solongonews
Чамайг сонгосон бяцхан бурхдыг битгий буцаагаарай
2015-12-28 18:21
Хүнд хүнээс илүү эрхэм зүйл гэж үгүй болохоор хэдэн бор төгрөг, хэдэн жил суух албан тушаалаас болж зүрхнийхээ анхны цохилтыг хүртэл зөвхөн ээждээ хаяглаж ирсэн ариухан үрсийг буцаах хэрэггүй.
Үр минь хэвлий дотор минь хэрхэн хөдөлж эхэлснийг санаж байна. Гэдсэн дотор минь ямар нэг юм гүрвэс гүрвэс хийгээд хөдлөх шиг, эрвэгнэх шиг. Нэг л хачин мэдрэгддэг юм билээ. Яг л тэр мөчид эх хүн хэмээх нэгэн бие цогцос, цаглашгүй их хайр энэрлийн диваажин болсон юм шиг санагдсан. Тэр өдрөөс эхлээд үрийнхээ хорвоод мэндлэх өдрийг тэсэн ядан хүлээсэн дээ. 
Хань бид хоёр шинэ хүн хүлээн авах гэж байгаагаа мэдээд хэлэхийн аргагүй их баярласан. Хүүхэдтэй болсон эсэхээ үзсэн анхны тестээ хүртэл би хадгалчихсан байдаг гэвэл итгэх үү. Төрөхийн орон дээр хэвтээд үрийнхээ анхны дууг сонссон тэр мөч миний амьдралын хамгийн үнэтэй цаг үе. 
 
Би боддог юм, хэчнээн хоосон нойтон байлаа ч үр хүүхдээ төрүүлнэ гэж шийдсэн, өсгөнө гэж зүтгэж яваа ээж аавуудыг харахаар өөрийн эрхгүй бахархал минь төрдөг. Хэчнээн баян хэрнээ хэвлийд нь өөрийг нь ээж ээ гээд амь гуйгаад ирсэн бяцхан бурхдыг буцааж байгаа сэтгэл нь ул болсон хүмүүсийн дэргэд тэд жинхэнэ баячууд юм шиг санагддаг. 
 
Хүнд хүнээс илүү эрхэм зүйл гэж үгүй болохоор хэдэн бор төгрөг, хэдэн жил суух албан тушаалаас болж зүрхнийхээ анхны цохилтыг хүртэл зөвхөн ээждээ хаяглаж ирсэн ариухан үрсийг буцаах хэрэггүй. 
Саяхан арван жилийн дүү маань урлагийн үзлэгтээ бэлдэж байгаа тухайгаа надад хэлсэн юм.
 
Тэдний тавих жүжиг “Хүлээлт” гэдэг нэртэй. Ээжийнхээ хүсээгүй хүүхэд болж ирснийхээ шанд буцаж буй, хэвлийд нь амиа алдаж буй хүүхдүүдийн яриагаар тэд жүжгээ тавих гэж байгаа юм билээ.
 
Энэ тухай сонсоод өөрийн эрхгүй сэтгэл сэрдхийсэн. Гэхдээ өсвөр насныхан хүний амь нас хэчнээн үнэтэй, хэвлийд бий болж буй үрс ямар их хайр энэрлийг бидэнд авчирдаг шигээ тийм их гэгээн цагаахнаар амьдралыг төсөөлдгийг нэг нэгэндээ ойлгуулах гэж буйд нь би баярласан. 
 
Магадгүй тэдний энэ жүжиг тайзан дээр амилсны дараа өөрийгөө өсвөр насны хүүхэд гэж голоод эх болох үүргээс хэн нэгний амийг таслан байж чөлөөлөгдөх гэж буй охидод ухаарал, хайр, үрээ хайрлах сэтгэлийн эр зориг өгнө гэж би итгэсэн. 
Монголжингоогийн найз нар аа, харин та нар минь энэ тухай юу гэж боддог вэ. Бүгдээрээ саналаа хуваалцацгаая. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл