
Өмнөх амьдралд чинь хангалттай хайрлуулсан болохоор
Үлдсэн амьдралдаа чамайгаа өөрөөсөө илүү хайрлан харамлая.

Дорнын хилийн мөнхийн харуул болсон
Домогт Халх голын офицер асан хайртдаа
Догшин хутагтын өлгий нутаг
Домог амилан шаргалтсан говиос
Чиний эрх жаахан бүсгүй чинь

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл