Хардах шиг амархан, хайрлах шиг хэцүү зүйл үгүй
2015-12-28 18:21
Нөхөр лүүгээ залгалаа. Харилцуураа атгангаа цаг хартал 22.00 болж байв. Гурван ч удаа залгалаа. Хариу алга. Хүүхдээ хараад гэртээ суудаг би өдөржин цаг харж, ханиа хэзээ босго даван орж ирэхийг тэсэн ядан хүлээдэг.
Түүнийгээ хүрээд ирэхэд хүүхдүүд минь бөөн баяр болж, гэр орон минь гэгээ татах шиг л болдог. Харин энэ удаа тэр минь утсаа ч авахгүй, шөнө ч улам гүн рүүгээ шумбасаар. Би гэдэг хүн түмэн юм толгойдоо эргэлдүүлж, хэнтэй хаана юу хийж байгаа юм бол, хүүхэд гаргаад өнгө зүсээ алдчихлаа гээд намайг тоохоо больж байгаа юм болов уу, хоёр хүүхэдтэйгээ бид гурав нөхөртөө тоогдохоо байж байгаа юм болов уу гээд л...
Бодох тусам л уйлмаар, гомдмоор, хаашаа ч юм гараад гүймээр санагдаж байлаа. Яагаад гэвэл урьд орой нь бас л ингээд оройтсон юм л даа. Ажлын газрын хүнтэйгээ баахан ярьж суулаа гэсээр ирсэн юм. Гэтэл энэ удаа дахиад л гэж бодохоор надад худлаа яриад байгаа юм шиг л санагдав. Гомдлын үгтэй мэссэж хэчнээнийг ч илгээснээ тоолсонгүй...
23.00 цаг өнгөрч байхад манай хүн ирлээ. Гэр маань хотоос гадна байдаг, тэр өдөр машин явдаггүй учир автобус хүлээж баахан гадаа зогссоноо ярьсаар орж ирэв. Би утсанд нь баахан мэссэж биччихсэн болохоор хөмсгөө зангидаад уурласаар угтсан. Хар шөнө хэрүүл болонгоо алдав.
Гэтэл автобусны буудал дээр нэг цаг унаа хүлээж зогсохдоо хулгайч нараас сэрэмжилж утсаа цүнхэлчихээд байж. Хажууд нь ажлын хамтрагчаас нь надад дайсан хоёр уут бэлгийг атгасаар бөөн хүнтэй унаанд “дайтаж” байж сууснаа ч учирлалаа.
Нялх үрийнхээ живхний мөнгө, том хүүгийнхээ хоол унд, байрны зээл, миний идэж уух хүнс, өмсөж зүүх гээд түмэн зардлыг хань минь ганц өөрийнхөө цалингаар л болгож байгааг би мэднэ.
Тэгсэн хэрнээ л эрт ирсэнгүй гэж гомдоллоно. Харин хариуд нь хань минь “Илүү сайхан амьдрахын тулд, байрны зээлээ хурдан дарахын тулд, хүссэнээ идэж амьдрахын тулд хайр нь хонон өнжөөд ч хамаагүй ажиллах хэрэгтэй байна шүү дээ. Хэсэгхэн хугацаанд л тэсчих. Тэгээд л бүх зүйл сайхан болно” гэж хэлсэн.
Миний хань нэг ч удаа надад хэцүү байна гэж хэлж үзээгүй ноён нуруутай эр. Тэр минь ажлаа сайн хийхийн хажуугаар амьдралынхаа төлөө тэмцдэг, гэр бүлдээ бүхнээ зориулдаг болохоор үр хүүхдүүд минь ч сайхан өсч торниж байна. Энэ бүхнээ эргүүлэн бодоход хардах хэчнээн амарханыг тэгэхэд л би ойлгосон юм.
Хардах бол ганц хормын л ажил. Түүн шиг амархан юм байдаггүй юм байна. Ийм л амархан болохоор өрх гэрт хэрүүл маргааныг өрдөхдөө дэндүү хялбар юм байна. Харин хайрлах дэндүү хэцүү юм. Хайрлаж, итгэж хүлээж, хардахын тулд хайрлах биш хайрлахын тулд хайрлана гэдэг сэтгэлийн асар их тэвчээр, хүсэл эрмэлзэл шаарддаг юм байна.
Сайн хань, ноён нуруутай эрийн эхнэр болсон л бол итгэж, хайрлахаа улам бүр асааж, хий хардах, ургуулан бодож элдвээр сэтгэлээ хоослохоо умартах л хэрэгтэй юм байна. Энэ бол амар тайван, аз жаргалтай, эрүүл саруул гэр бүлийн нандин хэлхээ юм байна.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
