solongonews
Нэг хаалга хаагдаж байхад нөгөө нэг хаалга нээгдэж байдаг
2015-12-28 18:21
Энэ үгийг эх захгүй амрагийн явдалтай эрийн зовлонт эхнэр хэлсэн юм. Эр нөхрийнхөө нууц явдлыг орон гэртээ хүртэл харж, амрагуудтайгаа танилцахыг санал болгоход нь аргаа баран шаналж, уйлж, гуйж, үзэн ядаж байсан өмнөх эхнэр байхдаа биш, өөрчлөгдсөн, өөрийгөө нээж чадсан, тэс ондоон эхнэр болсон хойноо хэлдэг юм.
Засаршгүй “Дон жуан” нөхөртэй байхын туйлыг үзсэн бүсгүйд том хүү нь ийн зөвлөдөг. “Ээж ээ, та гоё бай л даа. Унжсан харвингаа арилгаж дасгал хий. Дэлгүүр хэсэж сайхан хувцасла. Дэгжин гоё амьдар. Тэгээд ааваас царайлаг сайхан эртэй танилц...”  
-“Юу гэнэ ээ, яасан монголгүй юм бэ, хэзээ байтлаа ээждээ  ингэж зөвлөдөг хүү байсан юм..” гэж та  гайхаж суугаа нь лавтай. Тиймээ энэ бол Италийн нэрт зохиолч Нобелийн шагналт Дариа Фо-ийн зохиолоор УГЗ. Ч.Найдандоржийн найруулсан “Чөлөөт хос” жүжгийн дүрүүд.
 
 Гэхдээ зохиол, урлагийн бүтээл бүхэн бодит амьдралын тусгал, хэн нэгнийх нь гуниг, баяр, зовлонгийн үргэлжлэл, бас ухааралд хөтлөх гүүр нь байдаг.   Нөхрөөсөө “Хоёулаа ерөөсөө чөлөөт хос болцгооё” гэсэн санал хүлээж аваад  эргэлзэл шаналал нь улам нэмэгдэж, амьдралын итгэл нь өдөр бүр алдарч байсан Антония бүсгүйд өөрийгөө өөрчлөх сэтгэл эрхгүй төрнө. Өөрийгөө өөд нь татаж,үлэмж гоо болоод зогсохгүй ажил төрөлтэй болж, аз жаргалыг мэдрэн, эцэст нь өөрийг нь хайрладаг хайсан хүнээ ч олно.
 
Харин эр нөхөр нь яах бол?... Энэ нууцыг таны мэдэлд үлдээгээд энэ жүжгээс үүдэн сэтгэлд үлдэж хоцорсон хэдэн санааг хуваалцъя.  “Бүсгүй хүн шанхныхаа үсийг өөд нь татахаа байхлаар хормой дээрээ гишгэж эхэлдэг”. Тиймээс цаг ямагт бардам амьдрахын тулд өөрийн халдашгүй орон зайтай байх  учиртай. Бардам гэдэг нь үзэл бодол, сэтгэл санаа, өөрийн үнэлэмжээрээ эр хүнээс хараат амьдрахгүйг хичээх хэрэгтэй гэсэн үг. Халдашгүй орон зай гэдэг нь   эмэгтэй хүн авчраад тавьчихсан авдар сав, эд хогшил биш, давтагдашгүй ертөнц, олдошгүй нууцлаг бодгаль, баллан дэвсэлж боломгүй сэтгэл зүрх юм гэдгийг өөрсдөө үнэлдэг байгаад зогсохгүй халдашгүй эрхийг нь эрчүүдэд бас мэдрүүлдэг байх учиртай юм бол уу гэсэн санаа. 
 
Ертөнцийн бүхий л өөрчлөлт гагцхүү өөрийгөө өөрчлөхөөс л эхэлдэг. Энэ бол жүжгийн гол санаа байгаад зогсохгүй ерөөс амьдралын хууль билээ. Одоо ч сэтгэлээс гараагүй нэгэн үг байна. Энэ бол “Эхнэр нөхрийн хооронд эмтэрч, сэвтэж, гуйвж, дайвж болохгүй үнэт зүйл гэж бий” хэмээсэн эрхэм найруулагчийн үг. Амьдралд ухаарал нэмэх хайрын энэ жүжгийг нөхрүүдтэйгээ үзээрэй, хүүхнүүд ээ. Тайзны урлагт шинэчлэл хийсэн, өмнө нь таны харж мэдэрч байгаагүй тавилт шийдлүүд нь ч гайхалтай байх болно.   
 
Гэгээ
 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл