Агуу их амжилтын эзэд болсон алдартай эмэгтэйчүүд ертөнцөд яасан олон юм бэ... Дэлхийд гайхагдсан хүүхнүүдийн төрх нүдний минь өмнүүр жирэлзэн харагдаж байна. Ялдамхан төрх, тачаангуй имиж илэрхийлэл, гоо үзэсгэлэн, алдар нэр, ажил үйлсээрээ тэд, даган дуурайх манлайллын тавцанд он удаан жил амьдарцгаадаг тавилантай. Зарим нь жинхэнэ утгаараа, харин зарим нь хүмүүсийн сэтгэлд хоногшсон тэр л төсөөллөөр амьдарцгаадаг. Төсөөллөөр гэдэг нь, амжилт олж, алдар нь нэр нь товойн түгээд ирэхлээр мөнөөх амжилтандаа сагаж, замын дундаас хүсэл мөрөөдлөө гээсэн, гажуудуулсан, дампуурсан, хэрэг төвөг, элдэв хорт зуршилд орсон, нэр төрөө гутаан өөрийгөө алдсан нь бас байдгийг хэлэх гэсэн санаа. Өөрөө л мөн чанараараа сэтгэл дүүрэн амьдарч чадахгүй бол бусдын сэтгэл дэх төсөөллөөр хүн гэгч амьтан ер нь яах билээ.

Ертөнцийн үнэнийг шингээсэн Далай ламын сургаалаар, энэ хорвоод эргүүлж болдоггүй гурван зүйл бий. Энэ нь цаг хугацаа, үг хэл, боломж гурав. Харин хэдийд ч итгэлтэй байж болшгүй гурван зүйл юув гэхээр хүсэл мөрөөдөл, амжилт, аз гурав. Тэгвэл хэн хүнийг аугаа хүн болгох гурван зүйл бас бий. Энэ бол хөдөлмөр, чин сэтгэл, боломж гурав билээ. Амжилтанд хүрсэн тэр зам өөрөө өргөс буттай, даваа гүвээ дүүрэн байсан ч шантрахгүй зүтгэлээр ард нь гарч, гялалзан тодордогийн учир юунд оршдог юм бол? Аль ч салбарт даруухан хэрнээ амжилттай ажиллаж байгаа бүсгүйчүүдийн амьдрал тавилангийн замыг хуваалцан ярилцах бүр энэ асуултанд 3 хариулт байдаг шиг надад санагддаг. Энэ бол зорилго, зүтгэл, тэвчээр гурав. Зорилго тавихгүй бол хаашаа зүглэхээ хэн мэдлээ. Зүтгэхгүй юм бол зүгээр биелдэг ид шидийн зүйл гэж үгүй. Ад хорлол мэт адармаатай бэрхшээл, асуудал тулгарах тутам тэвчээрээр ялан дийлэхгүй аваас амжилт гэдэг дэргэдээс л дэрхийн нисэх шувуу мэт холдон одно.
Хятад хүмүүс хулс ихээр тариалдаг. Хавартаа тариалсан ургамал ногоо намартаа үр жимсээ өгдөг бол хулс тэгдэггүй. Газрын хөрсөнд суулгасан үр эхний жилдээ ер өөрчлөгдөхгүй. Тэнгэрийн дүлий шиг л нам гүм байдаг гэнэ. Үрийг хичээнгүйлэн усалсаар л байхад 2 дахь жилдээ ч хөрсөн дээр ил нахиалж гөлөглөхгүй. Бүр гурав, дөрөв, тав дахь жилдээ ч хулсны үрийг л усалж бордсоор л байдаг. Гэвч зөрүүд хулс нахиална аа гэж үгүй. Арай гэж тав дахь жилийн сүүлчээр хулс мод соёолж, зургаан долоо хоногийн богинохон хугацаанд 27 метр орчим өндөр ургадаг байна. Амжилтын зарчим мөн л ийм. Хөдөлмөрлөж зүтгээд байхад л асуудал бэрхшээл урган гарч мөнөөх эхэлсэн ажил ахиж өгөхгүй байлаа ч зүтгэл, тэвчээрээр он удаан жил ажиллаж байж сая санаа гүйцэлдэх нь олонтаа.

Анхлан “гахай үүрч”, ганзагын худалдаанд сөхөрч унатлаа зүтгэн, хамгаа алдан буруудаж уруудаж явсан хүн ч уйгагүй зүтгэлийн үрээр хувийн бизнесээ хөгжүүлэн барилга, тээврийн салбарт галалзаж явах жишээтэй. Монголдоо л гэхэд ийм олон хүнийг бид хуруу даран нэрлэж чадна. Амжилт гэхдээ зөвхөн их мөнгө, их нэр алдар, их салбар биш юм. Амжилт бол чиний санасан зорилго гүйцэлдэхийн нэр юм. Амжилт гээч тэр зүйл, олж болсон шигээ алдаж бас алга болдог зүйл. Өнөөдрийн амжилтаа маргааш үгүй хийхгүйн тулд тэрүүнд хэзээ ямагт итгэлтэй байж болохгүй гэсэн үг. Амжилт нэг л ирвэл тэр л чигээрээ чамайг ивээн тэтгэсээр л байна гэж битгий эндүүрээрэй. Гагцхүү, хүнийг аугаа хүн болгох гурван зүйл л бий. Энэ бол хөдөлмөр, чин сэтгэл, боломж гурав билээ.
