Хүмүүс Хятадад аялъя, Хятадаас хаврын хүрэм захиалъя гэх юм уу, Таиландын наргил модноос саяхан түүж авсан шинэхэн наргил амталъя гэх зэргээр ярьдаг болсон. Энэ бол Агаарын тээвэр хөгжихийн хэрээр Хятад улс болон дэлхийн орон зай улам ойртсоор буйн бодит жишээ болж буй юм.
Саяхан Гаалийн ерөнхий газар нь Үндэсний цагаачлалын газар, Хятадын Иргэний агаарын тээврийн газар зэрэг газруудтай хамтран "Нисэхийн боомтуудын гаалийн бүрдүүлэлтэд тус дөхөм үзүүлэх хэд хэдэн хөтөлбөр" гаргасан нь агаарын тээвэрт илүү үр өгөөж авчирсан юм. Хятадын агаарын боомтуудын өнөөгийн хөгжил ямар байна вэ? Хил дамнасан зорчигч, ачаа тээврийн сүүлийн үеийн онцлог юу байна? Гаалийн бүрдүүлэлт хөнгөвчлөх ажил ямар шинэ үе шатанд байгаа вэ?
Нислэг тав тухтай байна
Гаалийн бүрдүүлэлт хөнгөвчлөгдөв
Аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа Хү Жиньфү 03-р сарын 18-ны өглөөний 07:00 цагт Шямэнь-Сингапур чиглэлийн MF851 нислэгт гарахаар бүртгэлээ гүйцээгээд нисэх танхим руу оров. Нисэх танхимд хэдий ачаалал ихтэй байсан ч тэр олон улсын нисэх онгоцны танхимаас бүртгэлээ дуусгах хүртэл гурван минут л болсон юм.
Цаг алдахгүй хилийн боомтоор маш хурдан нэвтрэх болсон нь боомтын хяналтын чанарт нөлөөлөх үү? Шямэнь хотын гаалийн харьяа дахь нисэх онгоцны буудлын гаалийн газрын орлогч дарга Жү Шинжюнь:
- Хилийн боомтоор маш хурдан нэвтрэх болсон нь анхаарал халамж тавихгүй гэсэн үг биш, харин илүү нарийн хяналт, үйлчилгээ үзүүлж байна. "Ухаалаг гаалийн бүртгүүлэлт"-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлснээр тээшний бүртгэл хийх явцад зорчигчдын дүрс, ачааны зургийг гааль, хяналт шалгалтад шууд илгээж, зорчигчдын ачаа тээшийг түргэн шуурхай шалгаж гаргадаг болсон гэж ярилаа.
Өдгөө авч буй 16 тодорхой арга хэмжээнд аюулгүй байдал, үр ашигтай байдлыг илүү сайн хослуулж, агаарын боомтуудад зорчигч болон ачаа тээвэрлэлтийн шалгалтыг хөнгөвчлөхөд тулгардаг саад бэрхшээлийг шийдвэрлэхэд чиглэж байна.
Гадаадын иргэд Хятадад бизнес эрхлэх, аялахад илүү хялбар дөхөм болов. Саяхан Оросын зорчигч Александр Андреев CA910 нислэгээр Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд ирсэн байна. Тэрээр өмнө нь Бээжинд олон удаа ирж байсан бөгөөд энэ удаад Чэндү хотод очиж панда үзэхээр төлөвлөжээ. Энэ удаад Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн бүрдүүлэлтийн хөнгөвчлөх арга хэмжээ Андреевд халуун дулаан мэдрэмжийг төрүүлсэн байна. Андреев:
- Москвагаас Бээжингээр дамжин Чэндү рүү явсан. Энэ явцад нислэг дамжсан ч өөрөө ачаагаа зөөх шаардлагагүй байсан. Харин ачааг маань зорьсон газар хүртэл нь хүргэж өгсөн. Энэ нь ч маш сайхан санагдлаа гэж тэрээр хэллээ.
- Олон улсын найз нөхөд Хятадад ирж, эндхийн соёл, хоол хүнс, гоо сайхныг мэдэрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны төслүүдтэй танилцахыг бид тэсэн ядан хүлээж байна гэж Бээжингийн нисэх онгоцны буудлын гаалийн зорчигчдын хяналтын нэгдүгээр хэлтсийн дарга Гао Яньжүн хэлэв.
Ачаа тээвэрлэлт дөхөм хялбар
Хэрэглэгчид бараа бүтээгдэхүүний олон сонголттой болов
Агаарын боомтууд импорт, экспортын барааны гаалийн бүрдүүлэлтийн үр дүн сайжирсаар байгаа бөгөөд улсын дотоод, гадаадын хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүний олон сонголт бий болгов.
Далайн хоол идэхээр жишье. Уламжлалт үзэл баримтлалд далайн хоолыг гагцхүү далайн эргийн бүс нутгийн хүмүүс л иддэг юм шиг санагддаг. Эдүгээ агаарын боомтод түшиглэн Сычуань, Чүнчин зэрэг дотоод бүс нутгийнхан ч шинэхэн далайн хоол идэх болов. 8000 километрийн зайд орших Фарерын арлуудын гүн тэнгисээс хулд загас барьж, Чэндү хотод ихэвчлэн 48 цагийн дотор хүргэх боломжтой болсон байна.
Сычуань мужийн олон улсын агаарын ачаа тээврийн хөгжлийн ХХК-ийн гүйцэтгэх дэд ерөнхий менежер:
- Агаарын тээврийн талаас нь авч үзвэл Сычуань, Чүнчингээс Европ руу нисэх нислэгийн зай нь Хятадын зүүн хэсгийн далайн бүс нутгуудад нисэх зайнаас богино юм. 2024 онд компаниуд Чэндү хотын Шуанлиү олон улсын нисэх онгоцны буудал, Чэндү хотын Тяньфү олон улсын нисэх онгоцны буудлаар дамжуулан Хойд Европоос бараг 6000 тонн шинэ хулд загас импортолсон байна.
Цагийн урсгалыг даган хувцасны загвар шинэчлэгдсээр Байна
- Хил дамнасан цахим худалдаа хөгжихийн хэрээр хилийн чанад дахь хэрэглэгчид хүрэм, дотуур хувцас, оймс зэрэг онлайн дэлгүүрийн захиалгад цаг тухайд нь тавих шаардлага улам бүр нэмэгдсээр байна гэж Ханжөү хотын Тянь Шян Дүн Же Юүнь ложистикийн ХХК-ийн ерөнхий менежерийн орлогч Жян Ин хэлэв.
- Хилийн чанад дахь хэрэглэгчдийн хувцасны улирлын эрэлт хэрэгцээг илүү сайн хангахын тулд худалдаачид зах зээлийн шаардлагын дагуу хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүнээ агаарын тээврээр экспортолдог болсон. “Загвар” нь гадаадын хэрэглэгчдийн сонирхолд хүрсний дараа бүтээгдэхүүнээ цаг тухайд нь үйлдвэрлэж гадаадад гаргадаг гэж Жян-Ин сонирхууллаа. Ханжөү хотын Шяошань нисэх онгоцны буудлын гаалийн байгууллага ухаалаг хяналтаар гаалийн шалгалт хийх, олон улсын агаарын тээврийн сүлжээг өргөжүүлэх зэрэг хөнгөвчлөх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй дэмжлэг үзүүлж, үйлдвэрүүдийн зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлсээр байна. Компаниуд 2024 онд Ханжөү хотын Шяошань нисэх онгоцны буудлаар дамжуулан 13 мянга гаруй тонн бараа экспортолсон бөгөөд экспортын хэмжээ энэ оны эхний хоёр сард 3578 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 200 хувиар өсөв.
Автомашины сэлбэг хэрэгслийн экспорт нэмэгдэж, үйлчилгээ сайжирсаар байна. Хятадын автомашины брэндүүд гадаадад танигдах тусам дотоодын автомашины сэлбэг хэрэгслийн экспорт нэмэгдсээр байна. Хэбэйн Ханьже олон улсын тээврийн компанийн менежер Жан Шяобөгийн гол ажил бол улсын дотоодын үйлдвэрүүдийн үйлдвэрлэсэн автомашины эд ангиудыг Чех улсад агаарын тээврээр экспортолж, Европын автомашин худалдан авагчдад өндөр чанартай засвар үйлчилгээг цаг тухайд нь хүргэх болно.
- Ерөнхийдөө автомашин засахад сэлбэг хэрэгсэл харьцангуй яаралтай байдаг. Автомашины сэлбэгийн эд ангиудыг цаг тухайд нь хүргэхгүй юм бол хүмүүсийн ажилд саад учруулна. Ши Жяжуан хотын Гаалийн байгууллага “7× 24 цаг” хэмээх 24 цагаар үйлчлэх үйлчилгээг гаргаж, гаалийн ажилтнууд ээлжээр шаргуу хөдөлмөрлөн 24 цагаар үйлчилгээ үзүүлж байна.
Хил дамнасан ачаа бараанд секундийн дотор түргэн шуурхай шалгалт хийж байна
Хятадын Иргэний агаарын тээврийн газрын мэдээлснээр: 2024 онд Хятадад (Хонконг, Макао, Тайванийг эс тооцвол) 263 тээврийн нисэх онгоцны буудал нээгдэв. 2024 онд Иргэний нисэх онгоцны буудлуудын зорчигч тээврийн хэмжээ 1,459,518,000 хүн удаад хүрч, өмнөх оныхоос 15.9 хувиар өссөн байна. Бүтэн жилийн турш шуудангаар ачаа тээвэрлэсэн хэмжээ 20.062 сая тоннд хүрч, өмнөх оныхоос 19.2 хувиар өссөн байна. Агаарын тээврийн салбар хурдацтай хөгжиж байгаа энэ үед агаарын боомтууд зохицуулалтын үйл явцыг идэвхтэй сайжруулан, хөгжлийн эрч хүчийг нэмэгдүүлж байна.
Гуанжөү хотын Байюнь нисэх онгоцны буудлын чөлөөт худалдааны бүс (Өмнөд бүс) нь аюулгүй байдлын шалгалт ба гаалийн хяналтыг нэгтгэн зэрэг гүйцэтгэх болж, агуулах, үйлчилгээ гэсэн хоёр чиглэлээр ажилладаг. Өмнө нь "Урьдаар аюулгүй байдлын шалгалт хийж дараа нь гаалийн хяналт шалгалт хийдэг" байсантай харьцуулахад аюулгүй байдлын шалгалт ба гаалийн хяналтыг нэгтгэж зэрэг гүйцэтгэх болсноор боомтын гаалийн баталгаа, логистикийн үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэв. Гуанжөү хотын Байюнь нисэх онгоцны буудлын гаалийн газраас 03-р сарын 06-нд Хятадын анхны "Аюулгүй байдлын шалгалт ба гаалийн хяналтыг нэгтгэж зэрэг гүйцэтгэх" ачааны станц албан ёсоор ашиглалтад орсон тухай сурвалжлагч мэдээллээ.
