solongonews
Хүүхдийн ам гэмтвэл содтой усаар арчаарай
2015-12-28 18:21
Ээжүүд үргэлж бие биеэсээ сурцгааж байдаг даа. Нялх нярай, бага балчир насны хүүхдийн асаргаа сувилгаа энгийн хэрнээ хэрэгжүүлэхэд бас л амаргүй. Урьд өмнө нь сонсож байсан хэрнээ л хүүхдээ өвдөхөд сандарч тэвдэн мартаж орхидог. Хоёр хоногийн өмнө ам нь гэмтсэн хүүгээ тэвэрсэн ээжтэй таарлаа.
 
Өвчиндөө шаналсан хүү дөрвөн хоног юу ч идэлгүй ядарч сульджээ. Ээж нь ч бас хүүгээ тордохыг чармайн нойр хоолгүй явсан байна. Өлссөндөө өмөлзөвч идэж чадахгүй дэмий л уйлах хүүгээ тэвэрсэн ээж ам нь гэмтсэн хүүхдийг хүйгээр нь домнодог гэж байна, морины амгайгаар ч бас домнодог гэнэ гэх зэргээр олон арга чарга хайна, эм ч бас уулгасан байна. 
 
Гэтэл үнэндээ ам нь гэмтсэн хүүхдийг эмчлэх арга их энгийн болохыг судалж мэдлээ. Залуу ээжүүдэд хэрэг болж магад гэж бодсоных. Хоёр хувийн содын уусмал бэлдэн хөвөнд шингээн зөөлөн арчина. Арчихын өмнө гараа сайтар угаагаад содын уусмал шингээсэн хөвөнгөөрөө хуруугаа ороон арчина.
 
Өдөрт 3-4 удаа хүүхдийнхээ амыг цэвэрлээрэй. Мөн зөгийн балаар арчиж цэвэрлэж болдог. Зөгийн бал ширхэгтэй байвал үр дүнтэй. Хэрвээ содын уусмал, зөгийн бал хоёрын аль алин нь байхгүй бол ёотонгоор орлуулж болдог байна. Олон ээж хүүхдийн ам заавал гэмтдэг гэсэн ташаа ойлголттой байдаг. Хүүхдийнхээ хэлний өнгөрийг удаан цэвэрлэхгүй байх, эсвэл тоглоом наадгайг нь цэвэрлээгүйгээс өвчин үүсгэгч нян хүүхдийн аманд орж гэмтээдэг.
 
Хэрвээ та хүүхдийнхээ тоглоомыг сайтар угаах, хөхүүлснийхээ дараа хүүхэддээ бага боловч ус өгч заншвал ам гэмтэхээс сэргийлж чадна. Хөхний сүүнээс үлдсэн үлдэгдэл өнгөр үүсгэнэ. Энэхүү өнгөрийн жаахан хэсгүүд нийлж бижирүүтэн өвчин үүсгэснээр ам гэмтэхэд хүргэдэг байна шүү. Тиймээс бага насны хүүхдийнхээ амыг өдөр бүр цэвэрлэж заншаарай.
 
Нархан 
 
  
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл