solongonews
Дундад улсын уламжлалт анагаах ухаанаас Нобелийн шагнал хүртэлх зам
2015-10-12 17:03
Физиологи болон анагаах ухааны энэ жилийн Нобелийн шагналыг Дундад улсын эм зүйч, Дундад улсын хятад эм эмнэлгийн судалгааны хүрээлэнгийн тэргүүлэх судлаач Юю Ту “Хумхаагийн эсрэг шинэ эмчилгээ” гэсэн судалгаагаараа хүртсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Хумхаа нь эртний Итали хэлний "malaria” буюу “бохир агаар” гэдэг үгнээс гаралтай. Дэлхий дээр ойролцоогоор 41 төрлийн 3600 зүйлийн шумуул тархсан байдаг. Халдвар авсан шумуул нь хүн ба амьтанд Хумхаа, Япон энцефалит, Денгийн чичрэг, Шар чичрэг, Баруун Нилийн чичрэг зэрэг өвчнүүдийг дамжуулдаг.

Эдгээрээс Хумхаа өвчин нь плазмод (Plasmodium)-ын төрлийн эгэл биетнээр үүсгэгддэг, дахилттай халууралт, цус багадалт, элэг дэлүү томрох шинжээр голчлон илэрдэг хурц халдварт өвчин юм.

Тухайн үед Дундад улс Вьетнамын хойд нутагт АНУ-тай тэмцэхэд тусалж байсан боловч цэргүүд хумхаа өвчнөөр амиа алдсаар байв. Хумхаа өвчинтэй тэмцэх уламжлалт арга тийм ч үр дүнтэй биш байсан учир Хо Шиминий хувийн хүсэлтээр Мао Зедунь шинэ эм гарган авах нууц төсөл боловсруулжээ. Тухайн үед Юю Ту уламжлалт эмчилгээ хариуцсан салбарын даргаар томилогдсон байна.

Ингээд 1960-аад оны сүүлээр Дундад улсын удирдагч Мао Зедунь эрдэмтэн Юю Tуд хумхаа өвчнийг эмчлэх эм олохыг даалгаж байжээ. Өдгөө энэхүү нээлт сүүлийн 40 гаруй жилийн турш жил бүр зөвхөн Африкт гэхэд л 100 гаруй мянга хүний амь насыг аварч байна.

Юю Ту эрдэм шинжилгээний ажлаа Дундад улсын ардын анагаах ухаанд хэрэглэдэг ургамлын судалгаанаас эхэлсэн юм. Тэрээр өөрийн хамтрагч нарын хамт эртний Дундад улсын анагаах ухааны судраас халуурах, дотор муухайрах бөөлжих, толгой өвдөх гэх зэрэг хумхаа өвчтэй төстэй шинж тэмдэгтэй өвчний үед хэрэглэгдэх ургамлуудыг судалсан юм.

Тэд Дундад улсын уламжлалт ургамлаар хийгдсэн 2000 гаруй эм, эмийн бүтээгдэхүүний тодорхойлолтыг анхааралтай шалган тэдний дундаас 380 ургамлын жорыг сонгон авч  лабораторийн хулгануудад туршилт хийжээ.

Туршилтын дүнд артемизинин гэдэг бодис агуулдаг “Artemisia annua” /нэг наст шарилж/ гэдэг ургамал хамгийн үр дүнтэй байв. Artemesia annua гэх ургамлыг Дундад улсын уламжлалт анагаах ухаанд халуурах үед хэрэглэдэг байжээ. Халуурах нь хумхаа өвчний гол шинж тэмдэг юм. Лабораторийн туршилтын үед энэ ургамал цусан дахь хумхаа шимэгчийн тоог бууруулдаг болохыг тогтоосон байна.

Чухам энэхүү ургамал хумхаа өвчний орчин үеийн эмийн үндэс болжээ. Артемизининийг илрүүлэн, хумхаа өвчнийг эмчлэхэд томоохон хувь нэмэр оруулсан Юю Ту Нобелийн шинжлэх ухааны шагналыг авсан Дундад улсын анхны эрдэмтэн болсон юм.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл