




Хятадын зохиолч Лиү Жэньюнийн "Гурван намраас урт ганц өдөр" романыг нэрт хятад судлаач, профессор М.Чимэдцэеэ монгол хэлнээ орчуулж тэрхүү номын нээлт Хятад-Монголын соёлын төвд боллоо. Номын нээлтэд зохиолч өөрийн биеэр хүрэлцэн ирсэн бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжуань хүрэлцэн ирж, үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ:
- Хятад-Монгол хоёр орны соёлын солилцооны хүрээн дэх томоохон үйл явдлын нэг нь “Гурван намраас урт ганц өдөр” номын нээлт юм. Энэхүү ном монгол уншигчдын гарт очсоноор хятадын уран зохиолыг илүү ихээр таних боломжийг олгож байгаагийн зэрэгцээ хоёр орны соёлын солилцоо, иргэд хоорондын ойлголцолд хувь нэмрээ оруулах нь дамжиггүй гэж тодотгов.
2021 онд хэвлэгдсэн энэхүү роман одоогоор англи, орос, итали, япон, швед, турк, монгол зэрэг дэлхийн олон хэлээр орчуулагдан хэвлэгдээд байгаа алдартай бүтээл юм.
Зохиолч Лиү Жэньюнь орчуулагч М.Чимидцэеэтэй нэг жилийн өмнө Наньжин хотод анх танилцаж, номоо бэлэглэсэн нь өнөөдрийн үр дүнд хүргэжээ. Түүний дотор бичсэн ном нь Монгол, Хятад хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, Найрамдлын 7 хоногийн үеэр монгол уншигчдын хүртээл болж байгаа нь азтай явдал юм хэмээн зохиолч олзуурхан хэлсэн юм.
