Ажлын газрынхаа үеийн хэдэн хүүхнүүдтэй зовлон жаргалаа хуваалцаад бүр дасчихаж дээ. Амьдралынхаа болж бүтэхгүй зүйлсээ яриад уудлачихаар сэтгэл нэг хэсэгтээ л онгойгоод ирнэ. Нас болон ажлын онцлог ижил болоод ч тэр үү, бидний амьдралын жаргал зовлон бас л ойролцоо. Нэг найз минь үргэлж л сэтгэлийн дарамттай явна.
Саяхан шинэ байранд орсон ч байрны зээл, банкны зээл гээд л үргэлж л мөнгө төгрөгний асуудалтай. Нөхөр нь олон жил тогтсон ажилгүй явсан болохоор бараг л орлогогүйтэй ижил, ганц найзын маань цалин хаанаа ч хүрэхгүй. Өнөөдөр цалингаа авсан ч маргааш нь өртэй хэвээрээ. Үүнээсээ болоод нөхөртэйгээ үргэлж л хэрэлдэж муудана салах сарнихдаа тулна.
Өөр нэг найзын минь нөхөр амьдралаа залгуулахын тулд хэдэн сараар ч хамаагүй хөдөө гадаа ажиллана. Ажлаасаа хол гэртэй найзад минь хүйтэн нойтонд охиноо цэцэрлэгт нь хүргэж өгөх, авахаас эхлээд хатуухан даваа их. Хүүхэд нь өвдвөл бүр ч амаргүй. Бас л үе үехэн гомдол тунирхал, нулимс унагана. Миний хувьд бас л нөхөр бид хоёрын цалин хаанаа ч хүрэхгүй.
Нөхөр минь хувиараа хөдөлмөр эрхэлдэг болохоор унааны ч мөнгөгүй болох үе мэр сэрхэн тохионо доо. Энэ мэт асуудлаа ширээ тойрч яриад л тайвширдаг бидний дунд чимээгүйхэн сонсоод л суудаг нэгэн бүсгүй байдаг юм. Гучин нас хол давж, дөчин нас руу дөхөж яваа тэр минь гэрлэж амжаагүй яваа юм. Нэг өдөр бидний хэдэн нөхөд мөн л амьдралынхаа аар саархан асуудлыг ярилцаж суулаа.
Гэтэл чимээгүйхэн суудаг найз минь “Та нарын зовлон надад жаргал шиг сонсогддогийг мэдэх үү?” Уурлаж туних, хэрэлдэж зодолдсон ч эргээд л эвлэрэх нөхөртэй, өвдөж шаналсан ч, үймүүлж дэггүйтсэн ч энгэртээ наах үртэй байна гэдэг ямар их жаргалтай вэ? Та нар хичнээн бухимдсан ч яарч очих хань ижил үр хүүхэдтэй. Өдөр бүр зорилготой амьдрах боломж байна. Гэтэл намайг хар. Ажлаа дуусчихаад хэн рүүгээ яарах юм. Хэндээ туниж, хэнийхээ зовлон гунигаас хуваалцах юм. Хэнтэйгээ хэрэлдэж зодолдон, хэнээрээ аргадуулах юм. Цалингаа аваад хэнтэйгээ хуваалцах юм. Хичнээн гоёж гоодлоо ч хичнээн их мөнгө төгрөг байлаа ч, ширээ дүүрэн амттан өрсөн ч дөрвөн хананыхаа дунд ганцаардахын зовлонг мэдэх үү? Та нарын дутуу бүхэн миний хувьд дүүрэн, та нарын зовлон бүхэн миний хувьд хэмжээлшгүй их жаргал мэдэв үү? Асуудалтай байна гэдэг зорилготой байхын шалтгаан. Аль болох зөв сайхан талаас нь хараад сэтгэл тэнүүн амьдарцгаагаач. Би нөхөртэй байсан бол хэрэлдэж зодолдооч хамаагүй амьдармаар байна. Энэ чинь л амьдралын утга учир шүү дээ” гэж хэлээд уйлж билээ. Бид энэ явдлын дараа хэсэг чимээгүй сууцгаасан юм.
Нээрээ л бидний асуудал найзын минь сэтгэлийн шаналангийн дэргэд юу ч биш байсан юм “Эд зүйлсээр дутагдах, хань ижилтэйгээ ойлголцохгүй байх нь цаг зуурын л асуудал. Энэ бүхэн аяндаа л цэгцэрч мартагдана.” гэсэн найзын минь үг одоо хэр нь чихэнд сонсогддог юм.
Нээрээ л өмнөөс тосоод гүйх үртэй, уйлахад аргадах хань ижилтэй байна гэдэг юутай ч зүйрлэмгүй жаргал юм даа. Элэг бүтэн байхын үнэ цэнэ, учир шалтгаан үүнд л оршидог байх.
Тиймээс бүсгүйчүүдээ өдөр тутмынхаа жижиг асуудалд түүртэлгүй, харин ч түүнийгээ даван туулах зорилго болгон ашиглаж, өөдрөг амьдарцгаая. Гэрэл гэгээтэй өдрүүд аяндаа л ирнэ.
