solongonews
Сургуулийн насны хүүхэдтэй ээж бүхэнд зориулав
2015-12-28 18:21
Хүүхдүүд маань өдрийн ихэнхийг хичээл сургууль дээрээ өнгөрүүлдэг. 6-8 цаг, агаар нэвтрэхгүй синтетик, нейлонон эдлэлд биеэ баглуулж сууна гэдэг ямар байхав? Энэ эрс тэс ялгааг манай эцэг эхчүүд бас нэг үеэ бодвол бодолцдог болжээ. Ноосон даавуугаар хийсэн хувцас гэдэг үнэхээр өөр, эсгэхэд хүртэл хонины ноос ханхалдаг юм шүү дээ.
Хүүхдүүд маань өдрийн ихэнхийг хичээл сургууль дээрээ өнгөрүүлдэг. 6-8 цаг, агаар нэвтрэхгүй синтетик, нейлонон эдлэлд биеэ баглуулж сууна гэдэг ямар байхав? Энэ эрс тэс ялгааг манай эцэг эхчүүд бас нэг үеэ бодвол бодолцдог болжээ. Ноосон даавуугаар хийсэн хувцас гэдэг үнэхээр өөр, эсгэхэд хүртэл хонины ноос ханхалдаг юм шүү дээ.
 
Сонголт биднээс хэзээ ямагт зөв буруугийн дэнсийг шалгаж байдаг. Тэр тусмаа эмэгтэйчүүд, эзэгтэй бидэнд гэр бүлийнхээ төлөө хийх асар олон сонголт нүүр тулдаг шүү дээ. Бид юмыг их тулгадаг зантай гэхүү, 9-р сарын 1 дөхөнгүүт л хүүхдийн дүрэмт хувцас, хичээлийн бэлтгэл гээд гүйцгээдэг. Цагийг нь тулгасан юм буруудах талдаа илүү их. Хүүхдүүддээ ямар дүрэмт хувцас сонговол дээр вэ? Үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээ сонгох уу? эсвэл хятадынх уу?Ээжүүд маань энэ эргэлзээнд эртнээс зөв хариулт, онсон сонголт олох нь чухал. Тиймээс Монголын Оёдлын НэгдсэнХолбоог /МОНХ/ зорьж очлоо.  
 
-Үндэсний үйлдвэрлэгчид  2013 онд “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас” гэж төсөл боловсрууласан нь Монгол улсын Засгийн Газраар дэмжигдэж ЕБС-ийн сурагчдын дүрэмт хувцсыг 2013-1014 оны хичээлийн жилээс эхлэн үндэсний үйлдвэрүүдээс нийлүүлэх тогтоол батлагдсан. Хэрэглэгчдэд хүрч байгаа ямар давуу тал байна?
Ч.Оюунцэцэг:/“Шилмэл загвар” компаний захирал, МОНХ- ны ерөнхийлөгч/
-Энэ төслийг хэрэгжүүлснээрхамгийн наад зах нь эцэг эхчүүдийн орлогын ялгаа харагдахаа больж, хувцсаар өрсөлдөх хандлага үгүй болсон. Үүнээс улбаалан хүүхдийн сурах идэвх, өөртөө итгэх итгэл дээшилж байгаа юм. Олон хувцас солиод байхгүй болчихлоор гэр бүлийн эдийн засагт бодит хэмнэлт гарч байгаа.Улсын хэмжээнд нийт 70-аад үйлдвэрийн 3000 гаруй ажиллагсад хамрагдаж, өнгөрсөн хугацаанд 500 гаруй мянган хүүхдийг ноосон даавуугаар үйлдвэрлэсэн ижил загварын дүрэмт хувцсаар хангасан. Нэг үгээр улсын хэмжээнд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг 85%-ийн түгээлттэй ажилласан.
 
Шинэ юм бүхэн бэрхшээлтэй тулгардаг. Бүтээгдэхүүнээ хэрэглэгч түмэнд таниулах, дадал болгох ажил өнгөрсөн хугацаанд болж өнгөрлөө. Эхний жилийг бодвол 2 дахь жилээс хүмүүс их нааштайгаар хүлээн авч эхэлсэн. Эх орны үйлдвэрийн энэ бүтээгдэхүүний давуу талыг хэд хэдэн зүйлээр онцолж болно. Монгол хонины ноосоо боловсруулж даавууг өөрсдөө хийж байна. Ноос самнах, угаахаас аваад ээрэх сүлжих гээд хичнээн олон шат дамжлага дамждаг билээ, тэгэхээр зөвхөн оёдлын үйлдвэрийн 3000 гаран ажиллагсад биш, малчид ХАА-н салбарынхан болоодболовсруулах үйлдвэрийн олон арван хүн ажлын байр, цалин хөлс, хийж бүтээх итгэл урам аль алийг нь авч чадаж байна. Сурагчдын дүрэмт хувцасны материал хүүхдийн эрүүл мэндэд маш эерэг сайн талтай. Учир нь, ноосон утасны харьцаа их өндөр, ноосны орц их болохоор манай орны нөхцөлд тохиромжтой, дулааныг сайн хадгална, агаар салхи чөлөөтэй нэвтрүүлнэ. 
 
-Манайхан өөрийн орны бүтээгдэхүүний чанарыг мэддэг болжээ. Нэг хэсэг хятадын дүрэмт хувцас үнэ хямд, нейлонон болохоор бөөсөрдөггүй гэлцдэг байсан.
-Импортоор  оруулж ирж худалдаалдаг сурагчийн дүрэмт хувцас болохоор үнэ хэдийгээр хямд боловч чанарын хувьд эрс өөр. Голдуу дахин боловсруулсан хоёрдогч түүхий эд ашиглаж хийсэн, синтетик материал. Үүнийгээ биежүүлэхийн тулд наалт зэргийг зориулалтын бусаар хийдэг. Харахад гөлчгөр, сайн материал шиг харагдавч, дахин боловсруулсан синтетик гэдэг хүний биед эрүүл ахуйн талаасаа маш муу. Ийм бага зардал өртгөөр бүтээсэн даавуугаар оёж байгаа болохоор мэдээж  бүтээгдэхүүн үнэ хямд гарч байгаа.Эцэг эхчүүд хямдыг нь харж урдаас орж ирсэн импортын хувцас сонгоно гэдэг хүүхдийнхээ эрүүл мэндийг бодолцолгүй өрөөсгөлөөр шийдэх хохирол дагуулдаг. 
 
-Аливаа зүйлийг таньж сонгоход тухайн бүтээгдэхүүний онцлог талуудыг сайн мэдэх хэрэгтэй. Та “Эх орон шингэсэн эрдмийн дүрэмт хувцас”-ны талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
М.Нэргүй:  /“Бүтээлч үйлс” компаний захирал, МОНХ- ны гүйцэтгэх захирал/
-Ноолууран бүтээгдэхүүн өмсөж эдлэхээр бөөсөрдөг шүү дээ. Хонины ноосон утсаар нэхсэн даавуу мөн л адил, жаахан бөөсрөх талтай ч эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх чанар талаасаа энэ бол асуудал биш. Өнөөдөр хүнсний аюулгүй байдал сэтгэл зовоож байна. Үүнтэй нэгэн адил, монголчууд бид үнэ өртөгний хямдыг харж, хоёрдогч түүхий эдээр Эрээнд үйлдвэрлэсэн хувцас эдлэлийг хэдий болтол хэрэглэх вэ. Ийм сонголтоос татгалзаж, үр хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодох цаг хэдийнээ болсон. Хүүхдүүд маань өдрийн ихэнхийг хичээл сургууль дээрээ өнгөрүүлдэг. 6-8 цаг агаар нэвтрэхгүй синтетик, нейлонон эдлэлд биеэ баглуулж сууна гэдэг ямар байхав? Энэ эрс тэс ялгааг манай эцэг эхчүүд бас нэг үеэ бодвол басбодолцдог, ухаалаг сонголт хийдэг  болжээ. Ноосон даавуугаар хийсэн хувцас гэдэг эсгэхэд хүртэл хонины ноос ханхалдаг юм шүү дээ. Будаг гарахгүй, биед суулттай, тун эвтэйхэн.Хэрэглэгчид маань энэ бүхнийг мэддэг болсон. Эхний жилд мэр сэр гарч байсан хэл ам одоо бол үгүй болж, эх орныхоо эзэндээ ээлтэй үнэнч эд бүтээгдэхүүнийг илүүд үздэг болсон нь илт харагдаж байгаа. 
 
-Иж бүрдэл дүрэмт хувцаснаас ээжүүд маань хүүхдэд хэрэгцээтэй байгааг салгаж худалдан авах сонирхол их байдаг.
-Тэгэлгүй яахав. Жакет бол ихэвчлэн жил бүр аваад байх шаардлагагүй жишээний. Хойтон жил нь хүүхдэд цамц нь таарч байхад өмд нь богинодчихдог, ийм бол өмдийг нь дангаар нь авч болно. Иж бүрдлээс хэрэгцээтэйгээ сонгож авах бүрэн боломжтой.
 
-Үйлдвэрлэл гэдэг улс орныхөгжлийн нэг үндэс. Оёдлын үйлдвэрт эмэгтэйчүүд голлож ажилладаг. Эндээс танд алсын ямар дүр зураг харагдаж байна?
Д. Эрдэнэбилэг: /“Торгон хийц” компаний захирал, МОНХ- ны гишүүн/
-Эх орон гэдэг юунаас эхэлдэг вэ гэвэл бие биеэ дэмжих сэтгэлээс эхтэй гэж би боддог юм. Малчин айлын хотонд байдаг ноос сайхан даавуу болж, эргээд үр хүүхдүүдэд маань хэрэгцээт бүтээгдэхүүн болж байна. Хүүхэд хичээлийн 1 жилд дүрэмт хувцсыг 184 хоног өмссөн байдаг. Тэгэхээр өдөр тутмын хэрэглээ талаас нь ч бодсон, эдийн засаг талаас нь ч тэр,дүрэмт хувцас бол хүүхдийн зайлшгүй шаардлагатай  хамгаалах хэрэгсэл. Үйлдвэрүүдэд маш олон ээж ажиллаж байгаа, олон ээжийн ард маш олон хүүхэд, ар гэр нь байдаг, энэ л олон ээжийн ард аж үйлдвэр маань байдаг, бас олон мянган ээжүүдийн маань санаа нийлсэн үйлс зорилгын ард эх орон маань багтаж байдаг. Энэ бол бидний эхлүүлсэн ажил үйлсийн гол давуу тал нь юм шүү дээ.
 
-Үйлдвэрлэл болоод бизнесийн зорилго нь зөвхөн ашиг орлого олохын төлөө байдаггүй. Харин ердийн өрсөлдөөнөөс хамаагүй илүү үнэ цэнэтэй, тодорхой нэгэн зорилгод хүрэхийн төлөө байдаг... Энэ талаар таны бодлыг сонсъё.
Ч.Буянбаатар: /“Өүлэн менч” компаний захирал, МОНХ-ны гишүүн/
-Тийм шүү.Бидний гол зорилго бол улс орныхоо хөгжлийг өөд татахын тулд үйлдвэржилтийн царааг тэлье гэсэн бодлого. Юун түрүүнд импортын чанаргүй барааг халж, өөрсдийнхөө үр хүүхдийг өөрсдийн сэтгэл зүтгэлээ шингээж хийсэн дүрэмт хувцсаар хангая. Ноосон даавуу үйлдвэрлэх эхлэлээ цаашдаа өргөжүүлж, улмаар импортоор орж ирэх бөс бараа, даавуунд зарах үнэтэй валютыг гадагш урсгалгүй,зардлыг эх орондоо шингээе. Эх орныхоо баялгийг ашиглаж, өөрсдийн чадамж бололцоондоо тулгуурлан ажлын байраа өсгөе. Эх орондоо баялаг бүтээгчид болцгоож, эх орондоо мөнгөө үлдээе гэсэн зорилготой. Малчид маань хонины ноос, түүхий эдээ боловсруулах үйлдвэртээ өгдөг, энэ нь эцсийн бүтээгдэхүүн болж эргээд хэрэглэгчдийн гарт хүрдэг энэ урсгал бүгд л эх орны нэгэн цогц бодлогод зангилагдаж гэмээнэ бид өөрчлөлтийг өөрсдөөсөө эхлэгчид, хөгжлийг бодитоор бүтээгчид болцгооно.
-Монголдоо мөнгөө үлдээнэ гэдэг үнэтэй бодлого шүү.
Ч.Оюунцэцэг: /“Шилмэл загвар” компаний захирал, МОНХ- ны ерөнхийлөгч/Тийм шүү дээ. Тухайлахад солонгос хүн манай оронд өөрсдийн онгоцыг хөлөгдөж ирээд, солонгос эзэнтэй будалд тухалж, солонгос хоолны газар, дэлгүүр, саун, үйлчилгээний газруудыг л сонгож, солонгос утсаа л барьдаг. Ганц ч төгрөг монголд үлдээдэггүй, бүх мөнгөө буцаагаад өөрийнхөө улс руу татчихаж байгаа байхгүй юу. Энэ чинь эх орон гэсэн сэтгэлгээний нэг айхтар угшил байна аа даа. Бид тэгэхээр үр хүүхдүүдээ энгийн зүйл, эгэл сонголтуудаар эх орноо гэх амин халуун ийм дадал сонголтонд сургаж болохгүй нь юу билээ... 
 
-Та бүхэнд баярлалаа. Ур чадвартай олон ээжийг ажил хөдөлмөрөөр нэгтгэж, хүүхдийн сайн сайхны төлөө хийж байгаа гэгээн үйлсэд тань амжилт ерөөе.
Сурагчдыг ижил загварын дүрэмт хувцсаар жигдрүүлэх зорилтот энэ ажил эх орны үйлдвэржилт, эдийн засгийн чадамжийг нэмэх гэсэн дан ганц зорилго агуулсангүй. Амьдралд мөнгөөр хэмжиж болдоггүй олон зүйл байдгийн нэг нь хиргүй цагаахан цаас шиг хүүхдийн сэтгэлд амьдралын ялгаа, зиндаархлын хийрхлийг суулгахгүй, аливааг эд баялгаар ялгаварлалгүй өсгөх эрх чөлөөг нь томчууд бид олгох үүрэгтэй билээ. Сэтгэлзүйн энэ эрхэмлэгээ хүүхдийн өөртөө итгэх итгэл, хичээл сурлагад нь нөлөөтэйг дэлхийн улс орнуудын бодит жишээнээс анзаарч болно. Японд гэхэд сурагчдыг дүрэмт хувцсаар жигдрүүлдэг, цаг зүүхийг хориглодог, тэр ч байтугай аялал зугаалганд анги хамт олноороо явах үед ижилхэн хүнс бэлдүүлдэг. Энэ нь тэдэнд амьдралын ялгааг харуулахгүй гэсэн далд ухаан. Энэ санааг төслийн багийнхан эрхэм нэгэн зорилгоо болгожээ.
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл