Хичээл зүтгэлийг хувь заяаны бэлэг, аз жаргал дагадаг
2015-12-28 18:21
Хичээл зүтгэл бүхэн ялалт, баяр хөөр, бэлэг дагуулдаг гэдгийг энэхүү амьд туршлага бидэнд харуулж байна. Хамгийн гол нь түүнд чин сэтгэлээсээ итгэж, эргэлзэлгүйгээр амжилт, ялалтын оргил өөд тэмүүлэх зоригоо хурцлах л хэрэгтэй.
Гартаа таягаа атгаад муухан алхалдаг нэгэн эмэгтэй манай байранд амьдардаг юм. Баруун хөл, зүүн гар нь мэдрэлгүй болсон бололтой гэмээр гараа тахийлган, хөлөө зөөж ядан явдаг тэр бүсгүйн нүдэнд дандаа инээд гэрэлтдэг нь биширмээр. Дөрвөн давхар өөд ганцаараа таяг тулан арай чамай гарна, эргээд л шат уруудан модон “хөлөө” тог тог дугарган удаанаар уруудна. Түүнтэй дайралдах бүрт харц нь жаргал гэрэлтүүлэх нь санаанаас гардаггүй.
Өчигдөр хүүгээ салхилуулахаар байрны гадаах тоглоомын талбай өөд явлаа. Сандал дээр суухаар дөхөхөд өнөөх эгч маань таягаа сандал түшүүлэн сууж байв. Өөрт нь захирагдахгүй зүүн гараа баруунаараа илбэн, ямар нэг бариа засал хийх мэт. Энэ зуурт бас нэгэн эмэгтэй эсрэг талын сандал дээр ирээд суучихав. Эрүүл чийрэг, бадриун биетэй тэр бүсгүйтэй байрны эгч маань инээмсэглэн мэндлэн цаг агаар, үнэ ханш гээд л олон сэдвийг хаман ярьж амжлаа. Төдөлгүй өнөөх чийрэг бүсгүй харихаар одов. Түүнийг байр руугаа эрч хүчтэй, сэргэлэн цовоо нь аргагүй алхаж явахыг харах зуураа таягаа оролдон суусан бүсгүй надад хандан:
-Энэ бүсгүйн дөрвөн мөч нь мэдээгүй байсан юм гэнэ лээ. Тэргэн дээр суудаг, хүний гарт орчихсон байсан гэдэг. Гэвч өдөр бүр өөрөө өөртэйгөө тэмцсээр, их хүч гарган хөдөлгөөнтэй байхаар хичээсээр ирсэн гэсэн. Хөлөө хөдөлгөхийн тулд бүх л дасгалыг хийж, жаахан хөдөлдөг болохоор нь өглөө бүр энэ хорооллоо тойроод хэдэн цагаар ч хамаагүй, хэчнээн удаан ч хамаагүй алхдаг болсон гэсэн. Ийм байхад миний хөл, гарны зовиур бол юу ч биш юм билээ гэж би бодох болсон. Ингэж бодох болсноосоо хойш хүүхдүүддээ үүрүүлэн гардаг байснаа больж өөрөө алхаж, өөрөө бүх зүйлээ хийхээр хичээх болсон. Зүтгэл минь үр дүнтэй байгаа шүү. Ямар ч гэсэн зүүн гар минь мэдээ орж эхэлсэн. Баруун хөл минь гишгэхэд өвдөх нь багассан.
Гэж хэлэхэд хацарт нь баяр баясгалан гэрэлтэн байлаа. Тэр тун удахгүй таягаа “тэтгэвэрт” нь гаргахаар зэхэж байгаа юм билээ. Хөлөө улам сайжрахаар өглөөдөө жаахан ч гэсэн гүйдэг болно гэж надад ярьсан. Түүнтэй ийн ярьж, өөдрөг тэмүүлэл, хүслийг нь сонсч, бас дөрвөн мөч нь мэдээгүй болсон ч өөрийгөө ялан дийлж, дахин хөл дээрээ боссон эмэгтэйн түүхийг мэдэх энэхэн агшинд олон зүйл бодогдов. Эрүүл чийрэг, бие бүтэн яваа та, би, чи, бид бүгдээрэнд нь биелүүлж амжаагүй олон мөрөөдлөө гүйцэлдүүлэх тэрхүү хичээл зүтгэлээ сэргээх цаг болсныг сануулах мэт гайхамшигтай мэдрэмж төрсөн билээ.
Хичээл зүтгэл бүхэн ялалт, баяр хөөр, бэлэг дагуулдаг гэдгийг энэхүү амьд туршлага бидэнд харуулж байна. Хамгийн гол нь түүнд чин сэтгэлээсээ итгэж, эргэлзэлгүйгээр амжилт, ялалтын оргил өөд тэмүүлэх зоригоо хурцлах л хэрэгтэй.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
