Амаржаад эмнэлгээс гарахад нөхөр тань яаж угтсан бэ?
2015-12-28 18:21
Нөхөртөө хэрхэн төрсөн, хүү маань дөнгөж төрөөд л час гэж уйлсан гээд л олон сэтгэл догдлуулсан мөчүүдээсээ хуваалцана даа гэж бодсон би ханиа хараад юу ч дуугарч чадахгүй уйлаад л байсан. Хоолой зангираад л, бид хүүхэдтэй болчихлоо шүү дээ гэхээс л хэлэх үг олдохгүй, бөөн бөөн баяр, догдлолын нулимс хацар даган урсаж байж билээ.
Бүсгүй хүн бүрийн амьдралын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг нь хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гарах тэр үе. Нөхөр нь шинэхэн үрээ харна гэхээс тэсч ядан хүлээж, ах, эгч, эмээ, өвөө нь бяцхан дүүгээ, ач зээгээ үнсэнэ хэмээн баяр хөөрөөр дүүрэн байдаг сэтгэл догдлуулсан мөч тэр байдаг.
Есөн сарын турш хэвлийдээ үрээ тээж төрүүлсэн ээжүүдэд маань харин ямар мэдрэмж төрдөг бол.
Миний хувьд анхны хүүхдээ төрүүлээд эмнэлэгт дөрөв хоносон. Улсын эмнэлгийн хүрэлцээ муу, өрөөний зай талбай бага. Хаа сайгүй нярай хүүхдүүд уйлалдаад л. Ээжүүд нь унтах ч завгүй хүүхдээ хуурайлж, хөхүүлнэ. Энхрий жаахан үрээ элгэндээ тэврээд, хөхөө хэрхэн хөхөж байгааг нь харахад өөрийн эрхгүй их хайр ундарч гараад л. Юм бүхэн шинээр эхэлж байгаа мэт хамгийн гайхалтай мэдрэмж тэр байсан.
Эмнэлэгт ийнхүү завгүй хэдэн өдрийг өнгөрөөгөөд гэртээ гарах болоход хэчнээн их баярлаж догдолсон гээч. Нөхөр, ээж аав минь эмнэлгийн гадаа хүү бид хоёрыг хүлээгээд хөл нь газар хүрэхгүй бөөн хөөр. Уг нь гараад нөхөртөө хэрхэн төрсөн, хүү маань дөнгөж төрөөд л час гэж уйлсан гээд л олон сэтгэл догдлуулсан мөчүүдээсээ хуваалцана даа гэж бодсон би ханиа хараад юу ч дуугарч чадахгүй уйлаад л байсан. Хоолой зангираад л, бид хүүхэдтэй болчихлоо шүү дээ гэхээс л хэлэх үг олдохгүй, бөөн бөөн баяр, догдлолын нулимс хацар даган урсаж байж билээ.
Хань маань ч гэсэн юу ч хэлж чадахгүй уйлаад л жолоогоо бариад явж байсан. Хүүхдээ үнэрлэхдээ нулимс нь тогтож ядан баяраар бялхаж байсан. Ингээд гэрийнхээ босго давж аяга цай уусны дараа л бидний ам эвлэж хөөр баярын мөчүүдээ хуваалцаж эхэлсэн билээ. Энэ мөчийг би хэзээ ч мартахгүй байх.
Хүү минь одоо хоёр настай. Тун удахгүй тэр маань ах болно. Тэр мөчид надад анхны хүүхдээ төрүүлснээс ялгаагүй агуу их догдлол, хайраар цалгисан мэдрэмж төрөх байх гэж бодож байна. Харин Монголжингоогийн ээжүүд маань хүүхдээ төрүүлээд эмнэлгээс гарахад нөхрүүд нь яаж угтсан бол. Бас та нарт минь ямар мэдрэмж төрснөө хуваалцаарай.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
