Сэтгэл судлаач доктор Оюун-Эрдэнэ зөвлөж байна
2015-12-28 18:21
Гэр бүлийн амьдралд сэтгэл ханамжгүй байгаа ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээсээ үүдээд тодорхой өөрчлөлтүүдийг зориудаар хийх боломжтой.
Өөрчлөлт гэр бүлийн амьдралд ус агаар шиг хэрэгтэй
Өөрчлөлт гэр бүлийн амьдралд ус агаар шиг хэрэгтэйГэр бүлийн амьдралд туулсан он жилүүдийн мөчлөгүүдээс үүдсэн гарцаагүй тулгардаг өөрчлөлтүүд зайлшгүй ирдэг. Энэ бол залуу гэр бүл, дунд насны гэр бүлүүд, мөн ахмад гэр бүлүүд гэсэн ангиллаар зайлшгүй тохиодог жам ёсны өөрчлөлтүүд юм.
Өөрөөр хэлбэл насны жаягаар гэр бүл бүхэнд ийм өөрчлөлт нүүр тулдаг. Гэтэл хүсээгүй байхад хяслан болж тулгардаг сөрөг өөрчлөлтүүд ямар ч насны гэр бүлд учрах нь бий. Залуу насны оргилуун амьдрал, сэтгэл хандлага сэм сэмхээн бүүдийж, нэгэн хэвийн уйтгартай амьдраад байгаа ч юм шиг, үл ойлголцол хүрээгээ тэлж, улмаар хөндийрөл үүсэн, заримдаа маргаанаар үргэлжлэх асуудал ч гардаг.
Гэр бүлийн амьдралд сэтгэл ханамжгүй байгаа ийм асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгээсээ үүдээд тодорхой өөрчлөлтүүдийг зориудаар хийх боломжтой.
Өөрчлөлтийг хэрхэн яаж хийх вэ?
- Хосуудын хооронд үл ойлголцол, зөрчил маргаан үүсгээд байгаа асуудлын уг үндэс учир шалтгааныг эхлээд ол. Асуудлыг олоод харчихсан тохиолдолд тухайн зүйлийг өөрчлөх тийм ч хэцүү биш.
- Эерэг өөрчлөлтийг хэнээс эхлэх вэ гэвэл өөрөөсөө эхэл. Өөрөө өөрчлөгдөхгүйгээр бусдыг шахаж тулгаж шавдуулаад амжилт хэзээ ч олохгүй. Өөрчлөлт өөрчлөлтийг бий болгодог юм.
- Амьдралаа чагна, бодитоор дүгнэ. Бидний амьдрал 3 жилийн өмнө, магад 5 жилийн өмнө ямар байв?, одоо харин юу өөрчлөгдөв?, цаашдаа ямар байх бол? Энэ 3 цагийн хэлхээнд таны амьдралд ямар өөрчлөлт бий болсон нь харагдана. Эерэг сайхан өөрчлөлт нь илүү их байваас улам өнгөл. Харин сөрөг тал нь давуу, уруудах доройтох шатаар гулсаж яваа бол одоохон түүнийг зогсоож, эергээр өөрчлөх алхмыг бага багаар хий. Эерэг өөрчлөлт хийхийн тулд санаачлага, зүтгэл хамгаас чухал.
- Гэр бүлээрээ хамт байх цаг хугацаа, хамтын зорилгоо өөрчлөн төлөвлө. Аялал зохиож, хөгжилтэй дурсамжтай мөчүүдийг бий болгох нь эерэг сайхан өөрчлөлт авчирдаг.
- Шинэ хоббитой бол, халуун дулаан харьцаатай гэр бүлүүд, найз нөхөдтэйгөө хамтын сайхан үдэш, мартагдашгүй өдрүүдийг бүтээ.
- Гэр бүлийнхээ амьдралын соёлыг өөрчлөхийг хичээ. Байнга иддэг хоолны жороо 7 хоногоор ор тас өөрчлөх, цагийн менежмент, ажлын хуваарьтаа өөрчлөлт хийх зэргээр боломж хязгааргүй байдгийг сана
- Амьдрах орчноо өөрчил. Цонхныхоо хөшгийг солих, тавилгынхаа байрлалыг солих зэрэг шууд харах мэдрэмжтэй холбоотой өөрчлөлтүүд нь гэр бүлийн ая тух, уур амьсгалд гэрэл нэмдэг.
Өөрчлөлт гэр бүлийн амьдралд ус агаар шиг хэрэгтэй. Үүнийг хамтдаа болон санамсаргүйгээр бэлэг барих сюрприз болгон хийж болно.
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
