30 дахь удаагийн Дундад улсын кино урлагийн “Алтан тахиа” шагнал гардуулах ёслол 9 дүгээр сарын 19-ний үдэш Дундад улсын Гирин мужийн Гирин хотод болж өнгөрсөн юм.

"Алтан тахиа" шагналын эзэн Бадмаа
Энэ удаагийн кино наадамд “Норжимаа” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Бадмаа хамгийн шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорсон юм. Шилдэг эмэгтэйн жүжигчний төрөлд Дундад улсын нэрт жүжигчид Жао Вэй, Тан Вэй, Люй Жүн, Шюй Фань нар нэр дэвшсэн юм.

Дундад улсын киноны "Алтан тахиа" шагнал бол Дундад улсын кино урлагийн мэргэжлийн түвшний хамгийн дээд зэрэглэлийн шагнал болно.
"Алтан тахиа" шагналийн гэрчилгээ
Норжимаа киноны кино найруулагчаар ажилласан жүжигчин Баян-Ерөөл, зургийн дарга Насан-Урт, жүжигчин Бадмаа, уг киног ивээн тэтгэсэн Алтан Аргамж соёлын ХК-ний орлогч захирал Б.Журамт нар 9 дүгээр сарын 21-нд урилгаар Өвөр Монголын Өдрийн Сонинд айлчилж сурвалжилга өгөв.
"Норжимаа" киноны багийнхан ӨМӨС-д айчилж байна
Жүжигчин Бадмаа бол Өвөр Монголын Ордос хотын Үүшин хошууны уугуул, тэрээр “Цэцэнханруу”, “Шилийн гол, Вэньчуань”, “Алтан намрын бугын дуун” зэрэг кинонд дүр бүтээж, олны танил болсон юм.

"Норжмаа" киноны сурталчилгааны хуудас
“Норжмаа” киноны хувьд өнгөрсөн зууны 30-аад онд Хөлөнбуйрын тал нутагт Япон болон Зөвлөлт Монголын холбоот цэргийн хооронд болсон Номон хааны байлдааны үеийн хайрын түүхээс сэдэвлэн, үйл явдлаараа дэлхийн энх тайван байдлыг уриалахыг зорьж найруулсан болно.
Жүжигчин Бадмаа нөр их хөдөлмөр, хичээл зүтгэл гаргаснаас гадна, тухайн дүрээ тун чадварлаг бүтээсэн хэмээн кино найруулагчаар ажилласан түүний нөхөр Баян-Ерөөл болон уг киноны зургийн даргаар ажилласан Насан-Урт нар ам нэгтэй үнэлж байлаа.
ӨМӨС-д саатаж, сурвалжилга өгч байгаа нь
Жүжигчин Бадмаа: - Миний энэхүү өндөр амжилтад хүрч чадсан нь тус кино хийхэд оролцсон бүх хүмүүсийн хамтын үр дүн юм... хэмээн маш даруухан хариулж байлаа.
Кино найруулагчаар ажилласан Баян-Ерөөл: - Би өөрөө олон кинонд дүр бүтээж байсан. Гэхдээ ихэнхдээ бусад үндэстний хэлээр тоглодог. Иймээс надад монгол хэлээрээ сайхан кино хийх тухай бодол байгаад л байсан. Харин тус киног монгол хэлээрээ хийсэн. Мөн ийм том амжилтад хүрч чадсанд сэтгэл хангалуун байна. Энэ бол Монголчууд бидний хамтын яруу алдар юм гэлээ.
Шагналаа танилцуулж байгаа нь
Мөн тус киногоо аль болохоор эртхэн үзэгч түмний хүртээл болгохоор хичээн ажиллана хэмээн Норжмаа киноны зургийн даргаар ажилласан Насан-Урт сурвалжилгын үеэр хэлсэн юм.

Норжимаа киноны хэсгээс...
Тус киноны Япон болон Зөвлөлтийн хоёр цэргийн дүрийг Монгол Улсын иргэн бүтээсэн юм байна.
