Хүүхдээ ойр ойрхон хөхүүл
Хүүхдээ нэмэлт тэжээлгүйгээр зөвхөн хөхөөрөө хооллосноор сүүний гарц, найрлагад нөлөөлөхгүйгээр жирэмслэлтээс хамгаалах нэг арга болно. Хамгийн багадаа өдөрт гурван цаг тутамд, шөнө нэг удаа хөхүүлэх хэрэгтэй. Гэхдээ шөнийн хөхүүлэлт хоорондын хугацаа 6 цагаас хэтрэхгүй байхыг санаарай. Хүүхдээ хэдий олон удаа хөхүүлнэ жирэмслэх магадлал нь төдий хэрээр багасдаг байна.
Хөхний сүүг нэмэгдүүлэх Межестрон тариа
Межестрон буюу жирэмслэлтээс хамгаалах тариа хөхний сүүний гарцыг нэмэгдүүлдэг байна. Үүнийг төрсний дараа зургаан долоо хоногийн дараа хэрэглэдэг байна. Энэ тариаг эмчийн хяналтан дор өгзөг эсвэл бугалганы булчинд гурван сард нэг удаа тарина. Өөрөөр хэлбэл энэ тариа гурван сар хүртэл хугацаанд хамгаалах юм байна.
Ерөндөг жин болон хөхний сүүнд нөлөөлөхгүй
Бидний хэлж заншсанаар спираль буюу ерөндөгийг төрснөөс хойш 48 цагийн дотор эсвэл гурван сарын дараа эмнэлгийн нөхцөлд мэргэжлийн эмчээр тавиулна. Т үсэг шиг хэлбэртэй, ишэндээ зэс утастай нийлэг энэ эд эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг удаашруулж үр тогтохыг зогсоохдоо хөхний сүүний гарц найрлагад ямар нэг нөлөө учруулдаггүй байна. Мөн ерөндөг нь өөрөөсөө ямар ч даавар ялгаруулдаггүй учраас эмэгтэйчүүдэд таргалах болон турах нөлөө үзүүлдэггүй, хөхний сүүнд нөлөөлдөггүй байна. Төрснөөс хойш гурван сарын дараа, сарын тэмдэг ирснээс хойших тав дахь өдөр ерөндгийг умайд байрлуулдаг байна. Энэ үед тавихад ямар ч өвдөлт мэдрэгдэхгүй.
Тосон суурьтайг нь сонгоорой
Бэлгэвч зөвхөн жирэмслэлтээс хамгаалаад зогсохгүй бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн хамгаалах шалгарсан ганц арга. Бэлгэвч нь дотроо эрэгтэй,эмэгтэй гэж байдаг. Гэвч эмэгтэй бэлгэвч нь хэрэглээнд төдийлөн дэлгэрээгүй. Харин эрэгтэй бэлгэвчийг аль ч эмийн сангаас аваад хэрэглэчихэж болно. Авахдаа хугацааг нь шалгаж байхыг эмч нар зөвлөж байна. Мөн тосон суурьтайг сонгохыг санал болгож байна.
