solongonews
Амьнаас ургасан амийг хайрлаарай
2015-12-28 18:21
Намайг оюутан байхад манай гэрт ээжийн шавь нэгэн бүсгүй ирсэн юм. Ээж минь дунд сургуулийн багшаар насаараа ажиллаж байсан. Харин тэр бүсгүй намайг дөрөв тавхан настай байхад ээжийн ангид арван жилээ төгссөн нэгэн байв.
Цүдгэр гэдэстэй тэр эмэгтэй хөдөөнөөс хотыг зорин ирсэн шалтгааныг би сайн ойлгоогүй байсан юм. Ээжтэй ярихыг нь сонсоход хэдийнэ таван сар тээсэн үрээ авахуулахаар ийнхүү нийслэлд ирсэн нь тэр байж. “Яаж ингэж болдог юм бэ” гэсэн ээжийн минь гайхашрал, айдас, харуусал шингэсэн харцны өөдөөс тэр “Нөхөр маань энэ хүүхдийг огт хүсэхгүй байгаа юм. Бид шийдвэрээ гаргасан” гэхээс өөр зүйл хэлээгүй. Харин тэр шөнө би түүний хэвлий дэх хүүхдийг өрөвдөж уйлж хоносон.
 

Маргааш өглөө нь гэрээс гарч одсон бүсгүй манайд дахин ирээгүй. Ээжээс лавлахад шийдвэрээ хэрэгжүүлчихээд нутгийнхаа зүг жолоо залсан байжээ.

 
Энэ түүх надад бараг л өдөр бүр бодогддог. Хүний тоонд багтаж, эрхтэн тогтолцоо нь бүгд бүрдчихсэн бяцхан хүнийг зөвхөн “Хүсээгүй” гэдэг шалтгаанаар “хөнөөж” орхисон нь одоо хэр нь сэтгэлийг минь хайрч хүйт даалгадаг. Бүхэл бүтэн хүнийг шүү дээ.
 
Эхийнхээ гэдсэн дотор бойжиж буй ураг уйлж, инээж, бүр бидний дууг сонсоод дургүйцэл, баяр хөөрөө илэрхийлж нүүрээ үрчийлгэж, эсвэл мишээдэг гэж эмч нар хэлдэг. Гэхдээ хэн ч тэдний энэ дуу чимээ, инээд, баяр хөөр, нулимсыг эхийнх нь хэвлийн цаанаас олж харж чадахгүй. Тэгэхээр л буруугүй буруутан болж чичлүүлсэн бяцхан иргэдийн хэчнээн нь хэнд ч сонсогдохооргүй хэрхэн хашгирч буцдаг бол гэхээс өөрийн эрхгүй сэтгэл өмрөх...
 
Бүсгүйчүүд, хосууд маань гэр бүлээ зөв төлөвлөж, жирэмслэлтээс хамгаалах аргуудаас тохирохыг нь цаг алдалгүй хэрэглэж, хүүхэд бүхнийг хүссэн жирэмслэлтээс төрүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч явна.  Амьдралд ам гарч болдоггүй, хувь заяаны эргүүлэгт хэзээ ч хөмөрч мэдэх завинд сууж яваа болохоор энэ орчлонд юуг ч өөртөө амалж чадахгүй нь. Гэхдээ л хорвоогийн үргэлжлэлийг бүтээгч эмэгтэйчүүд бидний тавилан нялх үрсийн минь өмнө үргэлж ивээл хайр даллах болтугай гэж залбирч байна.
 
Монголхатагтай  
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл