Би болоод миний үеийн хэдэн найз одоо хэр нь л харамсаж суудаг юм даа. Учир нь бид ширээ тойрч суугаад л бүгдээрээ нийлээд “ийм зүйл хийе, тийм зүйл хийж бүтээе” гэж ярьцгаана. Урам зоригоор ч хөглөгдөнө. Харамсалтай нь тэр их урам зориг, эрч хүч ердөө л хэдхэн хоногийн дараа үгүй болчихдог байлаа. Заримдаа ор тас мартагдана. Яагаад гээч, бидний хэн нь ч санаа санаачлагаа ажил хэрэг болгохын тулд хөдлөдөггүй байсан хэрэг. Бидний хоёр гурван жилийн өмнө ярьж бодож байсан ажлыг өөр олон сайхан залуус ажил хэрэг болгож байх жишээтэй.
Хүн зөв гэж бодсон зүйлсээ алдаж оносон ч хамаагүй хийгээд туршаад үзэх хэрэгтэй. Би юм бүхнийг хойш тавьж, дараа гэдэг зангаасаа болж маш их боломжоо алддагаа ухаарсан юм. Хэдхэн хоногийн өмнө нэг их биш ч чамлахааргүй өртөгтэй захиалга авч ажиллах боллоо. Захиалагч тал маань ажлынхаа хөлсийг илгээх гэсэн юм. Дансныхаа дугаарыг, валютын данстай юу, хамгийн хялбар аргаар шилжүүлье гэх мэтээр идэвхтэй хандаж байлаа л даа. Гэтэл би ердөө л 30 хүрэхгүй минут зарцуулах ажлыг гурав дөрвөн хоногоор хойш тавилаа. Эцэст нь өдий хугацаанд захиалагч талын маань бодол санаа өөрчлөгдөж, хамтран ажиллах ажил үйлсдээ эргэлзчихсэн байж билээ. Хичнээн харамсалтай байсан гэж санана.
Эндээс л би хэдэн арван жилд юухныг ч болов үргэлж хойш тавьдгаа анзаарсан юм. Бодол сэтгэлээс минь ямагт л жаахан байж байгаад, дараа болъё гэсэн үгс ундрана. Олон хүнтэй хамтарч ажиллаж байсан ч ижилхэн дараа гэж хойш тавьдаг, цаг барьдаггүй зантай хүмүүс байжээ. Тэгээд л бие биедээ болоод байсан хэрэг. Хэрвээ бид бодсон ярьсан даруйдаа л аливаа санаагаа ажил хэрэг болгож байсан бол өдийд ихийг бүтээсэн байх байсан. Ингэж бодоод өдөр тутмынхаа ажил үйлийг анзаарлаа. Мөнгөтэй болохоороо янзлуулна, сайхан дулаахаар хийнэ, тэгж байгаад нэг заваараа мэхэлж цэгцэлнэ гэж хойш тавьсан хичнээн их зүйл байна вэ? Эрхэм уншигч та ч гэсэн өөрийгөө нэг анзаараарай. Цаг хугацааг ямар үр ашиггүй зарцуулж байна вэ, бид чинь.
Хичнээн их зүтгэж хөдөлмөрлөсөн ч хойш тавьсан ажил бүр санаанд оромгүйгээр биднийг чангаадаг байна. Тиймээс хэл сурахаар шийдсэн бол яг одоо эхэл, жингээ хасах зорилготой бол бас л одоо хоол хүнсээ хяна. Мөнгө цуглуулж хадгалаар шийдсэн бол бас л яг одоо хуримтлуулж эхлээрэй. Дараа гэсэн бүхэн үргэлж алдагдсан боломж байдгийг санаарай.
