solongonews
Ховор эрдэнээ хамгаалсан хорин жил
2024-08-22 17:07
Бадайн Жаран цөлийн Билүүт цохио ба нуур бүрдүүд нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр амжилттайгаар Дэлхийн өвд бүртгүүлсэн байна.

    Үргэлжилсэн 15 хоногийн эргүүлээ дуусгаад хөлс тоос, сахал үсэндээ баригдсан Алшаа Зүүн хошууны Байгалийн хамгаалалтын бүс, зэрлэг амьтан ургамлын хамгаалалтын төвийн эрхлэгч Лю Вэйбинь цөлөөс гарч ирмэгц сэтгэл догдлуулсан сайхан мэдээ сонслоо. Тэрээр хамт олны хамтын 20 жилийн турш сахин хамгаалсан энэхүү элсэн цөл нь “Дэлхийн өвийн жагсаалт”-д амжилттай бүртгэгдсэн гэх мэдээ түүний олон хоногийн алжаал зүдрэлийг хоггүй авч хаясан байлаа.

   2017 оноос өргөдөл өгч эхэлсэн ажил нь ийнхүү долоон жилийн ард буюу 2024 онд биелэгдсэн бол элсэн цөлөө эрдэнэ мэт хайрлаж хамгаалж явсан үйл нь харин нэгэнт 20 жил үргэлжилсэн аж.

Бадайн Жаран цөлийн Билүүт цохио ба нуур бүрдүүдийн дэлхийн өвд бүртгүүлсэн хэсэг нь нийт 1сая 617 мянга 405.8 га талбайг хамарч бий. Үүнд Алшаагийн элсэн цөлийн дэлхийн геопарк дахь Бадайн Жаран цөлийн аялал жуулчлалын бүс, ӨМӨЗО-ы Бадайн Жаран байгалийн хамгаалалтын бүс, Бадайн Жараны нуур бүрдүүдийн байгалийн хамгаалалтын бүс хамрагдаж бий. Энд дэлхийн хамгийн өндөр элсэн цохио, Бадайн Жаран цөлийн “Дөрвөн гайхамшиг” хэмээн алдаршсан элсэн товцог, дуут элс, нуур бүрд, цэнгэг булаг байдаг бөгөөд байгалийн загийн ой, зээр, аргаль, бор гөрөөс зэрэг ховор зэрлэг амьтад бий. Эндээс мөн тэмээн хяруулын өндөг, үлэг гүрвэлийн чулуужсан яс ба 3000-5000 жилийн өмнө хүн төрөлхтөн оршин амьдарч байсан ул мөр олдсон төдийгүй Мандал уулын хадны зураг олдсон байна.

- Бадайн Жараны үзэсгэлэнт өнгө төрх, геологийн гайхамшигт бүтэцтэй эн тэнцэх элсэн цөл дэлхийд ховор хэмээн Дэлхийн өвийн хорооны 46-р хурлын Хятадын талын төлөөлөгч Ян Зи-Янь хэлсэн байдаг.

   Гэхдээ энэхүү нууцлаг, үзэсгэлэнтэй Бадайн Жаран цөлийн дотоод экосистем туйлын эмзэг бөгөөд хэрэв өчүүхэн төдий эвдэгдэхэд хүрвэл байгалийн ба соёлын үнэт өв нь эргэлт буцалтгүйгээр алдагдаж, ховор нандин амьтан, ургамлын нөөц баялаг ч устах болно. Үүнийг харгалзан 1999 онд Бадайн Жаран цөл дэх нуурын байгалийн хамгаалалтын бүсийг байгуулсан бөгөөд түүнээс хойш Бадайн Жаран цөл дэх байгалийн хамгаалалтын бүсүүд ар араас бий болсон. Тэр цагаас хойш урт удаан түүхэн аяныг туулж ирсэн эдгээр гайхамшигт эрдэнэс тусгай хамгаалалттай болсон юм.

- Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бид хамгаалалтын бүсийн төлөвлөлтийг зохиож, эргүүл цагдуулыг ажлыг чангатган, бэлчээрлэхийг хориглох, мал бэлчээрийг тэнцвэржүүлэх тогтолцоог чанд мөрдөж, төв бүсэд суурин барилга барихаас татгалзах гэх мэтээр цөлийн онгон дархан хэв төрхийг хадгалахын тулд олон арга бодлого авсан юм гэж Алшаа аймгийн цөлийн геопаркийн Алшаа Баруун хошууны удирдах товчооны дарга Лян Баорүн хэллээ.

Ой шугуйн системд ажилладаг байсан Лю Вэйбинь 2004 онд эргүүлийн ажилтан болж, цөлийн амьдралаа эхэллээ. Хамгаалалтын бүсийн хэмжээ том төдийгүй цөлд тодорхойгүй хүчин зүйл олон байдаг тул эргүүлээр гарах бүрд 7-8 хүн хоёр машинтай гардаг бөгөөд нэг эргээд ирэхэд дор хаяж долоо хоног зарцуулдаг. Ядрахаар машиндаа унтаж, хэрэв малчин айл таарвал аз болж, халуун ус авч бэлэн гоймон иддэг байлаа. Гэхдээ ихэнх тохиолдолд эзгүй хээр мантуу, цэвэр ус ууж ходоодоо борлуулна. Үүгээр зогсохгүй цөлд байнга элсэн шуурга босдог бөгөөд шуурганы дараа машины дугуйг элсэнд булж, хаалгыг нь ч нээж чадахгүй болох тохиолдол зөндөө.

- Хамгийн хэцүү үе бол зуны улирал. Цөл дэх газрын гадаргын температур нэмэх 40 гаруй хэмд хүрч, халаад тэвчээр алдагдах төдийгүй халуун элс хөлийг түлдэг. Эргүүлийн машинууд ч өндөр температурын улмаас дугуй, цилиндр хагарч, хоёр гурван долоон хоног цөлөөс гарч чадахгүй,  гаднаас тусламж хүлээх үе ч байдаг гэж Лю Вэйбинь инээмсэглэн ярилаа.

Энэ мэт эргүүлийг сард ядаж нэг удаа хийх хэрэгтэй. Лю Вэйбинь 20 жил ийнхүү баримталсаар ирэв. Зэрлэг амьтан, ургамлын судалгаа, мал амьтны халдварт өвчний тандалт судалгаа, ургамлын ургацыг ажиглах, нуурын усны түвшинг хянах, дүрэм зөрчин бэлчээрлүүлж буй малчдыг ятган буцаах гэх мэтээр сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тэрээр ажлын хамт олонтойгоо малчин айлуудаар явж, бэлчээрлүүлэхийг хориглох, экологийг хамгаалах талаар ухуулга сурталчилгаа хийхийн зэрэгцээ тоо томшгүй олон зэрлэг амьтдыг аварч явснаар зэрлэг амьтан ургамлын төрөл улам нэмэгдэн, нуур орчмын ургамал ногоо улам бүр өтгөн сахлаг ургах болжээ.

   Хамгаалалтын бүсэд уламжлалт хэв маягаа хадгалсан 50 гаруй малчин өрх амьдран суудаг бөгөөд тэд байгальд хохирол учруулахгүй дээрээсээ экологийн идэвхтэй хамгаалагчид болдог байна.

Хамгаалалтын бүсэд 2017, 2018 онуудад хоёр жил дараалан дотоод гадаадын судлаачид ирж судалгаа хийсэн бөгөөд “Дэлхийн өвийн конвенцийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны удирдамж”-ийн дагуу Бадайн Жаран цөлийн онгон дархан байдлаа хамгийн дээд хэмжээнд хадгалсан үнэн бодит байдал нь “Дэлхийн өвийн жагсаалт”-ад хамрагдах  нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг санал нэгтэй зөвшөөрсөн нь Дэлхийн өвийн жагсаалтад амжилттай бүртгүүлэх сайн эхлэлийг тавьсан юм. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Бадайн Жаран цөлийн Билүүт цохио ба нуур бүрдүүд нь амжилттайгаар Дэлхийн өвд бүртгүүлсэн байна.

- Энэхүү амжилт нь Алшаа төдийгүй Өвөр Монголын хувьд том баяр байх ёстой. Цаашлаад Хятад улс, дэлхийн хувьд ч баярт явдал болох юм. Бид энэхүү байгалийн үнэт өвийг илүү сайн хамгаалж, өвлүүлж, зөв ашиглахын тулд олон арга замыг судалж, нийгэм, эдийн засаг, экологийн тогтвортой хөгжлийг дэмжин ахиулахаар хүчин зүтгэх болно гэж Лян Баорүн хэллээ.

Ерөнхий редактор: Л.НАРАНХҮҮ

Сэтгүүлч: ХҮӨ ШЯОЧИН, С.УРЬХАН

Хянагч: Э.ҮРЖИНХАНД

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨВӨР МОНГОЛЫН ӨДРИЙН СОНИН
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл