Анжелина Жолиг бөмбөрцөг дээр танихгүй хүн үгүй биз. 40 настай энэ эмэгтэй 6 хүүхдийн эх болсон аз жаргалтай ээж. Гэсэн ч хүн л юм хойно сэтгэлийн уй гуниг, амьдралын бэрхшээл, өөрийн гэсэн мөн чанар, үзэл бодлын чинад нэгэн шугам аль аль нь түүнд бий. Яагаад ч юм бид олны танил болсон бүсгүйчүүдийг хэмжээлшгүй жаргалтай, дутагдах зовлонгүй гэж бодохын сацуу харагдах гадаад төрх, царай зүс, өмсөж зүүснээр нь, эрхэлдэг ажил хөдөлмөрөөр нь онцолдог юм шиг...
Анжелина Жоли бусдын л адил шаналдаг нэгэн. Зовлонгүй шаналал гэж байхгүйн адил бид шаналалгүйгээр юу ч сурахгүй. Шаналалгүйгээр алдаагаа ч ухаарахгүй гэдэгтэй тэрбээр санал нийлдэг. Өсвөр насандаа гадаад байдалдаа төдийлөн анхаардаггүй байсан Жоли дунд сургуульд байхдаа нэг удаа гадуур хоноод үүрээр гэртээ ирж, шууд өрөөндөө ороход нь ээж нь юу ч хэлээгүй тухай дурссан нь бий.
“Ээж минь юу ч хэлээгүй. Харин шөнөжин уйлсан шинжтэй, нүд нь бөлцийсөн байсан. Тэр үед чухам юу хийж гадуур хоносныг минь битгий асуугаарай. Ээж минь ч асуулгүй өнгөрөөсөн юм шүү. Миний ээж яаж ч шаналж, бухимдаж байсан уурлаж загнаж байгаагүй. Тэгсэн хэрнээ өрөөндөө ороод ганцаараа уйлж байхыг нь олон удаа харсан”. Тэрбээр ээжийгээ ийн дурсахдаа өөрөө бас уйлсан юм.
Жоли өөрийн хувь хүнийнхээ мөн чанарыг бүтээсэн дүрүүдийнхээ ард нуухыг хүсдэг. Тэрбээр санаснаас огт өөр, их хаалттай, нэр төр алдрынхаа давуу талыг ашиглаж сураагүй, хэн нэгнийг биедээ хүргэх туйлаас дургүй, сэтгэл хөдөлсөн үедээ хөмсгөө өргөж ярьдаг гээд онцлог зантай. Олон жилийн өмнөөс анорекси өвчнөөр шаналж, хөхний хорт хавдрын улмаас хөхний булчирхайнуудаа түүлгэсэн Жоли хүүхдүүдтэйгээ Камбожийн хөдөө тосгонд умгар оромжинд хэсэг амьдарсан гэдэг.

Учир нь хүүхэд бодит амьдралыг өөрийн нүдээр харж, нөхцөл байдлыг эргэцүүлж сурах хэрэгтэй гэж бодсоноос ийм шийдвэр гаргажээ. Энэ тухайгаа “Эргэн тойрон хэдэн арван навсгар оромжноос өөр юу ч байхгүй тийм нөхцөлд хүн хорвоог өөр нүдээр харж эхэлдэг. Хүүхдүүддээ өгсөн миний хамгийн том бэлэг бол дэлхий, хүн төрөлхтний амьдралыг тэдэндээ нүдээр нь харуулж ухааруулах явдал байсан.
Одоо миний хүүхдүүд Манхэттений тансаг амьдралыг ч, Кенийн цөлд майханд ус, цахилгаангүй амьдрах ямар байдгийг ч мэднэ. Одоо тэд маань ертөнцийг таньж мэдэх өөрийн үзэлтэй болж, ямар ч нөхцөлд амьдарч чадах чадвар суусан байх. Би үргэлж амьдралын олон хувилбарыг сонгохыг илүүд үздэг. Амьдралын утга учир, мөн чанарыг ойлгох цаг хугацаа надад хүрэлцэхгүй байна. Харин гэхдээ би залуу халуун насандаа хорвоог орхичихоогүй нь их аз шүү.” хэмээсэн нь бий.
Жоли залуу байхдаа нуруун дээрээ жижигхээн цонх шивүүлж л дээ. Дараа нь түүн дээрээ том бар шивүүлээд далдалчихсан гэнэ. Яагаад ч юм Жоли жаахан байхаасаа л цонхоор харах дуртай охин байж. Цонхоор ширтэн зогсож байснаа харсан зүгтээ гүйгээд алга болохыг хүсдэг байсан нь сонин. Одоо ч тэрбээр цонхоор харах дуртай хэвээрээ. Хайр дурлалтай учирсан үедээ, эсвэл сэтгэл тавгүй үедээ цонхоор харж, тийн цонхоор ширтэн зогсох бүрт нь сонирхолтой явдал болдог гэнэ.

“Би одоо цонхоо барын ард нуучихсан болохоор хаалттай гэсэн үг. Хэрэв тэр цонхыг нэг л нээчихвэл би эргэж буцахгүйгээр яваад өгчих байх” гэж Жоли хэлсэн нь мөн л таавар шаардсан нууцлаг гэлтэй. Аялалд тунчиг дуртай, амьдарч буй орчноосоо цааш харж чадахгүй байгаад сэтгэл нь өвддөг энэ бүсгүй дэлхийн орнуудаар аялахдаа хүнд бараан амьдралын учир шалтгаан, ядуу зүдүүгийн үндэс улбааг нээхийг эрхэмлэдгээрээ хүнлэг, бас өлсөж ядарсан хүмүүст туслах гэгээн эрэлхийллийг өөрөөсөө ундруулж чаддагаараа гайхалтай. Тэрбээр орлогоо гурав хувааж, нэг хэсгийг нь хуримтлуулж, өөр нэг хэсгийг амьдрал ахуйдаа зарцуулж, үлдсэнийг нь хүмүүнлэгийн үйлсэд хандивладаг.
Хэн нэгний өмссөн хувцасны брэнд эсэхийг ярих нь сонирхолтой хэдий ч үзэл бодлынх нь өнцгийг, хувь хүнийх нь онцлог чанарыг хуваалцах гэдэг сургамжтай болоод ухааралтай. Жоли “Чи сайн хүн байх, хүмүүс чамайг сайн хүн гэж ярих хоёр тэс өөр ухагдахуун” гэж хэлэх дуртай. Үнэн үгийн үзүүр хэн нэгэнд санаа болох нь дамжиггүй.
