solongonews
Ээжүүд ээ, кегелийн дасгалаа битгий мартаарай
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн болж төрсний хамгийн том давуу тал бас байгалиас заяасан хамгийн том бэлэг бол эх хүн болох. Өрх гэртээ бүл нэмж, бяцхан үрсээрээ гэрээ гоёх хэчнээн сайхан. Үр хүүхдүүдээ эрхлүүлж, тэднийхээ ирээдүйг төсөөлж, бүтээж, тэдний л төлөө амь амьдралаа зориулах хэчнээн сайхан. Ханийнхаа хайр, халамжид бялхаж, бяцхан үрсээрээ гайхуулах бүр ч сайхаан.
Энэ аз жаргалыг улам өнгөтэй, жавхаатай, өдөр бүр шинэхнээр нь авч үлдэх бас нэг чухал зүйл бол мэдээж эхнэр нөхрийн хайр, халамж, жаргал билээ. Төрсний дараа ч нөхрөө яг л анхны шөнийнх шигээ мэдэрч, тэр л мэдрэмжийг нөхөртөө бас амтлуулж чадвал амьдрал өдөр бүр шинэхнээрээ байх нь гарцаагүй.
 
Учир нь төрсний дараа эмэгтэйчүүдийн үртээ сунах, өмнөх хэлбэрээсээ өөрчлөгдөх зэрэг нь ажиглагддаг үнэн бодит байдал билээ. “Төрсний дараа миний үртээ суначихсныг мэдрэхэд үнэхээр хүнд байсан. Тэгэхэд би зөндөө уйлсан” гэж нэгэн ээж сэтгэгдлээ хуваалцаж байсан юм.
 
Гэвч хүүхэд төрүүлсний дараа үтрээ сунадаг ч эргээд хэвэндээ орох бүрэн боломжтой уян хатан эрхтэн юм. Өөрөөр хэлбэл, ээжүүд маань төрснийхөө дараа ч анхны шөнийнхөөсөө дутахааргүй шинэхэн мэдрэмжийг өдөр бүр мэдрэх, түүнийгээ нөхөртөө ч шив шинэхнээр нь бэлэглэх боломж байна.
 
Үүний тулд кегелийн дасгалыг өдөр бүр хийх нь төрсний дараах эхчүүдэд үтрээ сунах зэрэг сул талуудыг арилгаж өгдөг хамгийн чухал дасгал юм. Энэ дасгалыг ямар ч үед хийж болно. Гал тогоонд хоолоо хийж байхдаа, автобусанд явж байхдаа, бүр гэрээ цэвэрлэж байхдаа, эсвэл ажлын ширээнийхээ ард ч хийх боломжтой. 
 
Кегелийн дасгалыг яаж хийх вэ?
Кегелийн дасгал хийснээр эмэгтэйчүүдийн төрөлтийн үеийн өвдөлт багасч, хярзан урагдах аюулаас сэргийлдэг давуу талтай юм. Мөн сексээс авах ташаалыг нэмэгдүүлж, төрсний дараа ч үтрээг бариу болгох үр дүнтэй. Кегелийн дасгалыг дараахь хэлбэрээр хийж болох юм. Өөрөөр хэлбэл, та эдгээрээс өөрөө сонгоод аль нэг хувилбарыг нь хийх боломжтой. Үүнд:
 
Эхний хувилбар
1.10 секундын турш үтрээний булчингаа чангалж, суллан 10 секунд амарна. Энэ дасгалыг 3 удаа давтаад 30 секунд амарна. 
2.Үтрээний булчинг 5 секундын туршид чангалж суллаад 5 секунд амарна. Энэ дасгалыг 9 удаа давтана. 
3.Үтрээний булчинг чангалаад 30 секунд бариад 30 секунд суллана. Энэ дасгалыг 2 удаа давтаад эхний дасгалыг ахин нэг давтана.
 
Хоёр дахь хувилбар 
1.Үтрээний булчингаа 5 секундын турш чангалаад суллана. Дасгалыг 10 удаа давтана. 
2.Үтрээний булчинг 10 удаа хурдтайгаар чангалж, суллана. Дасгалыг 3 удаа давтана. Үүний дараа үтрээний булчинг чангалж аль болох удаан барина. Ингээд 2 минут амраад дасгалыг дахин давтана.
 
Гурав дахь хувилбар 
1.Үтрээний булчинг 30 удаа чангалж суллана. Дараа нь аажмаар чангалж суллах тоогоо нэмж 100 хүргэнэ. 
2.Булчингаа дээд зэргээр чангалан 20 секунд бариад 30 секунд суллана. Дасгалыг 5 удаа давтана.
 
Дөрөв дэх хувилбар 
Булчинг 2 минутын турш суллаж чангалж эхлээд яваандаа хугацааг 20 минут болгож сунгана. Энэ дасгалыг хамгийн багадаа өдөрт 3 удаа хийх шаардлагатай.
 
Жич:Үтрээний булчингаа чангалж байх үед зөвхөн үтрээний булчин чангарах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Түүнээс биш өгзөг, гэдэс, шулуун гэдэсний булчин чангарах ёсгүй. Та үтрээндээ хуруугаа хийгээд үзэхэд булчин хэрхэн чангарч буй нь танд мэдрэгдэж байвал та зөв хийж байна гэсэн үг. 
Монголхатагтай 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл