solongonews
Уулсын оргил дуудна
2015-12-28 18:21
Уулын спортын ууган мастер, олон улсын хэмжээний мастерТөмөрбаатарын Ичинноров гавьяатын амьдрал хувь тавилан, хатан зориг тэвчээр эмэгтэй хүн бүрт эгэл амьдралын сургааль болж хүрээсэй...
Зуны дунд сар хэдий ч уулсын оргилд мөнх цас, мөсөн хавцлаар хүрээлэгдсэн дүн өвөл дүнхийж байлаа. Орой дээр зөвхөн алсрах тэнгэр. Доорхи хад, мөсөн цохионууд үүлэнд умбаад, хөвөн үүлс л нүүхээс биш эх газрын бараа алга. Тань-шанийн салбар уулсын хан тэнгэр оргилын 4200 м-ийн өндөрт байгаа хойно арга ч үгүй юм. Төдөлгүй шөнийн харанхуй нөмрөн цасаар шуурч эхлэв. Өлмийн дор тунарах үүлс шуурган харанхуйд уусах нь тэр.
 
 - “За Ичинноров оо, чи дээшээ авирсан Оросын 2 уулчныг бууж ирэхийг хүлээж байгаад хамтдаа урууд.Бид 2 бууж байя”
Хамтдаа авирсан дасгалжуулагч Чагнаа ингэж хэлээд Викторина хэмээх орос уулчинтай хамт доошилжээ.Бүтэн нэг өдөр өнгөрлөө, хэн ч ирсэнгүй. Хоосон майханд өмссөн хувцастайгаа үлдсэн Ичинноров хүлээлтийн зовлон, өлсөж даарахын гачаалд шаналж эхэлжээ... “Доороос л, миний араас л хүн ирдэггүй юм бол дээрээс 2 орос уулчин ирэх авралгүй боллоо. Ганцаараа доош бууя гэтэл замд ганц хүн гатлахын аргагүй 3 гүн хавцал бий. Азаа туршъя гэтэл төөрөхийн аюул бий. Идэх уух юмгүй, яалтай билээ. Ингэхэд би энд ганцаараа л цөлөгдөх нь энэ үү...”
 
Онгон зэлүүд ууланд ганцаардсан уулчин ингэж бодоод дэмий л мөсний ангалаар шургах харзын уснаас элгээ дэвтээв. Бартаа саад ихтэй сүрлэг  Хан тэнгэрийн оргилд авирах олон улсын багт Монголоос нэг тамирчин оролцуулах урилга ирэхэд спорт хариуцсан дээд байгууллага хэнийг явуулахаа хэлэлцээд уулын спортын ууган мастер олон улсын хэмжээний мастер Ичинноровын нэр дээгүүр орсон ч “Даанч нас нь явчихаж. Жар дөхчихсөн хүн яаж барахав” гээд хасах болжээ. “...Насыг минь тоолохоос урьдаж хүчийг минь сориод үздэг ч болоосой. Тэнхэл минь хүрэхгүй амиа алдлаа гэхэд хэнд ч гай тарихгүй. Тэртээ тэргүй оргилд зорих болгондоо л “үхэхэд гомдолгүй” гэсэн баталгаа гаргадаг юм чинь. Эрүүл чийрэг монгол эмэгтэй 60 насандаа ямар эрч хүч, тэсвэртэй байдгийг гадаадын хүүхнүүдэд харуулаад өгөх юмсан...”
 
Зүрх сэтгэлээ өгсөн уулсын оргил ингэж дууддаад болдогггүй. Тэгээд энэ санаагаа илэрхийлсэн өргөдөл бичээд П.Очирбат Ерөнхийлөгчид хандсан гэдэг. Ингэж л тэр хариуцлагатай үүргийг хүлээж олон улсын багт ороод хүсэл далласан Хан тэнгэрийн оргилд ирсэн нь энэ билээ.
Гаднаас жавар, дотроос нь өлний хүйтэн хайрч, хамаг бие нь сульдан мөнх цасны хордлогоор арьс нь хөөнгөтөн харлажээ. 2 өдөр, 3 өдөр, дөрөв, бүр таван өдөр өнгөрлөө. Хаа нэгтэйгээс хүсэмжлэн харуулдсан горьдлого нь цөхрөлөөр солигдож, цагаа тулахад дэндүү өршөөлгүй мэт хатуурхах хувь тохиолын өмнө аргагүйдэн уйлж суулаа.
 
 
Гаднаас жавар, дотроос нь өлний хүйтэн хайрч, хамаг бие нь сульдан мөнх цасны хордлогоор арьс нь хөөнгөтөн харлажээ. 2 өдөр, 3 өдөр, дөрөв, бүр таван өдөр өнгөрлөө. Хаа нэгтэйгээс хүсэмжлэн харуулдсан горьдлого нь цөхрөлөөр солигдож, цагаа тулахад дэндүү өршөөлгүй мэт хатуурхах хувь тохиолын өмнө аргагүйдэн уйлж суулаа. “Зовлон жаргалаа хамт үүрэлцсэн хань минь, ард хоцорсон алаг үрс минь” Энэ бодолтой зэрэгцэн сэтгэлийнх нь чанадад нандигнаж явдаг эрхэм хүмүүс, туулж өнгөрүүлсэн он жилүүдийнх нь дуртгал амилаад иржээ.
 
  Түүний хувьд ээж гэдэг хамгаас эрхэм хүн  байлаа. Арван тавхан настайдаа айлын бэр болж, жил тойроход Ичинноров энэ ертөнцөд мэндэлсэн юм. Ой дөхөж, өнгөрөөд байхад нь аав нь цэрэгт явж, ижий нь хэвлийдээ дүүгий нь тээгээд үлдсэн гэдэг. Төдөлгүй дүү Пэлжээ нь төрж гурвуулаа аав эзгүй өдрүүдийн өнгөнд алзахааргүй л аж төрцгөөж байв. Цагийн эргэлтэнд он жилүүд урссаар цэрэгт үдсэн ханиа хөтөл харуулдан хүлээсээр.  
 
 Төдөлгүй төрсөн эцэг нь гэртээ ирэхдээ баяр биш, өнчрөл ядуурлын балаг авчирсан гэдэг. Сургий нь сонсож өссөнөөс биш өвөр дээр нь эрхлэн дэгж  үзээгүй тэр хүн, гэрийг нь буулгаж тэмээнд ачаалаад хөдлөхөд хаягдаж үлдсэн ээж нь өвөөгийнд нь уйлаад л хоцорч. Харлаж үлдсэн буурин дээр анх айлын бэр болж ирэхэд нь ээжийнх нь өмчинд очсон хоёр хүрэн авдар, навтгар модон ор л торойгоод  үлджээ. Орхих орхихдоо орон гэргүй болгож үлдээсэн аавдаа балчир ариухан сэтгэл нь гомдол ариуслаар хургаж, ээжийгээ өрөвдөхийн хэрээр чадлаараа туслахсан гэж мэрийх болжээ. Хорвоогийн амьдрал цагаа болоход айхтар хатуу, хагацал үүгээр дуусаагүй юм. Муухай харж, чанга дуугарч үзээгүй зөөлөн зан, зөв үйлсээр өлгийдөж хүн болгосон ачлалт ижий нь амьдралын аянаас идэр залуухнаараа дөрөө мулталж, өнчин 4 хүүхэд өвөө эмээтэйгээ хоцорчээ. 1945 он гарахад Ичинноров 12 нас хүрч хот руу авч  явж  төрсөн аавтай нь уулзуулахаар ирсэн хойт эцгийгээ дагаад Улаанбаатарыг зорьж эгэл боргил хөдөөгийн ахуй, хайр энэрэл дүүрэн амар амгалан амьдрал нь ард хоцорчээ. Ингэж бяцхан охин төрсөн эцэг, хойт эхтэйгээ уулзсан төдийгүй ханьтайгаа таарах хувь ерөөл нь бас энд хүлээж байж. 
Төдөлгүй төрсөн эцэг нь гэртээ ирэхдээ баяр биш, өнчрөл ядуурлын балаг авчирсан гэдэг. Сургий нь сонсож өссөнөөс биш өвөр дээр нь эрхлэн дэгж  үзээгүй тэр хүн, гэрийг нь буулгаж тэмээнд ачаалаад хөдлөхөд хаягдаж үлдсэн ээж нь өвөөгийнд нь уйлаад л хоцорч. Харлаж үлдсэн буурин дээр анх айлын бэр болж ирэхэд нь ээжийнх нь өмчинд очсон хоёр хүрэн авдар, навтгар модон ор л торойгоод  үлджээ.
 
 
Энэ хооронд ихийг үзэж, их ч зовлон туулж, элэг нь эмтэрч, зүрх ша шархлам хатуу хүтүүтэй нүүр тулжээ. Эгээ л үлгэрт гардаг шиг хатуу хахир хойт эх нь бяцхан охиныг адлан зүхэж, зодож цохиж, өөрсөддөө хийсэн хоолноос ч аягалахгүй, шар будааны шөл голдуу хоол тусад нь  өгдөг байсан гэдэг. “Тогоо шанагаа хурдан угаа” гэж толгой руугаа цохиулж, орж гарах, босож суух бүртээ шоовдорлогдон зовж, үс нь бөөс хуурсанд баригдаж. Гэрээ санахын эрхэнд шөнө оргож, хөл нүцгэн зам дагаж гүйж яваад замын унаатай таарч, гэртээ хүргэгдэж ирж байсан нь ч бий. Өдөр өдрөөс өсч торниж байсан охинтой нүдэнд дулаахан залуу хааяадаа нууцаар уулзан үг сольж, улмаар ижилдэн дотносоод, сэтгэл алдран тэмүүлсэн нь нэгэн насны итгэлт хань нь байсан билээ. Залуу ингэж уулзахдаа ганц нэг чихэр боов өвөртөлж ирж өгнө. Үснийх нь бөөсийг түүж, үгийн халуун дулаанаар сэтгэлийн гунигийг нь үргээж, чухам үүгээр л Ичинноров амьд явахын хүслэнд чагтаглагдах цор ганц шалтгаанаа хийж байсан хэрэг.
 
  Уулзан учрахын хорвоо дэндүү өгөөмөр. Биеэр зүдэрч, сэтгэлээр бэтгэрсэн охиныг гэгээн элбэрүү сэтгэл, эгэл үнэн хайр ингэж түшсэн юм. Хайр гэдэг зөвхөн хэн нэгнийг хайрлаад зогсохгүй бусдыг, амьдралыг, модод, цэцэгс, эх дэлхийг хайрлах агуу их хүч хайрладаг. Сайн ханийн харамгүй шижир хайрын гэгээнд тэрбээр сэтгэлийн амар амгаланг эдлэн жаргасан эгэлгүй сайхан эмэгтэй. Энэнээс илүү баян амьдрал гэж бий билүү...
 
  Одоо түүнд бодлоороо хань хийхээс өөр арга байсангүй. Майхны доодхи цас биеийн халуунд хайлмагтан лагалдаж, нэг хэсэг дагжтал чичирч байснаа гэнэт халуу дүүгээд явчихна. Хамаг бие нь тэсэхийн аргагүй загатнан улам тамир шавхана. Уулын өвчин гэдэг амаргүй. Ингэж хэд хоногоор уулын тагтад байхад байтугай авирч явах замд л уулын өвчинд нэрвэгдэн, зарим тохиолдолд уулчид буцаж буухаас өөр аргагүйддэг үе бишгүй. Дээр нь тав хоног уснаас өөр унд хоолгүй хэвтсээр уруулаа ч шилэмдэж чадахаа болилоо.
“Хэдэн муусайн хүүхдүүддээ яаж ийгээд очих юмсан...” 
 
  Ичинноров гавьяат уулын спортод хөл тавьснаасаа хойш бэлтгэл сургууль, авиралт гээд тэднийгээ  аанай л орхиод гарна. 11 хүүхэд төрүүлсэн ч хувь тавилангийн оноолт ч байсан уу хагацал амсаж, 3 үрээ алджээ. Том нь багачуулаа асарч хөтлөн хүн болцгоосны хэрээр амьдралд бие даасан ухаалаг үрс нь ижий аавдаа бол гэнэн нялхаараа. 8 хүүхэд төрүүлж, бүр дөч гарчихсан хойноо 800 эмэгтэйгээс ганцаараа шалгаран тэнцэж ууланд анхлан авирах болж билээ. Цаг наргүй бэлтгэл дунд хөлийнх нь ул цэврүүтэж, далдхан сэм уйлж ч явсан тэр идэр нас мөн ч дурсгалтай.
Хамаг бие нь тэсэхийн аргагүй загатнан улам тамир шавхана. Уулын өвчин гэдэг амаргүй. Ингэж хэд хоногоор уулын тагтад байхад байтугай авирч явах замд л уулын өвчинд нэрвэгдэн, зарим тохиолдолд уулчид буцаж буухаас өөр аргагүйддэг үе бишгүй. Дээр нь тав хоног уснаас өөр унд хоолгүй хэвтсээр уруулаа ч шилэмдэж чадахаа болилоо.
 
 
  Төрж өссөн ус нутаг Ховд аймгийн Чандмань сум, Далтын өвөлжөөндөө, зовлон туулсан балчир насандаа бодлоороо эргэн очсон нь нэг талаар Хан тэнгэрийн 4200 м-ийн өндөрт орь ганцаар орхигдож хоцорсон  ганцаардлыг нь мартагнуулж, нөгөө талаар ээжийгээ санасан элэг зүрхий нь эмтлэн сэдрээж орхилоо. Хатуу хойт эхийн гарт шаналж байхдаа тэрбээр шөнө унтахдаа ч ижийгээ л үгүйлэн санагалзаж, халуун нулимсаараа хацраа исгэн чимээгүй мэлмэрүүлж, ижийгээ дэргэдээ байгаагаар төсөөлөн зай гаргаж унтдаг байлаа. Бурхан болсон хайртай ээж нь амьд сэрүүнээр барахгүй, амгалан нойрсож буй үрээ энрийлэн үнсэж байгаагаар зүүдлэдэгсэн...
 
Нэг мэдэхнээ гарт нь зөөлөн юм хүрээд байх шиг, нүдээ нээвэл 2 орос хүн зогсож байлаа. Судсыг нь барьж үзээд “живая” хэмээн баярлалдаж, хавагнасан хацар дээр нь үнсэхэд эр зоригийн спортод энэ амьдралаа зориулсан эрэлхэг уулчин эмэгтэйн  халуун нулимс хацар дээгүүр нь бөмбөрч байлаа.
Оросын уулчид “Нөгөө монголын эмэгтэй тамирчин яанаад үзэгдэхээ байв?” гэлцэн зэргэлдээх бэлтгэл баазад явж байсан дасгалжуулагч Чагнаагаас лавлавал 
“Зургаа хоногийн өмнө дээр үлдсэн.Ирээгүй юу?” гэж өөдөс нь асуужээ. Нөгөө хүлээж байсан 2 орос уулчин нь тэр хооронд өөр газраар буугаад оччихсон хэрэг байж. Ингээд Ичинноровыг эрж олуулахаар мөнөөх 2 орос уулчинг буцаан илгээжээ. Амьдрал гэдэг цагаа тулахад ийм өгөөмөр, заяа тавилан гэдэг ийм хувьтайсанж...
 
Тэнгэр мөрлөсөн өндөр уулсаас эх газраа бууж тэнхэрч аваад уулчин маань Оросын Люба болон Япон, Голландын тамирчидтай дөрвүүлээ баг болж сүрлэг Хан тэнгэрийн ноён оргилыг ахин  зорьлоо. Эгц элгэн хад, гөлгөр мөсөнд дөрвөн биесээ олсоор холбоод амь эрссэн хүслийн дуудлага өөд тэмүүлсэн юм. Орой дээр зөвхөн тэнгэр...өлмий доор нэвсгэр их үүлс... Хан тэнгэрийн 5000 м-ийн өндөрт хүрэхэд японы тамирчин цасны хордлогод орж бие нь тэсгэлгүй муудаад буцсан бол цааш жаахан ахиад голландын тамирчин бүсгүй агаарын нөхцөлийг даалгүй цусаар огиж сандарган мөн л буцжээ. Ичинноров, Люба хоёр өлмий даран авирсаар 6400 м-ийн оргилд 2 орныхоо тугийг хатган, зорьсон үйлсээ нэр төртэй биелүүлсэн билээ. Энэ түүх оргилын их мастерийн эх газраа дөрөөлөн мөнх тэнгэрт тэмүүлсэн олон зуун удаагийн амь дүйсэн авиралтын зөвхөн нэг нь. Хүч шавхахын зэрэгцээ аюулын ирмэгт амь өрөөтэй энэ талбарт өтөл нас гарсан хойноо ч үнэнч хэвээр л зогсож байсан. 62-тойдоо 7010 м-ийн оргилд хүрч, 75 тайдаа Цаст гималайн салбар ууланд алдраа дуурсган, 76-тайдаа Алтай 5 богдын мөнх цаст оргилд хүрч монгол уулчин эмэгтэйн гайхамшгийг мандуулж явсан. Улаанаар эргэлдсэн уулын үерт нэгийгээ алдаж, хавцлын ирмэгээс халин унах андаа харж гашуудан энэлж, Цамбагарав хайрханд  авиралт хийж яваад ирвэстэй тулгаран амь алдахын аймшигт тохиолоос эсэн мэнд мултарч, үхэлтэй үг солихоос наахнуур тийм л он жилүүдийг үдсэн. Уулын голын боргионд хүлэг морьдын давхиан сонсдохыг, Мөнххайрханы байц цохио салхины цохилтонд  төрсөн нутаг Чандманийх нь хөөмийн чуулгыг аялдагыг, Отгон тэнгэрийн оргил зоон дахь нуур орчноо тольдон туналздагыг мэдэрч, эгэлгүй тэр сайханд хөглөгдөж тэрбээр амьдарсаан...
 
Зовлонг ялж гарсан сэтгэлийн хатан тэвчээр хүнийг хэн бүхнээс илүү хүнлэг агаад хүчирхэг болгодог юмсанж... Амссан зовлон, туулсан замын бартааг сэтгэлийн хат, ухааны цараагаар туулж, хэцүү бэрхийг сөрж, үргэлж өгсүүр, үргэлж өөдөө явж  ирсэн оргилын их мастер, хатан зоригт эмэгтэй Ичинноров уулчны “Надад эр зориг, эрүүл мэнд, алдар нэр, аз жаргал хайрласан хан их уулс тандаа баярлалаа” гэж сүжирдэг сэтгэлийн  сайхан үгийг бүсгүйчүүддээ дуулгаюу. Энэ үгийг эгнэгт санаж, ажил хөдөлмөрөө аз жаргал болгож амьдрахын сайхныг хамтатган ерөөюү.
 
Гэгээ 
 
  
   
    
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл