-“Халуун Болор” хэмээх энэ сайхан сувилал Шаргалжуутад 17 жилийн турш хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй байр хоолоор хангасаар ирсэн. Одоо харин өөрийн гэсэн байртай болох хандивын аян өрнүүлээд байна. Энэ хандивын аян ямар шатандаа явж байна вэ?
-“Монголжингоо.мн” сайтын санаачлагаар, найрсаг “Улаанбаатар” их дэлгүүрийн хамт олны тусламжтайгаар өнгөрсөн 6-р сарын 1-нд фэйсбүүкчид болоод үйлчлүүлэгчидтэйгээ уулзаж улс орон даяар 1000 хүүхдийн төлөө 1000 төгрөгийн хандивын аянаа давалгаалууллаа. Хандивын аян маань эхлээд яг сар болж байна. Энэ хооронд маш олон сайхан сэтгэлт хүмүүс холбогдлоо, дэмжлээ, тусаллаа. Мөн маш олон хадивыг амлалаа. 13100 гаруй фэйсбүүкчид 1000 төгрөгөөр давалгаалж, “Халуун Болор” фэйсбүүк хуудсанд маань нэгдсэн. Өөрөөр хэлбэл, 1.300.000 гаруй төгрөг “Халуун Болор” төвийн дансанд цугларчээ. Бас олон сайхан сэтгэлтэй хүмүүс, хамт олон нэгдэж бидэнд хандиваа бэлнээр авчирч өгч, бас дансаар шилжүүлсэн. “Бона Лекс” компани 1 сая төгрөг хандивласан. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба 1 сая төгрөг, “Сансар” кабелийн телевизийн хамт олон 500 мянга, Баянхонгор аймгийн “Шунхлай” салбар компани 1 сая төгрөгийн хандив өргөлөө. Цэндбаяр захиралтай “Баянгол” зочид буудлын хамт олон 1000 хүүхдийн өмнөөс 1000 төгрөгийн хандивыг өөрсдөөрөө мөн давалгаалуулж 1 сая төгрөг хандивлалаа. Баянхонгор аймгийн хөгжлийн төлөө сангийн дарга Д.Мөнх-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Х.Баттулга нийт монголчуудаа уриалж арав, арван сая төгрөг амласан. Энэ хандив маань манай “Халуун Болор” төвд барилгын материал болж ирэхээр яригдаж байна. Олон сайхан хамт олон утсаар, интернэтээр холбогдож туслахаа илэрхийлсээр байна. Барилгын материалаар туслах маш олон сайхан хамт олон байна. Эрдэнэ захиралтай “Просум” компани манай барилгын 1, 2-р давхрын пракетан шалыг нийлүүлэхээр яригдаж байна. Саранчимэг захиралтай “Мон Хорус” компанийн хамт олон “Халуун Болор” төвийн бүх цахилгааны хэрэгсэл, разетка, тоног төхөөрөмжийг нийлүүлэхээр боллоо. Мөн “Евро инженер” компани тусалж дэмжихээ илэрхийлж холбогдож байна. “100 айл”-ын барилгын материал худалддаг дэлгүүрийнхэн манай барилгын хүүхдийн нэг өрөөг үлгэрийн баатруудын зурагтай обой цаасаар чимж өгье гэж байна. Тиймээс “Халуун Болор” төвийнхөө барилгыг босгоод насныхаа төгсгөл хүртэл хүүхдүүдэд тусалж аз жаргалтай амьдарна гэдэгтээ би 100 хувь итгэлтэй байна. Яг одоогийн байдлаар миний тооцоолж буйгаар нийт санхүүжилтийн 9 хувь бүрэлдсэн байна. Өөрөөр хэлбэл, 25 сая төгрөгийн үнэ бүхий барилгын материал болон бэлэн мөнгө.

-Та Баянхонгорын хүн шүү дээ. Энд байх хугацаандаа бас зүгээр суухгүй, хандиваа давалгаалуулах олон ажил хийж байх шиг байсан.
-Тийм ээ. Улаанбаатарт байхдаа маш олон жаргалтай үдшүүдийг өнгөрөөлөө. “Халуун Болор” төвийн маань үйлчлүүлэгч хүүхдүүдийн ээжүүд надтай нэг орой караокед хамт байж, миний дуу хуурыг сонсч, арав, арван мянган төгрөгийг хандив болгож нийт 180 мянган төгрөгийн хандив өргөлөө. Дараа нь “Ногоон тагт” гэдэг ресторанд “Time.mn” сайтын санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах өдөрлөг болсон. Тэр үеэр мөн би дуу хоолойгоо өргөсөн юм. Тэгэхэд тэнд байсан нэгэн сайхан сэтгэлт Ганхүү гэдэг эмэгтэй надад шууд 500.000 төгрөгийн хандив өргөсөн. “Энэ барилгаа заавал бариарай. Бид бүгдээрээ сэтгүүлч хүмүүс учраас хандивын давалгааг тасралтгүй давалгаалуулна” гэж хэлсэн. Саяхан “Гандирс” компанийн захирал Эрдэнэчулуун гэдэг эмэгтэй надтай холбогдсон. “Монголжингоо.мн” сайтын ярилцлагыг уншаад надтай холбогдсон юм байна лээ. “Хандив ямар төвшинд цугларч байна вэ” гэж асуусан. Би байгаа байдлаа хэлтэл “Одноо миний дүү, өнөөдөр хүн 1000 төгрөг өгөх гээд банкинд дугаарлаад зогсоно гэж байхгүй. 1000 төгрөг цуглаад барилгаа барина гэвэл чи бараг энэ жилдээ амжихгүй. Тиймээс одоо монголчуудын ид амралт, зугаалгын цаг. Ирэх 9-р сараас ажил цуглахаар хандивын томоохон хэмжээний арга хэмжээ зохиож компаниудыг татан оролцуулбал зүгээр” гэж зөвлөсөн. Энэ ажлаа ч “Монголжингоо.мн” сайтын хамт олонтойгоо хуваалцъя гэж бодож байсан. Ашгүй, та нар маань ирээд уулзлаа. Би ч бас Улаанбаатарт ирээд зөндөө удчихлаа. Оюутан хүүхдүүдийнхээ байранд байсан юм. Одоо бол энд байх нөхцөлгүй болж байна. Шаргалжуутад 120 гаруй хүүхэд оччихсон эмчлүүлж сувилуулж байгаа юм байна. Тиймээс тийшээ очиж ядаж 20-30 хүүхдэд ч болов үнэгүй хоолоор тусалъя гээд яараад сууж байна даа.
-Энэ жил “Халуун Болор” төвийн 17 жилийн ой байх аа. Тиймээс та ч бас бодсон санасан олон л ажилтай яваа байх?
-Тийм ээ. Энэ сарын 27-нд манай “Халуун Болор” төвийн 17 жилийн ой тохиож байна. Шаргалжуут тосгон интернэтэд холбогдчихсон. Би Шаргалжуутаас фэйсбүүкчидтэйгээ шууд холбогдоно. Бас “Сарлагийн наадгай” нутгийн уламжлалт баяр наадмын 10 жилийн ой, хүүдээ зориулж босгосон сарлагийн хөшөөгөө сэтэрлэж арванайлах үйл ажиллагаа болно доо.

-Шаргалжуутад байгаа “Халуун Болор” төв маань ажиллаж байгаа юу?
-Бид үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоосон байгаа. Гэхдээ чухал шаардлагатай хүүхдүүдэд би хоол, хувцас, тоглоомоор тусална. Барилгаа ашиглалтад оруулсныхаа дараа улс орон даяар “Монголжингоо.мн” сайтаараа дамжуулан зарлан нээлтээ хийнэ. Нээлтээ хийхдээ бидэнд тусалж дэмжсэн бүх компани, хувь хүмүүсийг урьж, тэдний хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд ч бас чадлаараа тусална.
-Таны ярилцлага “Монголжингоо.мн” сайтад тавигдсаны дараа маш олон сайхан сэтгэлтэй хүн зон сэтгэлийн өргөлөө өргөжээ. Та ингэнэ гэж төсөөлж байсан уу?
-Ганцхан сарын дотор нийт 285 сая төгрөгийн санхүүжилтийн 9 хувь буюу 25 сая төгрөг хандив тусламжаар ороод ирнэ гэж би огт бодоогүй. Миний төсөөлснөөс үнэхээр их цугласан. “Монголжингоо.мн” сайтдаа үнэхээр их баярлалаа. Бас “Халуун Болор” төвтэй зүрх сэтгэлээрээ цуг байгаа сайхан сэтгэлт монголчууддаа, фэйсбүүкчиддээ үнэхээр их баярлалаа. Монголд сайхан сэтгэлтэй хүмүүс зөндөө байдаг юм байна. “Халуун Болор” төв ашиглалтад орноо. Сайхан сэтгэлт монголчуудынхаа итгэл найдварыг алдахгүй, би насныхаа эцсийг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бүх бололцоо, чадлаараа тусална гэдгээ ард түмэндээ андгайлж байна.

-“Халуун Болор” төвд туслахаар маш олон хүн амлалт өгч байсан. Тэр амлалтуудын хэрэгжилт ямар байгаа бол?
-Яг одоогийн байдлаар амласан хүмүүсийн мөнгө нь хараахан ирээгүй байна. Гэхдээ би зүгээр хараад суусангүй. Өнгөрсөн хугацаанд хулгана хөеөгөө цуглуулдаг шиг энд тэндээс барилгын элдэв материал аваад л дараад, хураасаар ирлээ. Бас сүүлийн үед барилгаа барих гэж яараад амлалт өгсөн хүмүүстэй заримтай нь утсаар ярьж, заримтай нь биеэрээ очиж уулзсан. “Бид амласан амлалтаа ямар ч гэсэн өгнө. Энэ сайхан буянтай үйлд заавал оролцоно. Хямралтай энэ үед бэлэн мөнгөөр гэхээр хэцүү байна. Харин барилгын материалаар эсвэл өөр хэрэгтэй зүйлээр тусалж амлалтаа биелүүлнэ” гэж тэд хэлсэн.
-Ажиглаад байхад маш олон ээж аав, бас хүүхдүүд “Халуун Болор” төв үүдээ нээх өдрийг хүлээж байгаа байх даа. Энэ жил үүдээ нээж амжих болов уу?
-Энэ бол ганцхан хандиваас л шалтгаална. Би дор хаяж хандивынхаа 50 хувийг босгож байж барилгаа эхлүүлэх ёстой юм билээ. Би одоо нэг барилгын компанитай яриад ажлаа эхлүүлчихвэл ажилчдынх нь цалин, хоол, байр гээд асуудал их юм байна. Нөгөөтэйгүүр яг одоо Шаргалжуут тосгоны маань амралт сувиллын оргил үе. Маш олон амрагч, сувилуулагчтай байна. Тийм байхад бөөн тоос шороо босгоод барилга эхлүүлнэ гэдэг нь зохимжгүй. Ийм болохоор барилгын ажлаа 9-р сарын 1-нээс эхэлье гэж бодож байгаа. Тэр үеэр амрагч цөөрдөг. 11-р сард угаасаа Шаргалжуутын рашаан сувилал хаагддаг юм. Уг нь тийм том барилга биш болохоор барилгын компани нэг орчихвол үсрээд л 3 долоо хоногийн дотор дуусна гэж байна лээ. Тэгэхээр одоо хамгийн гол нь санхүүгээ л цуглуулах хэрэгтэй байгаа юм. Яг үнэнийг хэлэхэд би өөрөө банкнаас зээл авч чадахгүй. Авлаа гэхэд, би эргүүлээд төлөх чадваргүй. Яагаад гэвэл, би амьдралдаа нэг ч удаа бизнес хийж үзээгүй. Дандаа л буян хийж явлаа. “Халуун Болор” төв