solongonews
Хүүхдэд аюулгүй гэрийг хэрхэн бүтээх вэ?
2015-12-28 18:21
Шинэхэн үрдээ аюулгүй таатай гэр орныг бүрдүүлэхэд тань хэрэг болох дараахь зөвлөмжүүдийг хүргэж байна. Ингэхдээ нярай, таван сартайгаас хойш болон мөлхөж буй үе гэсэн гурван бүлэгт хүүхдийг хуваан тус бүрт нь аюулгүй орчин хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөж байна.
 
Бяцхан үрээ эрүүл чийрэг хүн болгон өсгөхийн тулд түүний амьдрах орчин хэр аюулгүй вэ, хэр тааламжтай вэ гэдэг нь хамгийн чухал. Тиймээс шинэхэн үрдээ аюулгүй таатай гэр орныг бүрдүүлэхэд тань хэрэг болох дараахь зөвлөмжүүдийг хүргэж байна. Ингэхдээ нярай, таван сартайгаас хойш болон мөлхөж буй үе гэсэн гурван бүлэгт хүүхдийг хуваан тус бүрт нь аюулгүй орчин хэрхэн бүрдүүлэх талаар зөвлөж байна. 
 
Шигдэж ордог зөөлөн ор нярай хүүхдэд аюултай 
-Утаа болон угаар илрүүлэх төхөөрөмжийг гэртээ байрлуул. 
 
-Бяцхан үрийн тань манеж, өлгийг нь солих, хуурайлах ширээ, тавцан, эсвэл ор зэрэг нь түүнийг унаж, гэмтэхээс сэргийлсэн аюулгүй эсэхийг нягтлаарай. 
-Хэтэрхий зөөлөн, шигдэж ордог орноос татгалзаарай. Энэ нь хүүхдийн доошоо харж хэвтэх үед амьсгалыг боогдуулах эрсдэлтэйг санаг хэрэгтэй. Түүнийг нэг нас хүртэл нь хатуу, шигдэж орохооргүй орыг сонгох нь зөв юм. 
 
-Түүнийг унтах үед нь хажуунаас нь дэр, гялгар уут, чихмэл тоглоом байлгахаас байнга зайлсхийгээрэй. Энэ нь мөн л хүүхдийн амьсгалахад саад болох эрсдэлтэй юм. 
 
-Нярай хүүхдийн дэргэд элдэв амьтан, юм ойлгохтойгоо болоогүй хүүхдүүдийг байлгах хэрэггүй. Тэд түүнийг хазаж, гэмтээх аюултай. 
 
-Жижиг хэсэгтэй, залгих боломжтой зүйлсийг хүүхдийн дэргэдээс хол байлга. 
 
-Түүний дэргэд элдэв халуун зүйл бүү байлга. Халуун сав, халуун хоол, халуун тогоо зэргийг хүүхдээс хол байлгах хэрэгтэй. Болж өгвөл халуун тогоо ашиглахгүй байсан нь дээр. Ихэнх айл халуун тогоог газар тавьж, хүүхдийн гарт ойр хэрэглэдгээс ихээхэн аюул үүсгэж байна. 
 
Таван сартай хүүхэдтэй бол цахилгааны залгууртаа хамгаалалт хий
 
 
-Танайх давхар байшинд амьдардаг бол шатны дээд болон доод талд хашлага хийгээрэй. Мөн хүүхэд шат руу уруудахаас сэргийлсэн нэмэлт хашлагыг ч хийхээс бүү залхуураарай. 
 
-Хүүхдийн орон дээр унжуулан өлгөсөн тоглоомуудыг аваарай. Таван сартай хүүхэд мөлхдөг, эргэдэг, авирдаг болдог тул тэдгээр жижиг тоглоомыг хэсгийг авч залгих, биеэ гэмтээх эрсдэлтэй. 
 
-Цахилгааны залгуурын хамгаалалтыг заавал суулгаарай. 
 
-Бүх төрлийн эмнэлгийн болон цэвэрлэгээний, химийн бүтээгдэхүүнийг хүүхдийн гар хүрэхээргүй газар цоожтой байлга. 
 
-Хурц өнцөгтэй шүүгээний буланд хамгаалалт хийх, огцом нээгддэг шүүгээний нүд, үүд хаалганд цоож, хавчуурга хийх нь хүүхэд гараа гавчих, гэмтэхээс сэргийлэх юм. 
-Татдаг хөшиг болон мяндсан уяаг хүүхдийн дэргэдээс хол байлга. Учир нь эдгээрт хүүхэд хоолойгоо боох аюултай. 
 
-Овор хэмжээ ихтэй тавилгуудын хөдөлгөөнийг сайтар шалгаарай. Дайвалзаж, хөдөлж байгаа бол ивэх юмыг нь хангалттай хийж өгөөрэй. 
 
-Хүүхдийг мөлхөх боломжийг бүх өрөөнд олгохын тулд газар янз бүрийн юм, саад байгаа эсэхийг, жижиг хэсгүүд байгаа эсэхийг байнга нягтлаарай. 
 
Мөлхөж, явж сурч буй хүүхэдтэй бол цонхондоо хамгаалалтын тор хий
 
-Хүүхдийн ор болон матрассыг газарт хамгийн ойр төвшинд, хүүхэд гарсан ч унахааргүй нөхцөлд байлга. 
 
-Ариун цэврийн өрөөнд аюулгүйн цоож хий. 
-Өрөөний хаалгануудад түлхүүрддэг цоож, эргүүлэггүй цоож хий. Түлхүүрийг нь хүүхэд хүрэхээргүй, олоход амар газар байлга. Хүүхэд өөрөө өөрийгөө цоожлох эрсдэлтэй гэдгийг сана. Ялангуяа шилэн хаалгыг байнга цоожтой байлгах, эсвэл огт хөдөлгөөнгүй болго. 
-Гэрийн тавилгын өнцөг, буланд зөөлөвч хий. Хүүхэд мөргөж өөрийгөө гэмтээхээс сэргийлнэ. 
 
-Хагарч болох зүйлсийг хүүхдээс хол байлга. 
 
-Зууханд хүүхэд хүрэхээс хамгаалсан хамгаалалт, хашлага хий. 
 
-Цонхоор хүүхэд унахаас сэргийлж, тор хий. 
 
-Шүүгээ, хөргөгч, хаалганд онгойхоос хамгаалсан түгжээ эсвэл саатуулагч хий. 
 
-Хөргөгчнөөс гардаг жижиг соронзон хэсгүүдээс хүүхдийг хол байлга. 
 
-Үс хатаагч сэнс, цахилгаан сахлын машин, үсний индүү зэрэг цахилгаан хэрэгслийг ашиглаагүй үедээ заавал унтрааж бай. 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл