Багш бид хоёр
2015-12-28 18:21
/миний хайрын түүх/
2004 оны цасбударсан хоёрдугаар сар. Түм буман цасан ширхэгүүд дундаас цайран харагдах тод өнгийн цасны хувцастай залуу биднийг чиглэн инээсээр алхана. Энэ махлаг цагаан залуу бол манай ангийн англи хэлний багш. Цасны баярт би ч бастод улаан хувцастай байсан болохоор манай ангийнхан багш бид хоёрыг хос болгож наргицгааж байв. Багш манай ангийг дааж аваад удаагүй байсан бөгөөд бид энэ үеэс уулздаг болсон юм. Нэг өдөр би хичээл эхлэх цагаас нилээн эрт ирлээ. Ангийн хаалганы дэргэд очтол багш хүйтэн шалан дээр хөлөө жийгээд суучихсан ном уншиж байв. Би сандарч,
- Багшаа, ийм хүйтэн чулуун шалан дээр суухаар доороосоо хайрахгүй байна уу гэхэд, багш цочин харж хар пальтогоо гөвсөөр бослоо.
- Америкт хаа таарсан газартаа суугаад сурсан байна гээд номруугаа зааж,
- Өнөөдөр шинэ хичээл орно, заах хичээлээ харж байна гээд инээмсэглэв. Хичээл эхлэхэд бүтэн цаг дутуу байсан болохоор бид нилээн удаан ярилцсан юм. Багш өвлийн амралтаараа Монголд ирж англи хэлний хичээл зааж байгааг, мөн надаас хэдхэн сараар дүү гэдгийг мэдэж авсан билээ.
Хичээл тарж гэрийн даалгавар өгсөний дараа багш надруу хандан захирангүй хоолойгоор Atomic kitten хамтлагийн Eternal Flame дууг орчуулаад маргаашийн хичээлд шалгуулаарай гэхэд анги тэр чигээрээ нам гүм болов. Энэ үед багш надад сайн болсоноо яаж хэлэх аргаа олохгүй байсан юм билээ. Atomic kitten- Eternal Flame одоо ч миний дуртай дуу хэвээр байдаг.
Нүдээ аниад
Гараа надад өгөөч
Миний зүрх хэрхэн цохилж байгааг
Мэдэрч байна уу, Хонгор минь
Ойлгож байна уу, Хонгор минь
Чи надтай ижил мэдэрч байна уу,
Эсвэл энэ зөвхөн миний мөрөөдөл үү...
Бид ихэнхдээ хичээл эхлэх цагаас өмнө, өдрийн хоол идэх үеэр л уулздаг байв. Би тэр үед өглөө англи хэлний дамжаандаа явж, өдөр магистерийн хичээлд явж их завгүй байдаг байлаа. Харин бид нэгэн харамсалтай шалтгаанаас болж өдөр бүр уулздаг болов. Манай аав гэнэт насан эцэсболж миний бие хүндээр өвдсөн юм. Би босч чадахгүй хэвтэрт орсон учир багш ажлаа тараад өдөр бүр манайд ирж намайг сэтгэл санаагаар дэмждэг байв. Миний бие ч тэнхэрч зун цаг ирлээ. Манай гэрийхэнтэй багш үй зайгүй болсон байлаа. Багш надаас Honey, Did I say you that I love you /Хонгор минь, би чамд хайртай гэж хэлсэн бил үү/ гэж өдөрт хэд хэд асууна, мөн хөл бөмбөгийн гишүүдийн тоогоор хүүхэдтэй болно гэж их ярьдаг байв. Бага зэрэг соёотой шүдээ гаргаад дандаа инээдэг, үргэлж намайг эрхлүүлдэг, их хөгжилтэй байдаг байлаа.
Намар болж багш Америкруу буцав. Бид орой бүр цаг тохирч мессенжерээр харилцдаг байлаа. Төд удалгүй миний бие дахин өвдөж манай ажлын залуу намайг ажил гэрийн хооронд үргэлж хүргэж өгч, авдаг болов. Найз залуугийнхаа ээж, аав, эмээ дээр очдогийг мэддэг байсан ч намайг халамжилсаар бүтэн жил өнгөрлөө. Эр хүний халамжинд эмэгтэй хүн дасдаг гэгчээр би болон манай гэрийхэн хичнээн эсэргүүцээд сэтгэлдээ үл захирагдан бид хамт амьдрахаар болов. Нэгэнт ийм шийд гарсан учир би багшдаа бүгдийг хэлж холбоогүй болсон юм. Энэ шийдвэрийг сонсоод намайг авахаар монголд хоёр удаа ирсэн билээ. Би бүх зүйл оройтсон гэж бодсон учир багштай нэг ч удаа уулзаагүй юм.
Нилээн олон жилийн дараа бид мессенжерт дахин таарав. Тэр үед багш маань хүнтэй сууж хөөрхөн охинтой болсон байлаа. Гэвч надтай уулзах гэж ирэхдээ намайг мартах гэж сэтгэлгүй бүсгүйтэй хэдхэн уулзаад хүүхэдтэй болсон байж. Би ч мөн тэр үед таван жил хамт амьдарсан залуугаасаа хүүхэд гаргахгүй гэсэн шалтгаанаар салсан байлаа. Багш бид хоёр орой бүр л дүрсээ харж хуучны зүйлээ дурсдаг болов. Одоо чамайгаа очиж авбал надтай хамт Америкт амьдрах уу гэж дандаа асууна.
Хариулахгүй жоохон удвал “Би чамаас болж архи тамхинд орсон, миний амьдралыг чи балласан. Чамаас болж амиа хорлох гэж олон удаа оролдсон гэж гар болон хоолойдоо байх шархыг харуулна. Одоо ч гэсэн би чамдаа их хайртай, анхнаасаа би чамайг орхиж явсан нь миний буруу байсан” гэх үгүүдийг агсам тавих мэт байнга хэлдэг болов. Миний хайрладаг байсан багш танигдахааргүй өөр хүн болсон учир би дахин хамт байя гэж зүрхлээгүй. Хэдэн сар мессенжерээр холбоотой байгаад одоог хүртэл дахин холбогдоогүй юм.
Анхны хайр бүтэлгүй байдаг гэдэг. Миний ч бас анхны хайр ийнхүү бүтэлгүй түүхийг бүтээсэн юм. Магадгүй би, намайг яг багш шиг хайрлах хүнийг хүлээсээр одоог хүртэл ганцаар явдаг байх.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
