solongonews
Нөхрөөсөө хүсдэг хүслийн минь жагсаалт
2015-12-28 18:21
Нэгэн үлгэр байдаг даа. Мөнгө олж, орон гэрээ тэжээх амьдралаасаа залхсан эр бурханаас “Миний амьдралыг эхнэрийнхтэй минь солиод өгөөч” гэж хүсчээ.
 
 Бурхан хүсэлтийг нь ёсоор болгов. Өнөөх эр тааваараа жаргана гэж санаж байв. Гэвч өглөө эрт босч гэр орныхныхоо хоол ундыг бэлтгэнэ, өдөр нь гэрээ цэвэрлэнэ, хувцас угаана, бага хүүдээ хоол хийж өгнө, дахиад л гэрээ цэвэрлэнэ, дэлгүүр орж хүнсээ цуглуулна, орой нь дахиад л хоол хийнэ, аяга, тавгаа угаана, арай гэж ажил дууслаа гэж байтал ор хөнжлийн ажил үлдсэн байв. Долоо хоног гэрийн ажил хийж сунаж унах шахсан эр бурханаас “Би өөрийнхөө амьдралаар л амьдаръя, эмэгтэй хүний ажил гэдэг чинь дуусдаггүй юм байна” гэж гуйсан гэдэг. 
 
Нээрээ л гэрийн эзэгтэй бидний ажил дуусах биш. Дээрх үлгэрт дурдагдсан шиг мөнхийн их ажил ундардаг ч цол гавьяа ямар байх биш. Ийм их ажил дунд хань нөхрийн минь халамж, хайр, тусламж ямар их хэрэгтэй байдаг билээ. Ядаж л орой ядарч унах шахан гэртээ орж ирэхэд аяга цай аягалж өгөөд, оройн хоолны ногоо ч гэсэн арилгаад өгдөг бол бас л нэг дэм шүү дээ. Энэ жишээн дээр тулгуурлаад би нөхрөөсөө хүсдэг хүслийнхээ жагсаалтыг гаргасан юм.
 
-Оройн хоолоо хамт бэлтгэх
-Хувцсаа ээлжилж угааж байх 
-Хүүхдийнхээ хоолыг ээлжилж хийж, ээлжилж өгч байх 
-Оройн хоолны дараа аяга таваг угаахад тусалж байх
-Өөрөө санаачлагаараа тоосоо соруулж, гэрээ цэвэрлэдэг байх
-Хүүхэдтэйгээ аль болох их тоглож, тэдний анхаарлыг өөртөө татах гэж чармайдаг байх 
-Хааяа ч гэсэн өглөөний цайнд хэрэгтэй чанасан өндөг зэргийг урьд орой нь санаачлагаараа бэлтгээд унтдаг байх 
-Санаачлагаараа хоол хийдэг байх 
-Сонин содон зүйл олж сэтгэж, гоё кино, үзвэрийн талаар мэдээлэлтэй байх 
-Гэнэтийн бэлэг байнга сэдэж олдог байх
-Ажлаасаа орж ирэнгүүтээ л шууд компьютер юм уу зурагт ширтээд суучихалгүй гэр орныхоо ажилд оролцдог байх
-Гадуур гоё хоолтой ресторан, зоогийн газруудын талаар мэдээлэлтэй байх
 
Зэрэг хэд хэдэн хүслийн жагсаалтаа бичлээ. Эдгээрийг нөхөр маань ганцыг нь ч гэсэн хэрэгжүүлдэг бол сайхан аа. Тэгэхийн тулд миний санаачлага ч бас дутахгүй чухал л даа. Харин Монголжингоогийн бүсгүйчүүд маань нөхрөөсөө, найз залуугаасаа юу хүсч тэмүүлж явдаг юм бол. Бүгдээрээ энд хүслээ бичицгээе. 
Монголхатагтай 
 
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл