Эмэгтэй хүний амьдралын хамгийн гайхамшигтай мөч бол үр хүүхдээ төрүүлэх, тэднийхээ анхны уйлах чимээг сонсох, бас зөөлхөн зулайг нь үнэрлээд ханамгүй тэр өдрүүд билээ.
Уншигч бүсгүйчүүдтэйгээ удтал уулзаж амжилгүй явсан би ч бас нярайлаад удаагүй байгаа болохоор ийм мөчүүдийг өдөр бүр өнгөрүүлэн үдэж байна. Тиймээс ээжүүдтэйгээ, бүсгүйчүүдтэйгээ, бас удахгүй ээж болох жирэмсэн эхчүүдтэйгээ туршлагаа солилцохоор шийдсэн юм.
Эхний сэдэв бол дөнгөж төрсний дараа хөхөндөө хэрхэн сайн сүү оруулах вэ. Миний хувьд хоёр том хүүхдээ төрүүлэхдээ сүү орох нь удаан байсан. Харин энэ удаад өмнөх байдлаасаа хуримтлуулсан туршлагаа хэрэгжүүлснийх үү ямар ч гэсэн сүү хангалттай орсон юм.
Дөнгөж төрсөн хүүхдийг 2 цаг тутамд сэрээгээд ч хамаагүй хөхүүлж байхгүй бол хөхөх рефлексээ алддаг байна.
Ингэхдээ би дөнгөж төрөөд л хүүхдээ залхууралгүйгээр чармайлттайгаар хөхүүлж байлаа. Дөнгөж төрсөн хүүхдийг 2 цаг тутамд сэрээгээд ч хамаагүй хөхүүлж байхгүй бол хөхөх рефлексээ алддаг байна. Тиймээс би юунд ч цааргалалгүй хүүхдээ чадлаараа хөхүүлж байлаа. Айхтар асгараад байсан уураг байгаагүй ч хүү минь хөхөөд эхлэхэд уургаа гүд гүд залгилж байсан. Энэ нь хөхүүлэхээр чармайсных байж мэдэх ч бас төрөхөөс өмнөх 7 хоногт би биеэ тэнхрүүлэхээр сувилалд хэвтэж, сайн унтаж амарсантай ч холбоотой байж мэдэх юм.
Зарим ээжүүдийг анзаарахад хүүхдээ унтаад байна гэж бодоод 2 цагаас илүү хугацаагаар хөхүүлэхгүй орхих, эсвэл ядарсандаа хүүхдийнхээ хажуугаар ороод хөхүүлэхээ хойш тавиад унтаад өгөх, эсвэл найз нөхөддөө хүүхэдтэй болсноо дуулгах гэсээр утсаар ярьж хэт ядарснаас хүүхдээ хөхүүлж чадахгүй болох зэрэг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл, төрсөн л бол таны хамгийн сайн хийх зүйл бол хүүхдээ хөхүүлэх, дараа нь живхийг нь сайн сольж, хүүхдээ дааруулахгүй байлгах. Энэ гурав бол төрсөн эхийн хамгийн чухал 3 зүйл гэж би бодсон.
Үүнээс гадна анхны төрөгч эхчүүд хөхөө бэлдээгүй, хөхнийхөө толгойг гаргаагүйгээс хүүхэд нь эхийнхээ хөхийг голох, хөхөж чадахгүй байх гээд маш хэцүү асуудал гардгийг өөрийн нүдээр үзсэн.
Үүнээс гадна анхны төрөгч эхчүүд хөхөө бэлдээгүй, хөхнийхөө толгойг гаргаагүйгээс хүүхэд нь эхийнхээ хөхийг голох, хөхөж чадахгүй байх гээд маш хэцүү асуудал гардгийг өөрийн нүдээр үзсэн. Тиймээс анхан төрөгчид маань хөхөө сайн бэлдэж, толгойг нь нааш гаргахад анхаараарай.
За тэгээд сүү оруулахад хамгийн чухал зүйл бол шингэн зүйл сайн уух, ялангуяа буцалсан ус, сэтгэл санаагаар тайван байх, хоол ундаа сайн идэх, сайн унтаж амрах юм байна гэдгийг бусад олон ээжийн туршлагаас хараад бодож бас анзаарч байна даа.
Монголхатагтай
