2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөххотын Үндэстний Дээд Сургууль дээр “Дархан хэл” яруу найргийн X наадам болов. 2006 онд Хөххотод “Дархан хэл” хэмээх яруу найргийн наадам анх удаагаа зохион байгуулагдаж байсан түүхтэй. Хөххот монгол хэл бичгийн ажлыг дэмжиж, хүүхэд залуучуудын монгол хэл бичиг сурч эзэмших идэвхийг нэмэгдүүлж, “ӨМӨЗО-ны монгол үг хэл, үсэг бичгийн ажлын дүрэм”-ийг хэрэгжүүлэх зорилготой зохион байгуулжээ. Хөххотын Үндэстний хэрэг эрхлэх зөвлөл болон Хөххотын Монгол хэл бичгийн ажлын зөвлөлөөс тус наадмыг зохион байгуулж байсан юм. Анх Хөххотын хэмжээнд л болж байсан бол одоо бүх ӨЗО-ыг хамарч нөлөө ихтэй яруу найргийн наадам болжээ.

10 жилийн ойгоо угтаж байгаа “Дархан хэл” яруу найргийн энэ удааны наадамд Бээжин, Тяньжин болон ӨМӨЗО-ны 12 аймаг хотын 500 гаруй хүн бүртгүүлэн оролцож, эцсийн шатанд 258 хүнийг шалган оруулсан байна. Тэмцээн уншлага болон уран бүтээл гэсэн хоёр хэлбэрээр зохион байгуулагдсан байна. Уншлагын тэмцээнд Хөвөөт шар хошууны монгол цэцэрлэгийн Х·Аль “Жаахан овоон дахь чулуу”, Шулуунхөх хошууны Монгол үндэстний бага сургуулийн Саргай “Анд найз нартайгаа”, дунд Авга хошууны монгол дунд сургуулийн Давших “Миний монголын суман хүлгүүд”, монгол хэл сонгон суралцаж байгаа Хөххотын Юй Чуань дүүргийн Үндэстний туршилтын бага сургуулийн Цэлмэг “Сэтгэл ба нутаг” шүлгээрээ тус тус манлайлсан байна.

Уншлагын шүүгчээр Н.Өлзийдэлгэр, Р.Цэцэнцогт, Насан, Хайрхан, Хасбилэг, Буянбат, Санзай нар саатжээ.

Уран бүтээлийн хэсэгт ӨМБИС-ын харьяат дунд сургуулийн Орчлон, ӨМБИС-ын Баянхорвоо, Сөнид зүүн хошууны Заяат нар тэргүүлжээ.