Шанхайн Гаалийн байгууллага өндөр нэмэлт үнэтэй, бага хэмжээгээр орж ирдэг бараа бүтээгдэхүүн ба хил дамнасан электрон худалдааны хөгжлийн онцлог шинжийг ойлгож, жижиг боодолтой зүйлсийн хилээр өнгөрөх гүйцэтгэлийг хурдацтай хийж, CT машинаар ухаалаг зураг хянах зэрэг техник хэрэгслийн тусламжтайгаар, хил дамнасан электрон худалдааны боодлуудыг өндөр үр ашигтайгаар хилээр дамжин өнгөрүүлсэн байна. Үүний зэрэгцээ Хөх мөрний гурвалжин хойг болон ойр орчмын бүс нутгуудад нисэх онгоцны буудлууд төвлөрсний давуу талаа ашиглан Шанхайн Гаалийн байгууллага хил дамнасан электрон худалдааны хяналтын загварыг сайжруулж, хил дамнасан электрон худалдааны боомт дамжин экспортыг дэмжиж байна. 2023 оны 09 дүгээр сард Жиашингаас Шанхай хүртэлх хил дамнасан электрон худалдааны боомт дамжин экспортлох ажил албан ёсоор эхэлснээс хойш Шанхайн Пүдүн олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн байгууллага нийт 3614.4 тонн хүндтэй, 2207 ширхэг хил дамнасан экспортын худалдааг боомт дамжуулан хянаж шалгасан байна.
Дунд баруун хэсгийн агаарын боомтын онцлох зүйлс их байна. Ганьсү мужид Тайландын шинэхэн наргилыг энэ оны 03-р сарын 09-нд анх удаа агаарын боомтоор оруулж иржээ. Тайландын шинэхэн наргилд гаалийн түргэн шуурхай баталгаа хангахын тулд Жүнчуань нисэх онгоцны буудлын гаалийн байгууллага анхны гаалийн баталгаажуулах шуурхай арга хэмжээний механизмыг эхлүүлж, импортын жимсний "ногоон суваг"-ийг нээснээр хэрэглэгчийн хэрэгцээнд тохируулан шинэхэн наргил авах боломжтой болжээ.
Саяхан Этиопийн нийслэл Аддис Абебагаас Африкийн 800 гаруй чимэглэлийн загас Чанша хотын Хуанхуа нисэх онгоцны буудалд иржээ. Гаалийн бүртгүүлэлт дууссаны дараа чимэглэлийн загасыг товлосон газарт нь аваачиж, 14 хоногийн хяналт дууссаны дараа худалдаанд гаргана.
Сүүлийн жилүүдэд Хятад улс ухаалаг тоног төхөөрөмж, технологийг бүх талаас нь нэвтрүүлснээр агаарын боомтуудад зорчигч, ачаа тээврийн түргэн шуурхай байдлыг тасралтгүй хангаж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Арга хэмжээнүүд хэрэгжүүлснээр үндэсний гаалийн байгууллага "ухаалаг хяналт, саад болох зүйл байхгүй" гэх ажлын зорилт дээр анхаарлаа төвлөрүүлж, агаарын боомтуудын өндөр түвшинд нээлттэй болгоход шинэ эрч хүч нэмж байна.

Ши Жяжуан хотын Жэндин олон улсын нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд 03-р сарын 20-ны өдөр нисэхэд бэлэн болсон нислэгийн ачаанд хяналт хийж байна. Зургийг: ХУАН ШИЛҮНЬ

Аньхүй мужийн Хуачяо балгасанд зохион байгуулагдсан сүмийн хурал дээр ханфү өмссөн гадаадын оюутнууд соёлын биет бус өвийн бүтээлүүдийг сонирхож байна. Зургийг: ШЯО БЭНЬШЯН.

03-р сарын 13-ны өдөр. Жолоочгүй ачааны чирэх машин Ханжөү хотын Шяошань олон улсын нисэх онгоцны буудалд туршин ажиллаж эхлэв Гэрэл зургийг: Синьхуа мэдээний агентлагийн сурвалжлагч ЖАНХАНЬ

Жүнчуан нисэх онгоцны буудлын гаалийн ажилтнууд импортоор оруулж ирсэн наргилыг шалгаж байна. Гэрэл зургийг: ЧЭН ЛИБАН
