solongonews
Д.Дулмаа: Нярайн хамгийн анхны асаргаа ХӨХӨӨР ХООЛЛОЛТ-оос эхэлдэг
2015-12-28 18:21
Нийслэлийн III амаржих газрын Сувилахуйн арга зүйч Д.Дулмаатай ярилцлаа. Тэрээр сүүлийн 15 жил эх, нярайн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсд хүчин зүтгэж байна. Бидний ярилцлага эх, хүүхдийн эрүүл мэнд, түүнтэй холбоотой асуудлаар өрнөсөн юм.
-Ярилцлагаа эхчүүдийн төрөлтөд бэлтгэх сэдвээр эхэлмээр байна. Ерөнхийд нь тайлбарлавал жирэмсэн эхчүүд маань
төрөлтөндөө бэлтгэхийн тулд ямар бэлтгэл хангасан байх ёстой юм бол? 
 
-Төрөлтийн талаарх боловсрол нь жирэмсэн эмэгтэй,эхчүүд,хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд эрүүл хүүхэд төрүүлэхэд зайлшгүй шаардлагатай.Төрөлтийн талаарх боловсрол 3 үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
 
1.Хэвийн төрөлтийн үргэлжлэх хугацаа, хэзээ эмнэлэгт хандах ёстой, умайн базлалт, үтрээний хэвийн болон хэвийн бус шүүрэл, цус алдалтийн талаар мэддэг байх, сүүлийн 10 хоногт хүүхдийн хэвийн өсөлт, хөдөлгөөнийг сайн хянаж байх. 
 
2.Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрөх тул өөрийн эрүүл мэндийг сайн хянах, хүүхдийг эхийн хэвлийд бий болох үеэс л эцэг эхчүүд өөсрдөө төрөлтийн талаар ойлголттой болох, эцэг эх болох дадлага хийх, сэтгэл зүйгээ сайн бэлдэх, төрөлтийн явц үргэлжлэх хугацаанд сөргөөр нөлөөлдөг айдсыг даван туулах, сэтгэл түгшилгүй аз жаргалтай эцэг эх болоход бүх хүч оюун ухаанаа дайчлан өөртөө итгэлтэй, эх үрийн сэтгэл ханамжтай байх  3.Төрөлтийн талаарх боловсрол олгох сургалтанд гэр бүл, найз нөхөдтэйгээ оролцож мэдээлэл авах хэрэгтэй байна.  
 
-Хөх хагарахаас эхлүүлээд төрсний дараа ядарч сульдах, үс унах, шүд цоорох гээд олон хүндрэл эхчүүдэд маань гардаг. Эдгээр хүндрэлээс сэргийлэхийн тулд эхчүүд маань төрөхөөс өмнө юунд анхаарах хэрэгтэй вэ. Наад зах нь хөхөө хагарахаас хамгаалахын тулд төрөхийн өмнө ямар арга хэмжээ авах вэ?
 
-Хөх бүрт 15-20 сүү ялгаруулах цорго байх ба хөхний булчирхай нь жирэмсэн үед өсч боловсрдог, хөх нь ойролцоогоор гуравны нэг дахин томордог. Төрсний дараа хүүхдээ зөв байрлалд, зөв өмхүүлж, зөв хөхүүлэх нь чухал. Хэрвээ буруу хөхүүлбэл л хөхний толгой амархан хагарах эрсдэлтэй. Хөхний толгойг жирэмсний сүүлийн долоо хоногт цэвэр усаар угаах имрэх, татах хөдөлгөөн хийж дасгах хэрэгтэй. Хөхний толгойг сайн анхаарах нь чухал. Хэрвээ шигдсэн толгойтой байх бол хамгийн анхны хэцүү бэрхшээл буюу хүүхдэд хоололтын бэрхшээл үүсэх тул онцгой анхаарах эрүүл мэндийн ажилтнаас зөвлөгөө авах нь чухал юм.
 
-Төрсний дараа эхчүүд маань сүү оруулна гээд маш их хэмжээний гурилан боов, хуурай идэх юм иддэг. Энэ нь зөв үү. Ер нь сүү оруулахын тулд эхчүүд маань хооллолтондоо ямар төрлийн хүнс сонгох хэрэгтэй юм бол.
 
-Хөхүүл эмэгтэйн хоолоор авч байгаа тэжээл хүүхэд эрүүл чийрэг бойжих болон ээжийн биеийг эрүүл чиирэг байлгахад шаардлагатай байдаг. Хөхүүл ээж сайн чанартай, тэжээллэг хоол хүнсээр хооллох хэрэгтэй. Сайн хоолны дэглэмд өөх тос, давс багатай, бага чихэр агуулсан эслэгтэй, сүү тараг, жимс ногоо идэх, халуун ногоо бага байх, баталгаат хүнс зэрэг орно. Хүүхдээ хөхүүлсний дараа заавал шингэн зүйл хэрэглэх, хоолоо сайн идэх хэрэгтэй. Ээж нар аа, таргалалтаас бүү ай. Төрснөөс хойш зургаан сарын дараагаас ээжийн бие физиологи хэвийн болох, харин энэ үеэс тохирсон дасгал хөдөлгөөн, зөв хоололт зэрэгтээ анхаарах хэрэгтэй гэдгийг онцгойлон дурдъя.
 
-Зарим анхан төрөгч ээжүүд маань төрсний дараа нярайн арчилгааны талаар сайн мэддэггүй. Тиймээс нярайн арчилгааны талаар ерөнхий зөвлөмжөөсөө хуваалцаач?
 
-Нярайн хамгийн анхны асаргаа ХӨХӨӨР ХООЛЛОЛТ амьдралын эхний цагт буюу 2 цагийн дотор хүүхдийг амлуулах, идэвхтэй хөхүүлэх, хөхөх рефлексийг маш сайн дэмжих, сургах хэрэгтэй. Хүүхдийг зөв байрлалд, зөв өмхүүлснийг шалгах, зөв хөхүүлэх нь чухал. 24 цагийн дотор 8-12 удаа, хөхөө нэг цагт 30-45 минут хөхүүлэх, доод тал нь 6-8 удаа 2-3 цагаас дээш унтуулалгүй сэрээж хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд хуурайлах үед шээсний гарц сайн, өнгө цагаан байвал хооллолт сайн байгаагийн шинж тэмдэг юм.  
 
-Нярай хүүхдээ борогшуу, чийрэг болгон бойжуулахын тулд өдөр тутмын асаргаандаа ээжүүд маань юунд анхаарах хэрэгтэй вэ. Ерөнхий тойм арчилгааны талаар уншигч ээжүүдтэй маань хуваалцаач?
 
-Нярайн асаргаа сувилгаа бол сар сарын өсөлт бойжилтонд таарсан онцлогтой байдаг. Жишээлбэл шинэ төрсөн буюу 1 сартай нярай гэхэд өдөр болгон усанд оруулах, өдөрт 6-8 удаа 2 цагийн зайтай болон хүссэн үед нь хооллох хэрэгтэй. Уйлах нь тэд бусдыг дуудаж,бусадтай харилцаж байгаагийнх нь илрэл юм. Тэврэх хайрлах, илэх, магтах, үгээр тайтгаруулах, дуулах ба тайвшруулах зэргийг хүүхэд зөн билгээрээ мэдэрдэг. Ер нь нярай хүүхдүүд маань цөмөөрөө 6 дахь мэдэрхүйтэй зөн билэгчид байдаг юм. Тийм учраас хүүхдээ сайн мэдэрч, өдөр болгон ажиглаж, эх, үрийн холбоо сайн үүсгэх, хүүхдийг энхрийлж хайрлах, эелдэг хандаж хайрын гармоноо их ялгаруулж сүүний гарцаа нэмэгдүүлэх нь чухал гэдгийг ээж нартаа хэлмээр байна. 
 
-Нярайн хүйг хэрхэн арчлах вэ. Хүйг нь норгож болдоггүй гэдэг биз дээ. Тэгэхээр ээжүүд маань хэрхэн хүүхдээ усанд оруулах вэ?
 
-Нярай хүүхдийг хэрхэн арчлах талаар зарим зүйлийг тодруулж хэлье. Шинэ төрсөн нярайн хүйг нь хуванцар хавчаараар хавчин 24 цагийн дараа уг хавчаарыг авдаг. Хүйний үлдэгдэл нь хуурай ил боолтгүй байлгасан нөхцөлд 7-10 хоногийн хугацаанд унах ёстой. Хэрэв хүй цөглөхгүй удаж шарх бохирдвол хүйг цэвэр усаар савандаж угаагаад, цэвэр алчуураар дарж хатаана. Хүйн шархыг тойрон арьс улайж, идээ гаран эвгүй үнэр гарвал эмчид хандах хэрэгтэй.
 
Нярайн нүдийг цэвэрлэхдээ хүүхдийн нүүр, хүзүүг өглөө бүр бүлээн усаар угааж занших, нүд нуухтах үед эмчид үзүүлэх шаардлагатай. Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар угаана. Чихний ар хүзүү, суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, цацлагын аль тохирохыг хэрэглэнэ. Хүүхэд баасан тохиолдол бүрийн дараа бөгсийг угааж хуурай болтол арчина.
 
Нярай хүүхдийг усанд оруулах дараахь зүйлийг анхаараарай:
 
-Нярайг усанд оруулж, төрөх үеийн түрхлэгийг арилгахыг түр азнах хэрэгтэй. Хэрэв нярайн арьс цус, зунгагаар их хэмжээгээр бохирдсон эсвэл нярайг төрсөн даруйд нь усанд оруулдаг ёс заншилтай бол хүүхдийг төрсний дараах 2-6 цагт 37 хэмтэй усанд оруулж болно.
 
-Усанд оруулахдаа дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
-Өрөөний хэсэг болон буланг дулаацуулах
-Дулаан үүсгэгчийн ойролцоо, усны хэмийг тохойгоо дүрэн шалгасан бүлээн усанд, хүүхдээ нүцгэлээд, гараараа барьж оруулна.
-Түргэн зөөлөн хөдөлгөөнөөр хүүхдийг угаана.
-Хүүхдийг уснаас гаргангуут бүлээн хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулан арчина.Хамгийн түрүүнд малгай өмсгөх хэрэгтэй 
-Хүүхдийг түргэн хувцаслаж өлгийднэ. 
-Хүүхдийг сайн хөхүүлнэ, дулаан байлгах нь чухал
 
-Ийм үнэтэй сайхан зөвлөгөө өгч байгаа танд баярлалаа. Дахиад асуулт байна. Нярай хүүхдийн хамар битүүрлээ гэж их ярьдаг. Хамар нь яагаад битүүрдэг юм бол. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ?
 
-Нярай хүүхдийн хамар жижиг нарийн байдаг тул амархан битүүрдэг юм. Хамар нь шингэн нустай байвал нойтон эрчилсэн хөвөнгөөр зөөлөн эргүүлж цэвэрлэнэ. Олон удаа цэвэрлэвэл хамрын салст хөөдөг учир анхаараарай. Мөн хөлийг нь дулаан байлгах хэрэгтэй. Агаарын хэрэгцээ их хэрэгтэй байдаг учраас хамрыг нь сайн цэвэр байлгах хэрэгтэй.  Хүүхдийн өсөлт хөгжилтөнд цэвэр агаар нэн шаардлагатай. Дулааны улиралд хүүхэд төрснөөс хойш гадаа гаргаж, 2-3 долоо хоногтойгоос нь дулаахан хувцаслаж 10-15 хэмээс илүүгүй хүйтэнд салхигүй тогтуун үед агаарт гаргаж болно. 
 
-Ярилцлагынхаа төгсгөлд сүүлийн асуултыг танд үлдээж байна. “Монголжингоо” сайтад дэлгэрэнгүй ярилцлага өгч, эхчүүд, ээжүүдэд маань өөрийн алтан туршлагаасаа хуваалцаж, үнэтэй зөвлөгөөгөө харамгүй хайрласан танд маш их баярлалаа?
 
-Энэ тавдугаар сарын 5-12-ны өдөрүүдэд “Дэлхийн эх баригч, сувилагч нарын баярын өдөр” тохиож байгаатай холбогдуулан Монголын мянга мянган эх баригч, сувилагч нартаа баярын мэнд хүргэе. Та бүхний эх, хүүхдийн төлөөх ариун цагаан үйлс улам батжин дэлгэрэх болтугай
 
Та бүхэн Д.Дулмаа сувилахуйн арга зүйчээсээ асуулт асуух бол доорх "Эмчээс зөвлөгөөө авах булан"-д сонирхсон асуултандаа хариулт авч болно шүү.
 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл