solongonews
Шалбархай өвдөг /өгүүллэг/
2015-12-28 18:21
"Дэлхийн хаана ч төөрүүлсэн аав нь хүүгээ олоод ирнэ” гэж хэлсэн юм. Тэгж амлаж байсан аав Түвшээг арван настайд нь орхиод явжээ. Аавынхаа үгэнд итгэж үнэмшсэн Түвшээ хүүгийн эцэг болж, эрийн цээнд хүрсэн ч "Төөрүүлэн орхисон ч хүү дээрээ ирнэ" гэсэн үгийг санаж хүлээсээр эцэст нь цөхрөн үзэн ядаж буйг хэн мэдэх билээ.
Олон хүн цугласан цэцэрлэгт Түвшээ бяцхан  хүүгээ тоглуулж байлаа. Хүүхдүүдийн шуугиан, хөөрөн баясах чимээ хөгжилтэй ч  бага зэрэг яршигтай санагдана. Гэтэл Түвшээгийн хүү гулсуур дээрээс их л хүчтэй уначихаад  "Аав аа, аав аа" хэмээн ориллоо.
Ийн орилох боловч босохгүй хэвтээ хүүг харсан  хүмүүс “Яанаа, хүүхэд уначихлаа. Зүгээр л байгаа даа”, “Аав нь хаана байна аа, хүү нь уначихаад байхад” гэж  шуугилдана. Түвшээ тээр холоос: 
-Босоорой, Энхбаяр аа, босоорой гэж хашигчаад ирж босголгүй тэндээ суусаар байв. Хүү аавыгаа ирж босгохыг хүлээж чангаас чанга чарлан  хэвтсээр...
-Хүүшээ, энэ одоо ямар сонин аав бэ? Хүү нь уначихаад байхад хэнэг ч үгүй суугаад байдаг. Энэ лав хойд эцэг нь байх. Балиар амьтан  нялх амьтантай яаж ингэж харьцаж чадаж байнаа гэж хүмүүсийн жиг жуг хийх  нь Түвшээгийн чихэнд сонсогдовч юу ч дуулаагүй царайлж “Энхбаяр аа, өөрөө бос. Эр хүн шиг босоод алх” гэж хэлсэн боловч хүү уйлж хэвтсэн хэвээр.Түвшээ босч хүүгээ түргэхэн шиг газраас өндийлгөөд их л ширүүн дориунаар:
-Өөрөө босож сур. Эр хүн юм байж. Би үргэлж чиний дэргэд байхгүй ч байж мэднэ. Тэр үед чи аав аа гээд уйлсаар л байх уу? Аавыгаа хүлээлгүйгээр  өөрөө өндийж сур гэж загнав. Дөрвөн настай хүүтэйгээ том хүнтэй ярих мэт ширүүлж байгаа нь тэнд байсан хүмүүсийг улам гайхшруулав.
 
 Хорин найман жилийн тэртээ яг л энэ тоглоомын талбайд Түвшээ унаж өвдгөө шалбалж билээ. Тэгэхэд аав нь ухасхийн босч ирээд “Аавыгаа байхад битгий уйл. Аав нь  хүүгээсээ  холдохгүй.  Дэлхийн хаана ч   төөрүүлсэн  аав нь хүүгээ олоод ирнэ” гэж хэлсэн юм. Тэгж амлаж байсан аав Түвшээг арван  настайд нь орхиод явжээ. Аавынхаа  үгэнд итгэж үнэмшсэн Түвшээ  хүүгийн эцэг болж, эрийн цээнд хүрсэн  ч  "Төөрүүлэн орхисон ч хүү дээрээ ирнэ" гэсэн үгийг санаж  хүлээсээр эцэст нь цөхрөн үзэн ядаж буйг хэн мэдэх билээ. Түвшээ хүүгээ аав шигээ орхиж явах гээгүй нь мэдээж. Гэхдээ хүү нь ямар нэгэн нөхцөлд,  хэзээ нэгэн цагт өвдөгдөө биш, сэтгэлдээ шалбархайтай үлдэж шаналах вий гэхээс тэр үнэхээр их айдаг. Тиймээс амьдралын ямар ч үед зоригтойгоор босоод алхах хүчтэй болоосой гэсэндээ хүүдээ  ийн хатуухржээ.   
 
Зохиолч Л.Мөнхчимэгийн “Зүрхэн хэлбэрт үүл” номноос 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл