solongonews
Хань бид хоёрын анхны хөгтэй болзоо
2015-12-28 18:21
Монголжингоогийн ээжүүд, эмэгтэйчүүд анхны болзооныхоо хөгтэй, хөгжилтэй дурсамжуудаа хуваалцаарай. Элэг хөшөөм, эргээд дурсахад хачин амттай тэр нандин мөчүүдийнхээ талаар ярилцацгаая.
Эхнэр, нөхрүүдээс хүмүүсийн асуудаг түгээмэл асуултын нэг нь “Та хоёр хэрхэн танилцсан бэ”. Харин тэр бүр тэдний анхны болзооны талаар асуудаггүй. Гэтэл хэрхэн танилцсанаасаа илүүтэйгээр анхны болзоо нь хэрхэн өрнөсөн нь тухайн гэр бүлийн нандин дурсамж болон үлддэг юм шиг санагддаг. Эргээд бодохоор инээд хүрмээр, эсвэл уур ч хүрмээр юм шиг тэр нэгэн хөгтэй агшнаас хойш та хоёр өдгөө эхнэр, нөхөр, ээж, аав хэмээн дуудуулж байна. Тэгэхээр анхны болзооны хөгтэй дурсамж амьдралын чухал хэсгүүдийн нэг бололтой. Анхны болзооныхоо талаар бусад хүмүүс юу хэлэх бол. Заримынх нь ярианаас доор ишлэе. 
 
29 настай Ц. /Хоёр хүүхэд, нөхрийн хамт амьдардаг/:
-Бидний анхны болзоо ёстой хөгжилтэй байсан. Тухайн үедээ маш их уур хүрч байсан ч одоо бодохоор хөөрхөн санагдаад байдаг юм. Манай нөхөр анх намайг болзоонд урихдаа бэлэн мөнгөний машинаас мөнгө авна гэсэн төлөвлөгөөтэй байсан учраас халаас хоосон ирсэн. Гэтэл би кафед сууж юм ярина гэж бодож байтал тэр надад хоёулаа хоёр буудлын цаана байдаг бэлэн мөнгөний машин руу алхаад ирье гэдэг байгаа. Тэгэхэд маш их уур хүрсэн. Тэгээд яахав дээ, дагаад л явсан. Явж явж өнөөх газар нь очтол машин нь хаалттай байсан. Яг тэр үед ямар арчаагүй тэнэг залуу вэ гэж уур хүрч байж билээ. Тэр бухимдалдаа болоод гэр лүүгээ би харьж харин тэр ард харсаар л үлдэж билээ. Дахиад хэзээ ч ийм залуутай болзохгүй гэж өөртөө баахан бардамнасан би одоо түүний эхнэр, хоёр хүүхдийнхээ ээж нь болчихсон байна даа. 
 
45 настай Г. /Дөрвөн хүүхэд, эхнэрийн хамт амьдардаг/:
-Эхнэр болох бүсгүйгээ анх болзоонд урихад нүүр улайгаад л хэлэх ч үг олдохгүй хэл ам эвлэж өгөхгүй байснаа санахаар инээд хүрмээр. Биднийг залуу байхад өнөөдрийнх шиг энд тэндгүй олон кафе гэж байсангүй, чөлөөт цагаа өнгөрөөх газар ч ховор. Янз бүрийн кино их гарна. Өнөөх киноны тасалбар нь бас өнөөдрийнх шиг олдоц сайтай ч биш. Би эхнэрээ кинонд уг нь урих гэж байсан юм. Кино үзье гэж хэлэх гэж бөөн юм болсон юм даг. Хэл эвлэж өгөхгүй, уулзахаараа ярихыг нь сонсоод л алхаад л байна. Намайг юм яриач гэхээр нь би ярих юм олдохгүй болохоор зүгээр л сонсоод л явдаг байсан. Энэ үеэ бодохоор нандин сайхан л санагддаг юм. 
 
30 настай Э. /Нөхрийн хамт амьдардаг/:
-Би нөхөртэйгөө болзохдоо баахан гоёж гоёж гарснаа санадаг. Би угийн хөмсөггүй болохоор хөмсгөө зурах гэж бөөн юм болно. Тэгээд нүүр амаа янзалчихаад автобусанд бөөн хүнтэй жихцэлдэн суусан юм. Тэр үед өндөр хүн нүүрийг минь шүргэх шиг болсон ч би нэг их анзаараагүй. Ингээд болзох газраа очтол нөхөр маань хүлээж байсан. Намайг хараад нэг л хөөрхөн эгдүүтэй инээгээд, юм ярих болгондоо л инээгээд байсан. Би харин дотроо “Би их хөөрхөн харагдаж байгаа юм байна даа” л гэж бодож байсан гээч. Болзоо ч дуусч гэртээ харих замдаа нүүрээ толинд хартал нэг талын хөмсөг маань арилчихсан байсан. Ёстой л нүүр түлэгдэж байгаа юм шиг пал гээд явчихсан. Манай нөхөр намайг шоолоод инээгээд байсныг ингэж л мэдсэн дээ. Энэ үеэ эргээд дурсахаар хөөрхөн санагддаг юм. 
 
Дээрх хүмүүсийн хувьд эдгээр анхны болзоо нь хамтын амьдрал, хөөрхөн үрсийнхээ эцэг эх болох нандин үеийнх нь эхлэл байжээ. Тэгвэл Монголжингоогийн ээжүүд, эмэгтэйчүүд анхны болзооныхоо хөгтэй, хөгжилтэй дурсамжуудаа хуваалцаарай. Элэг хөшөөм, эргээд дурсахад хачин амттай тэр нандин мөчүүдийнхээ талаар ярилцацгаая. 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл