Хайрын улирал
2015-12-28 18:21
Хавар эртний өнгө цаанаа л нэг зохируун.Цас ханзарч, цөн түрэх яагаа ч үгүй хэрнээ сэтгэлд борооны сэрүү татаж, чийг ханхийх шиг...Удахгүй газар борлон анхны ногоо газрын хөрсийг сүвлэн өндийж, надад нууцхан бодол тээн ирэх шувуудын цуваа гэрийн минь тоонон дээгүүр зэллээд өнгөрнө дөө... Ингэж бодохоор нэг л сайхан. Яг л хаа холын сураг мэт...
Хавар болохоор бодол хүртэл ургах нахиа шиг анхилуун, бас энхрийлэн өлгийдмөөр шинэхэн... Хоног хоногоор нарны илч ойртох, эмгэд нар бараадан гадаалах, илүү гэрт нялх төл майлалдах нэг л сайхан. Хүүхдийн шуугиан бүрий болтол намдахгүй, айлын хөгшин хуучин модон тэрэгний арал сандайлан суугаад тогоруухай насны дурдатгалаа хэлхэх шиг алсыг саравчилна. Саравчлах алсын алсад хөх униар дэгдэж, хөтөлгөө морьтой нэгэн наашлан айсуй нь тодорно.
Давалгаан дунд хөвөх далбаат завь мэт наашлан цаашлан, тодрон бүдгэрэн, сэтгэлийн угт учралын совин татуулах нь нэг л сайхан. Хүүдээ, ижийдээ, ханьдаа, хайртдаа зорих учралын хавар хэн хүний сэтгэлийн орон зайг эзэгнэнхэн ирэхэд гэрт жаргалын наран мандаж, ертөнцөд хүлээхийн уяас тайлагдана. Энэ л жаргалыг эдлэх гэж ижий бүхэн цайны дээжээ тэнгэртээ өргөж, эмгэд хөгшид хуучин модон тэрэгний арал сандайлан суугаад тогоруухай насны дуртгалаа хэлхэх шиг алсыг саравчлан харуулддаг юм болуу... Ай, хаврын айзам аялгуу газар дэлхийн савслагад суунаглан сүлжих цагаар толгодын энгээр хаврын униар мансууранхан дуниарч, хөдөөгийн тэнгэрлиг ахуй хүн малтайгаа тавирна.
“Торхтой усанд минь тогорууд зэллэсэн хаврын өдрүүд
Тоонот гэрийг минь нар хэссэн цоорын аялгуу шиг бүлээхэн өдрүүд
Дээрээс асгасан нарны цацраг алтан бороо
Дээлийн минь өнгө шиг дулаахан царайт хүмүүс
Толгод дамжиж дуулсан үдшийн бүүвэй тойг тойг, хаврын өдрүүд
Томоогүй үг чихэнд минь шивнэсэн зүүдний ч юм шиг гэмгүйхэн өдрүүд
Бууж үдлээгүй алжаалаа тээсэн хаврын чимээ усан салхи
Буулгандаа талхиулсан тэрэгний шар шиг ганц хоёроор гэлдрүүлэх хаврын өдрүүд”
Мөрөөдөн тэмүүлэхийн энэ өдрүүд урьд хийгээд хожмынхоос нэг л өөр, цоо шинэхэн. Униарт тогодыг өвсөн завсраар ширтэх шиг, уруулдаа шүүдрийнх нь амтыг бас мэдрэх шиг, өглөөгүүр нойтон өвсөөр хөлөө гижигдэн хаашаа ч юм гүймээр, ирж яваа шувуудын түрүүчийг тосон алс холын сайхан сургийг анхлан сонсмоор санагдана.
Хаврын аялгуу мөрөөдөл тэмүүллийг минь хөглөхүй сэтгэлд од харвах мэт зурсхийсэн гэрэл гэгээ, сэрхийх бодол, ямар нэг нандин хүсэл, эрж явсан зүйлийг минь барин тавин хэлээд өгсөн шиг ...Айсуй цагийн зөн сэтгэлд ингэж бодлын униар татуулна. Миний бодлыг дагасан уу, хавар эртний бороон дусал сэтгэлийн минь нугад хэнзлэн дусалж эхлэв ээ...
Гэгээ
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
