
Дундад улсын хүн амын тоо 2025 он гэхэд оргилдоо хүрнэ гэх Хүн ам, хөдөлмөрийн эдийн засгийн хүрээлэн болон Нийгмийн шинжлэх ухааны академийн хийсэн дүгнэлтийг “China Daily” сонины англи хувилбарт мэдээлжээ. 2025 он гэхэд Дундад улсын хүн амын тоо оргилдоо тулж, 1.41 тэрбумд хүрэх бөгөөд 2050 он гэхэд 1.3 тэрбум болж буурна гэж хүрээлэн мэдэгдсэн байна.
Ажиллах хүчний нөөц буурах нь Дундад улсын эдийн засагт сөргөөр нөлөөлнө. Гэвч Дундад улсын Засгийн газар зохистой арга бодлогыг сонгож чадвал эдийн засгийн өсөлтийн дундаж хурдыг наад зах нь 10 жил хадгалж чадна гэж хүрээлэн үзэж байна. Дундад улсын 2016 он түүнээс цааш хугацааны эдийн засгийн бодлогын талаарх Дундад улсын эрх баригчдын шийдвэрлэх уулзалт энэ сарын сүүлээр болно. Ажиглагчдын үзэж байгаагаар Дундад улсын Засгийн газар нэг хүүхэд бодлогоо илүү зөөлрүүлж магадгүй байна.
