Чи намайг ингэж их хайрласан хэрнээ, ингэж ихээр зовоосон. Чи намайг шаналгаж хэзээ ч дуусдаггүй. Тэгсэн ч чи дэргэд минь байж л байдаг. Яагаад тэр вэ? Надад хайртай болохоороо юу, эсвэл зүгээр дассан болохоороо юу?

Анх чамтайгаа учирсан өдөр нар гийсэн зуны халуун өдөр байсан. Тэр өдөр 2-уулаа гадуур зугаалж, чиний бүх зүйл надад төгс санагдаж эхэлж билээ. Намайг гэр лүү оруулахаасаа өмнө үнсээд явсны дараа чамд би өөрийн эрхгүй татагдсан. Чиний минь гар хамгийн дулаахан, харц чинь хамгийн зөөлөн. Хэнээс ч илүү намайг гэх сэтгэлтэй. Ийм хүнийг би хайрлахгүй гээд яах юм бэ? Жаргалтай өдрүүд үргэлжилсээр хорвоо дээр зөхөн 2-уулаа юм шиг сайхан байлаа. Гэвч нэг л өдөр чи явна гэсэн. Тэр минь гадаадад амьдардаг юм л даа, түүнийг явуулна гэдгээ мартатлаа дурлалд умбасан байжээ. “Би явна, гэхдээ хэзээ ирэхээ мэдэхгүй байна, би чамдаа хязгааргүй хайртай. Би эргэж ирэх болно.” энэ чинь юу гэсэн үг вэ? Би, би тэгээд яах юм бэ?
Яах ч аргагүй хагацал чи бидэн 2-ыг салгаж миний амьдралын хүлээлтийн бараан өдрүүд эхэллээ. ..

Чамайг явснаас хойш миний амьдралын утга учир зөвхөн чи минь байсан гэдгийг би мэдэрч билээ. Чи над руу залгадаг байсан ч миний тэвэрт байхгүй байгаа нь үнэхээр хэцүү байв. Чамайг бодоогүй минут, секунд надад байхгүй. Шөнө бүр чамайг боддог, хааяа зүүдэнд минь ирдэг байсан чи одоо зүүдээ ч үлдээлгүй явчихаж байгаа юм уу? Чамайг хүлээсэн өдрүүд амьдралын минь хар сүүдэр байсан гэлтэй. Нэг л өдөр чамайг ирнэ гэж хүлээсээр байлаа. Ингэсээр нэг жил өнгөрөв. Хоёр тивийн наана цаана байгаа чи надад “энэ жил би очиж чадахгүй, уучлаарай” гэж хэлэв. Зүрх минь зогсох шиг л болов... Хос хоёрыг хол зай салгаж чаддаггүй гэдэг үгэнд би итгэсээр байсан ч, чамайг би хайрлахаа больсон гэдгээ мэдэрч байв. Бидний дунд хайр байхаа больж энгийн нөхөрлөл үүсэж эхлэв. Хааяа утсаар ярьж мэнд мэдэлцээд өнгөрцгөөдөг байсан ч битүүхэндээ түүнийг би бодсоор л байсан юм. Надад өөр залуучууд байсан. Гэвч яагаад ч юм тэд чамайг хэзээ ч гүйцэхгүй, өгсөн хайрыг чинь нөхөж өгч чадах хүнийг би хайсан ч надад хэн ч олдоогүй.
Дахин жил өнгөрөв. Миний сэтгэлд чи бараг байхаа больсон ч чи надтай холбоотой хэвээр байлаа. Чи нэг охинтой үерхэж байгаагаа надад хэлсэн, гэвч тэр охин нь монголд байдаг гэх юм. Бас баяртай мэдээ дуулгав “Удахгүй сарын дараа монгол очино” үүнийг сонсоод миний зүрх өөрийн эрхгүй догдолж байсан ч, чи өөр эмэгтэй хүнтэй хамт байна гэхээр...
Чи монголд ирсэн гэдгийг сонсоод догдолсон зүрх минь багтаж ядан чамтай уулзахаар очив. Би бүтэн 2 жил зөвхөн энэ өдрийг хүлээсэн. Миний хүлээлт ингээд дуусдаг юм байжээ. Түүнийгээ хараад л би тэвэрлээ. Хэд хэдэн цаг ярилцаж суусны дараа тэр өөр охинтой үерхэж байгаа гэдгээ дахин хэлэв. Би сэтгэл зүрхнээс нь арчигдсан бололтой. Гэтэл би түүнийг арчиж хаяахаас ч хайрлаж байсан. Зүгээр л нэг охин гарч ирээд хүлээсэн өдрүүдийг минь баллаад, нураагаад хаячихна гэж би санасангүй. Тэр охиныг яагаад ч юм үзэн ядаж байлаа. Нэрийг нь сонсохоос ч, зургийг нь харахаас ч зэвүү хүрээд байв. Гэвч ингэлээ гээд чи минь буцаж ирэхгүй учраас дэмий гэдгийг ойлгож байлаа. Тэр минь удалгүй буцна гэсэн. Харин тэр охин миний хүлээхийн шаналалыг дахин мэдрэх нь тун тоогүй.
Зөвхөн түүнийг дэргэдээ байлгах гэж энэ хүртэл ирсэн байтал миний урам маш ихээр хугарав. Эмэгтэй хүн нэг хайрлахаараа зогсохоо мэддэггүй дэндүү үнэнч хүмүүс юм. Эцэст нь эмэгтэй хүн яагаад үнэнч байснаараа хохирдог юм бэ? Эмэгтэй хүн нэг хайрлахаараа бүхнээ зориулдаг учраас уу? Эсвэл эрчүүд бүхнээ зориулахаас эмээдэг юм болов уу? Бие холдвол сэтгэл холдоно гэж үнэхээр үнэн үг юм... Дахин би чамайг хүлээж, хайрлаж сэтгэлээ шаналагамааргүй байна. Баяртай, алс холын хайр минь...
