solongonews
Хайрын баяр миний амьдралд ямагт үнэ цэнэтэй
2015-12-28 18:21
2-р сарын 14. Энэ өдрийг би насан туршдаа мартахгүй байх аа. Учир нь өөрийнхөө дотоод ертөнцийг энэ өдөр л уудалж хамгийн зөв, хамгийн зоригтой шийдвэр гаргасан гэж бодогддог юм. Тэгээд ч хүн бүрийн сэтгэлд хайрын тухай бодол сэтгэл байгаа цагт ямагт гэгээлэг сайхан дурсамж бүтээж байдаг байх. Нас дээр гарсан хөгшид бие биенээ халамжлан зэрэгцэн суух нь хайр. Залуухан хос биес зүгээр л нэг утсаар ярьсан ч бас л хайр.
Хайрыг хэмжиж, оноож, тодорхойлж болдоггүй нь гайхалтай. Сэтгэл тайван, цаанаа л эерүү байх нь хайр дүүрэн байгаагийнх гэж би хувьдаа боддог. Одоогоос яг 5 жилийн өмнө юмдаг. Би маш тод санаж байна. Мэдээж Валентины баяр байлаа. Гадуур цэцэг тэврэн алхах залуус, шоколад хайн дэлгүүрээр гүйлдэх охидыг харан өөрийн эрхгүй атаархан ганцаараа алхаж байлаа. Уг нь энэ баяраар охид сэтгэлтэй хөвгүүндээ хайраа илчилдэг гэсэн гэж бодон бодон алхана. 
 
Гэсэн ч надад тийм нэгэн залуу ч байсангүй. Ажил гэр хоёрын хооронд гүйсээр нэг л мэдэхэд хорь нас шувтрах дөхчихөж... Хайрын гэрэлт харц цацруулсан залуухан хосын гялбаан дунд ганцаардан яваа минь ичмээр ч шиг санагдана. Гэнэт л би өөртэйгээ тэрсэлдэж эхэллээ. Би яагаад ийм сайхан баяраар ингээд ганцаараа явах учиртай юм. Хэн нэгэн залууг баярлуулж шоколад бэлэглэсэн ч яадаг юм. Юу гэж л бодвол бодог гэж өөртөө хэллээ.
 
Энэ бодолдоо урамшин хамгийн ойрын дэлгүүр рүү гүйлээ дээ. Тэндээс жижиг том нийлсэн 5 төрлийн шоколад авч гоёмсог цаасан уутанд хийлгэлээ. Одоо тэгээд хэнд өгөх билээ. Хуруу даран бодож эхэллээ. Ер нь л хамгийн эхэнд үг дуу цөөтэй, дандаа л инээмсэглэж явдаг залуу хамгийн түрүүнд санаанд буулаа. Тэгээд л зориг гарган шууд утас руу нь залгалаа даа. 
 
-Байна уу, би тэр байна аа
-Аан за, яасан хө
-Чи ажил дээрээ хэд хүртэл байх вэ?
-Ингэсгээд гардаг юм бил үү гэж бодож байна.
-Одоо цаг хэд болж байгаан?
- Дөрөв өнгөрчихсөн 5 дөхөж байна.
-Чи намайг очтол ажил дээрээ байж чадах уу?
-Яах гэж байгаа юм.
- Би чамд шоколад өгөх гэсэн юм.
- Тийм үү? Ямар гоё юм бэ? Тэгвэл би хүлээж байя.
- Гэхдээ би их ажилтай яваа шүү. Ойлгоорой. Би Хайлаастад явж байна л даа.
- Аан за, би хүлээж байна аа.
-Чи амалсан шүү.
-Тийм ээ, тийм би чамайг хүлээнэ.
 
Ийм яриа болсны дараа сэтгэл минь гэгэлзэн хичнээн яарсан ч олон арван ажил араас чаргуулдаад нэг л мэдэхэд 18 цаг өнгөрчихлөө. Тэр өдрийн замын түгжрэл ачаалал их байсныг хэлэх үү? Явсаар байтал ажил дээрээ 20 цаг гэхэд орж ирлээ. Өнөөх залуу зөөлөн инээмсэглсээр хүлээж сууна. Өөрөөсөө нэлээд зориг гаргасан хэрнээ л өмнө нь ирээд ичиж орхилоо. Дотроо бол “Би ямар тэнэг зүйл хийгээд байна аа, ямар арван хэдтэй жаахан охин биш” гэж өөрийгөө зэмлэнэ. Гэсэн ч зориулан зориулан авсан бэлгээ өгч орхилоо. Оройтсон ч гэсэн гэртээ сэтгэл тэнүүн харилаа.
 
Цаанаа л нэг баяр төрнө. Гэнэтхэн мессеж ирлээ. Өнөө залуугаас... “Би чамд их баярласан шүү. Би анх удаа ийм гоё бэлэг авч байна. Өмнө нь хэн ч надад шоколад бас ийм олныг өгч байгаагүй. Ямар гоё амттай байна гээч... би гэрийхэнтэйгээ хувааж идэж байна” гэлээ. Энэ явдлаас хойш Валентины баярыг би гэгээлгээр харах болсон юм.
 
Дараа жил нь би ханьтайгаа танилцлаа. Хайрын баярыг тоолон тоолон хүлээсэндээ. Урьд жил нь хэнд бэлэг өгөхөө ч мэдэхгүй ганцаардан явсан бол энэ жил надад хайртай хүн байна. Ингэж бодохоор өөрийн эрхгүй догдлоно. Эгээ л аз жаргалтай хосуудын нэг адил дэлгүүр дэлгүүр хэсэн гоёмсог амттаны эрэлд хатан гүйлээ. Бараг л 30 шүргэж яваа ч ичих сэтгэл огтхон ч төрсөнгүй шүү. Нэлээд явсны эцэст зүрхэн хэлбэртэй шоколад түүндээ зориулан сонголоо.
 
Бас л удаан хүлээлт. Хайртай хүнээ баярлуулахын тулд өмнөх ажлаа гэрлийн хурдаар амжууллаа. Харин түүний минь ажил дуусдаггүй шүү. Бараг л 21 цагийн орчимд арай гэж уулзацгаалаа. Тэгээд ойр орчмынхоо нэгэн жижигхэн кафег сонгож хамгийн нандин бэлгээ өглөө. Намайг ингэнэ гэж огт санаагүй хань минь эхлээд ичингүйрэн авч чимээгүй өвөртөө хийлээ. Төд удалгүй цэцэг барьсан хэд гурван залуус орж ирлээ. Биесээ баярлуулсан нь харваас илт. Түүнийг харсан тэр минь өврөөсөө итгэлтэйгээр зүрхэн шоколадаа гаргаж ирэн ширээн дээр тавьсан юм.
 
Бидний хайрын цаашдын минь амьдралыг холбосон шиг зүрхэн хэлбэртэй амттан. Энэ мөчөөс л миний мөрөөдөл биелэсэн юм даа. Намрын ээвэр наранд хүүтэйгээ зэрэгцэн сууж, жимс жимсгэнэ идсэн шиг болжморын шулганаан шиг хүүгийнхээ яриаг ойлгож ядан өхөөрдөн суухсан гэж хачин их мөрөөддөгсөн. Энэ хүсэл минь яах аргагүй биелсэн дээ.
 
Хүүтэйгээ цэцэрлэгийн сандал дээр суун, амттан хувааж идэх бүртээ би тэртээд одсон хайрын баярыг өчигдрийнх юм шиг л санадаг юм. Ийм их хайранд умбахын тулд би Валентины баяраар зориг гаргасан юм. Тийм ээ би ганцаардлаасаа ангижрахын тулд өөрөө өөртөө хамгийн том шийдвэр гаргасан. Хайрын баяр миний амьдралд ямагт үнэ цэнэтэй.
       
 Нархан.
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл