Урт утастай зүү
2015-12-28 18:21
Нөхөр нь унтчихсан бололтой. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ аньчихаж. Хажуугаар нь сэмээрхэн хэвтэж гэрлээ унтраалаа. Түүнд нэг хүсэл төрөв. Зүүдэндээ ч болов харих юмсан.
Зэрэглээтсэн талдаа эрх дураараа алхахсан. Ус хоржигнож, шувууд жиргэсэн нутгийн голынхоо зүлгэн дээр амандаа цэцэг зууж, цэлмэг тэнгэрийг ширтэхсэн.Энэ бүхэн ингэтлээ их үгүйлэгдэнэ гэж хэн мэдлээ.
Юм оёх болгонд минь утсаа урт сүвэллээ, холын бэр болох нь ээ гэж эмээ маань үргэлж ярьдаг байж билээ. Ингэх болгонд нь дараа богино сүвлэх юм шүү гэж боддог ч тэгээд л урт сүвэлчихнэ.
-Зэрэглээтсэн талдаа эрх дураараа алхахсан. Ус хоржигнож, шувууд жиргэсэн нутгийн голынхоо зүлгэн дээр амандаа цэцэг зууж, цэлмэг тэнгэрийг ширтэхсэн.
Энэ бүхэн ингэтлээ их үгүйлэгдэнэ гэж хэн мэдлээ.
Хүн дэргэдээ байгаа зүйлээ үнэ цэнэтэйгээр хардаггүй юм гэнэ лээ. Үнэхээр л үнэн үг юм даа гэж Нүүжин нүдээ аниад төсөөллийн ертөнцдөө хэсэгхэн жаргахыг хичээнэ.
-Ээжээ, эгч хүүхэлдэйг минь булаачихаад өгөхгүй байна гэж охин нь уйлагнан орж ирэв.
-“Эгч” гэсэн үгээ монголоор хэлчих. Тэгвэл би эгчээс чинь хүүхэлдэйг чинь авч өгнө. Хэлж чадахгүй бол авч өгөхгүй гэж ээж нь охиндоо тунирхана. Монгол хэлээрээ ярьж, монгол хүний удам гэдгээ мэдрээсэй гэж үргэлж хүснэ. Сав л хийвэл монгол үг зааж өгөхийг хичээж, их хөдөлмөрийн үр дүнд арай гэж “Сайн уу, аав, ээж, эгч, нохой, гэр” гэх мэт хэд гуравхан үгийг мурий хазгай хэлүүлж сургасан билээ.
Охин урвайгаад суучихав.
-Тэгээд монголоор ярихыг хүсэхгүй байгаа юм биз дээ? Тэнгэр заяат монгол хүний үр удам гэдгээ мэдэх цагт ээжээсээ их зүйлийг асууж сурдаг байж дээ гэж хожим чамд бодогдох өдөр ирнэ дээ хэмээн учир мэдэхгүй бяцхан охиндоо гоморхон хэсэг чимээгүй сууснаа:
-Миний охины хонгон дээр байдаг хөх толбо ганцхан монгол хүнд л заяадаг юм шүү дээ гэв.
Охин хэлээ хазан:
-Аав монголоор битгий яриарай гэсэн шүү дээ.
-Үгүй ээ, охин минь. Аав нь чиний хэлийг зүгшрээгүй байхад нь өөр хэл сурах дэмий л гэж бодоод тэр. Үнэндээ бол зүгээр шүү дээ гэж аавынх нь яриулах дургүйн шалтгааныг зөвөөр бас зөөлхнөөр тайлбарлахыг хичээлээ.
-За тэгвэл миний гүнжхэн “Маамуу нааш ир” гэдэг дуугаа ганцхан удаа дуулчих тэгээд л ээж нь эгчээс нь хүүхэлдэйг нь аваад өгье. Алив эхлээрэй. Нэг хоёрын, гурав аа ий.
-Маамуу нааш ир манайд хоёулаа тоглоё
Аав ээж хоёрын авчирсан тоглоом бий шүү... гэж эв дүйгүй, дуртай дургүй хуруугаа оролдож, хошуугаа унжуулж хүүхэлдэйгээ авахын тулд аргагүйн эрхэнд дуулахад Нүүжин их л баясгалантай хоёр тийшээ найгаад алгаа ташин охиныхоо өөдөөс гэрэл гийсэн нүдээр харж, мундаг охин, аргагүй л ээжийн охин гээд ихэд баярлав.
-Ээж нь багадаа энэ дууг сурах гэж их удсаан. Эмээ чинь намайг хэдэн ч удаа дагуулан дуулж, хэдэн ч удаа дуулуулж байсан юм дээ. Ээж нь ч гэсэн хүүхэдтэй болоод хэлд ороход нь хамгийн түрүүнд энэ дууг зааж өнгө гэж их мөрөөддөг байж билээ. Миний охин маш сайн дуулж байна. Даанч хүссэн болгоноо дуулж чадахгүй нь жаахан тийм. За явцгаая ээж нь амлалтаа биелүүлж эгчээс нь хүүхэлдэйг нь авч өгье гээд охиныхоо бяцхан гараас хөтлөөд бослоо.
-Эхнэр минь, ядарч үхлээ. Ажил их байлаа. Оройн хоолоо хийгээгүй юм уу. Юу хийж байдаг юм бэ гэсээр Нүүжингийн энэ насны хань, Америк орны иргэн, шаргал үс, том хамраараа бусдаас төвөггүй ялгарах түүний нөхөр ажлаасаа ирлээ.
-Одоохон хоолоо хийчихнэ ээ, одоохон гээд гал тогооны өрөө рүүгээ яаран сандран орох замдаа чи усанд ороод гараад ир. Тэгээд л хоол бэлэн гэж аргадах маягтай хэлэв.
Хоолны ширээний ард гэр бүлээрээ суулаа.
-Хань минь энэ жилийн амралтаар чинь хүүхдүүдээ аваад Монгол руу очоод ирье тэгэх үү? гэж гэм хийсэн хүн шиг гацаж түгдчин арай ядан хэллээ.
-Амжихгүй л болов уу? Амралтаараа байшингаа засч янзалмаар байна.
-Ирээд засчихад болно шүү дээ. Хүн гэдэг чинь унасан газар, угаасан усаа үргэлж мөнхийн санаж бэтгэрэх юм байна шүү дээ хань минь гэж аргадангуй хэлэхдээ хоолой нь сааралтан чичигнэж нүднийг нь нулимс бүрхээд ирэв. Урьд нь залгиж далдалдаг нулимсаа энэ удаад сул орхив.
Хүн гэдэг чинь унасан газар, угаасан усаа үргэлж мөнхийн санаж бэтгэрэх юм байна шүү дээ хань минь гэж аргадангуй хэлэхдээ хоолой нь сааралтан чичигнэж нүднийг нь нулимс бүрхээд ирэв. Урьд нь залгиж далдалдаг нулимсаа энэ удаад сул орхив.
-Ээж ээ, та яагаад уйлаад байгаа юм? гэж ажигчаараа бага охин нь шалгаав.
-Чи хүүхдүүдийн дэргэд юу болж байгаа чинь энэ вэ гээд нөхөр нь уурлангүй хэлэхэд
-Очно, очно гэсээр долоон жил болж байна шүү дээ. Охид маань ээжийнхээ нутагт очиж үзэх хэрэгтэй. Би ч гэсэн бэтгэрч шаналж үхэх нь байна. Аав ээжийгээ амьд дээр нь очмоор байна шүү дээ гээд эхэр татан уйллаа.
-“За болно дараа ярилцъя” гээд халбагаа ширүүхэн тавьчихаад хоолоо ч гүйцэд идэлгүй, асуудлыг тулж шийдэх дургүй өнөө л бултаж, бөөрөнхийлдөг зангаа гаргаад босоод явчихав.
Нүүжингийн төлөвлөгөө ингээд л бас бүтэлгүйтэв.
Хоёр охиноо унтуулах гэж өрөөнд нь оруулаад үлгэр уншиж өгөөд дараа нь бүүвэйн дуугаа аялав. Нялх багаас нь бүүвэйн дуугаар унтуулаад сургачихсан. Түүний хориогүй хийдэг цорын ганц монгол ёсон бол бүүвэйн дуу. Бүүвэйн дуугаа аялаад охидоо үл ялиг хөдөлгөн, зүрх сэтгэлийн гүнээсээ хайраа уудлан, хоёр охиныхоо толгойг ээлжлэн илээд, айдас хүйдэс, муу муухай зүйлийг энэ л дуугаараа үргээнэ. Охидын амьсгал нь жигдэрч, амгалан гэгч нь нойрслоо. Нүүжин тэднийхээ духыг үнэрлэн гэрлийг нь унтраагаад өрөө рүүгээ оров.
Нөхөр нь унтчихсан бололтой. Үнэн худлыг бүү мэд. Ямар ч гэсэн нүдээ аньчихаж. Хажуугаар нь сэмээрхэн хэвтэж гэрлээ унтраалаа. Түүнд нэг хүсэл төрөв. Зүүдэндээ ч болов харих юмсан.
Зохиолч Л.Мөнхчимэгийн "Хайр түрээслэгч" номноос
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