нэг ч үйлчлүүлэгчээсээ ганц ч төгрөг авч байгаагүй. Би үүнийг нүүр бардам хэлнэ. Тэндээ бас ядарсан зүдэрсэн, үхэл хагацал үзсэн хүмүүст өнөөдрийг хүртэл чадлаараа л тусалсаар ирлээ. Энэ тухай өмнө нь хүмүүст дэлгэж явсангүй. Ямартаа ч танай сайт бидний үйл ажиллагааг олон нийтэд таниулж, сурвалжилж өгсөн. Тийм ч учраас юу хийж бүтээснээ ярьж, ойлгуулж байж олон түмнээсээ тусламж гуйх ёстой болов уу. Би 17 жилийн турш ард түмэндээ тусалж, буян хийж ирлээ. Ялгаагүй л бусдад тусалж байгаа энэ сэтгэлийг маань бас нэгэн сайхан сэтгэлтэй хүн л надад өгсөн байж таараа шүү дээ. 17 жилийн турш “Халуун Болор” төвийг дэмжиж, санхүүжүүлж байсан маш олон сайхан сэтгэлтэй бизнесмэнүүд, аж ахуйн нэгжүүд байна. Энд нэрийг нь хэлье гэхээр надад цаг бага байна. Иймд тэр бүх хүмүүсийг бүгдийг нь нийлүүлээд би “Халуун Болорчууд” гэж нэрлээд байгаа юм. “Халуун Болор” төвийг орд цагаан өргөөтэй болгох гээд өнөөдрийг хүртэл мятрашгүй тэмцсэн Халуун Болорчууддаа маш их баярлалаа. Бидэнтэй байнга хамт байдаг үйлчлүүлэгч нартаа бас маш их баярлалаа.
-Хүүхдийн төлөө гэсэн ариун сэтгэлийн угаасаа бидэнтэй ярилцсан танд маш их баярлалаа. Сүүлийнхээ асуултыг танд үлдээе.
-“Халуун Болор” хандивын давалгаагаа битгий зогсоогоорой гэж уриалъя. Өнөөдөр Одноо эгч нь санхүүгийн хувьд үнэхээр хүнд байна. Яагаад гэвэл, би банкнаас зээл авъя гэхээр нэг ч удаа Монголын төрд ажиллаж байсангүй. Шаргалжуутынхаа багийн Засаг даргаар ганцхан жил ажиллаад ажлаа өгч байлаа. Миний өнгөрсөн бүх амьдрал халамжийн замд өнгөрчээ. Тиймээс би чинь тэтгэвэрт гарахад хүртэл хэцүү хүн шүү дээ. Нэг ч удаа нийгмийн даатгалд мөнгө төлж байсангүй. Жаахан юм олбол буяны ажилд, сайн сайхны ажилд зориулчихдаг байлаа. Үнэндээ банкнаас зээл авъя гэхээр миний 6 монгол гэр барьцаа болж чадахгүй байна. Үр хүүхдүүд минь надад туслах даль жигүүр нь хараахан ургаж гүйцээгүй байна. Надад юу байна гэхээр, хүний сайхан сэтгэл байна. Хэдэн сайхан үйлчлүүлэгч хүүхдүүд маань байна. Сайхан сэтгэлт фэйсбүүкчид маань байна. Ийм болохоор сайхан сэтгэлт компанийн эзэд, хамт олон, хүн зон та бүхэн “Халуун Болор” төвд зориулж хандив өргөхөөр сэтгэл гаргавал би уран бүтээлээрээ бэлэг барья. “Халуун Болор” төвийн маань барилга баригдчихвал 108 рашаанд хүүхдүүд л сувилуулж, манай барилгын босгоор хүүхдүүд л орж гарч байх болно.
Би нийслэл хотдоо 6-р сарын 1-нээс хойш ирээд бараг сар болчихлоо. Хандиваа цуглуулах гэж хичээж байна. Намайг дэмжээрэй, бас ойлгоорой. “Халуун Болор” төв үүдээ нээх тэр сайхан эрч хүч, энергитэй өдрийг олон олон ээжүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, бас миний бие хүсч байна аа.
