solongonews
Э.ҮРЖИНХАНД: Амьдралд итгэл алдарсан найздаа урмын үгсийг дайж дахин шинэ амьдрал бэлэглэж билээ
2015-10-08 09:45
Эрхэм зохиолч бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулж байна.

          "Шинэ Мянган" Утга зохиолын нэгдлийн гишүүн, Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Энхбаатарын Үржинхандтай цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр хилийн чанадад амьдарч буй манай залуу нэртэй зохиолчдын нэг юм. Түүний "Сэтгэлийн жимээр” блогт мянга мянган залуус зочилж, түүний уран бүтээлийг шимтэн уншиж, санаа бодлоо хуваалцдаг. 

Э.Үржинхандын “Өөртөө үнэнч үлдэнэ” яруу найргийн түүвэр 2009, “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр 2011, 2012 онд “Хайр цацруулж...” яруу найргийн түүвэр, 2014 онд гаргасан “Зөндөө хайртай” яруу найргийн цомгууд нь олны таашаал хүртсэн билээ. 2012 онд “Хүүхэд, залуучуудын уран зохиолын дээжис” ном,  2013 онд Өвөр Монголын Өөртөө Засах Орноос эрхлэн гаргадаг “Дэлхийн уран зохиол” сэтгүүл, 2013 онд “Шинэ мянганы яруу найраг” ном, 2013 онд МЗЭ-ийн “Монголын эмэгтэй зохиолчид” номуудад Э.Үржинхандын бүтээлүүд нийтлэгдэж уншигчдын хүртээл болжээ.

Эрхэм зохиолч бүсгүйтэй хийсэн ярилцлагаа та бүхэнд толилуулж байна. 

-Юуны өмнө хүсэлтийг минь хүлээн авч хилийн чанадаас ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Яриагаа яруу найраг сонирхож, шүлэг хэзээнээс бичиж эхлэв гэдгээс эхэлье?

-Хоёрдугаар ангийн сурагч байхдаа анхны мөрүүдээ холбож байсан. Тугалны тухай дөрвөн мөрт байдаг юм. Харин яруу найраг гэдэг утгаар нь нэлээд хожуу, магадгүй оюутан цагаасаа оролдох болсон.

-Манай яруу найрагч, зохиолчид бичсэн шүлэг, хэвлүүлсэн номынхоо тоогоор л өөрийгөө үнэлдэг юм шиг ээ. Та үүнтэй санал нийлэх үү?

-Тийм гэж үү, энэ тухай сонирхож байгаагүй юм байна. Ер нь ямар ч зохиолч, яруу найрагчдын хувьд шинэ ном бүтээл гаргана гэдэг зохиогчийн болоод найрагч нөхөд, уншигчдынх нь хувьд үргэлж баярт явдал байдаг.  Мэдээж, тооноос чанар чухал. Харин миний хувьд ном гаргаснаараа өөрийгөө үнэлэхээсээ илүү дүгнэлт хийж, цаашид хэрхэн илүү чанаржуулах вэ гэдэг дээр шүүмжлэлтэй ханддаг. Ер нь бид өөрийгөө үнэлэх гэхээсээ уншигчид л шударгаар нь үнэлнэ шүү дээ.

-Шүлгийг илүү үггүй, утга зангидаж бичих нь чухал уу?

-Шүлгийг чухам яаж бичих нь чухал вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. Ер нь аливаа онол, дүрэм гэхээсээ илүүтэй зүгээр л юуг хэрхэн мэдэрч, ямар өнцгөөс харж байна вэ гэдэг тэр мэдрэмж л чухал болов уу.

-Яруу найрагч Б.Лхагвасүрэн гуайн “Сайн шүлгийг бурхан хэлж өгдөг” гэсэн сайхан үг бий.  Таны хувьд дотоод хүнтэйгээ хэр сайн ярьдаг вэ?

-Тийм шүү, сайхан үг. Багшийнхаа хэлсэн энэ үгтэй санал нийлдэг. Хэзээ ч юм, хаана ч юм бэ гэнэт л шинэ санаанууд, мөрүүд өөрөө ороод ирдэг нь үүний илэрхийлэл байж болох юм. Харин дотоод хүнтэйгээ бол байнга л ярилцдаг.

-Хэн нэгэнд зориулж бичсэн шүлгүүдээс тань өнөөг хүртэл мартагдахгүй сэтгэлд хоногшсон мөртүүд бий юу?

-Тийм мөртүүд олон бий. Тухайлбал, амьдралд нь тохиолдсон хүндхэн асуудлыг даван гарахаас шантарч амиа хорлоно гэж байсан нэгэн найздаа зориулаад:

Найз минь чи юунд үхлийг хүснэм

Нарны энэ хорвоод

Нарийхан мөчир дээр бээвийх

Орох гэргүй болжмор орон газраар хэсч

Булан тохойд хоргодогч бор хулгана хүртэл

Хувь заяанаасаа уйдаагүй байхад

Хүндэт найз минь чи юунд

Хүний орчлонгоос уйдна вэ, гэж бичиж байснаа дараа нь “Сэтгэлийн нүдээ нээ” гэж гарчиглаад дэлгэрүүлсэн.

-Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг дээ. Таны найздаа чин сэтгэлээсээ зориулан бичсэн шүлэг үнэхээр түүнд амьдрал бэлэглэжээ. Үнэхээр гайхалтай юм.

-Одоо найз маань хоёр сайхан хүүхдийн ээж, жаргалтай гэргий болсон. Хүний амьдрал, хувь заяа, тавилан төөрөг тайлагдашгүй оньсого мэт боловч нартад ганц л амьдрах энэ амьдралаасаа бүү шантарч ухраасай. Дахин хөл дээрээ босож чадна гэдэгтээ бат итгэлтэй байх хэрэгтэй юм шүү.

-Та тавилангаар учирсан хэчнээн найзтай вэ?

-Сайхан найз нөхдүүд бол бий бий. Гэхдээ тоо хэлэхээс илүүтэй ийм сайхан найзуудыг илгээсэн Бурханд талархаж явдаг даа. 

-Та орчин цагийн залуусын сонголт, амьдралын хэв маягийг зохиолдоо илүү тусгасан юм шиг санагдсан. Манай сайтын уншигчдын хамгийн их таашаал хүлээсэн зохиол бүтээл тавигддаг "LIKE" буланд цувралаар тавигдаж байсан “Анирхүү” цуврал туужийн санаа хэрхэн төрөв?

-Тийм ээ, ер нь амьдарч буй энэ цаг үеийнхээ тухай бичиж байж л ирээдүйн тэр хүмүүс  аав, ээжийн минь үед ийм амьдралын хэв маягтай байсан юм байна гэсэн тусгалтай үлдэнэ.  Энэ туужийн хувьд бол нулимстай нүдээрээ цонхоор ширтээд гуниглаж суугаа нэгэн жаахан хөвгүүн л төсөөлөлд минь амьдарч байсан. Хөөрч баярлаж, тоглож гүйдэг насандаа тэр чухам юунд ийнхүү шаналан суугаа юм бол доо гэх бодлоос хөвөрсөн дөө.

-Залуу уран бүтээлчийн хувиар манай оронд зөвхөн уран бүтээлээрээ амьдрах зах зээл байна уу?

-Энэ тийм ч амар биш л дээ. Кино ч юм уу, ямар төрлийн уран бүтээл гэдгээс хамаарах байх. Харин яруу найрагч, зохиолчдын хувьд бол өөр ажил хийхгүйгээр зөвхөн номоо гаргаад түүгээрээ амьдралаа авч явна гэвэл үнэхээр бүтэшгүй мэт санагддаг.

-Олон залуус гадагшаа гарч сурч, амьдрах болж. Түүнийг дагаад гадаадад өсч байгаа Монгол хүүхдүүд олширох болсон. Тэдэнд монгол ёс заншил, соёл уламжлалаа суралцах гээд их олон зүйл дутагддаг юм шиг санагддаг. Зохиолч хүний хувьд Монголоо гадаадад сурталчлах, өв уламжлалаа хамгаалан үлдээх уран бүтээл хийхийг хүсдэг биз дээ?

-Тэгэлгүй яахав, энэ бол үнэхээр тэргүүн чухал. Багаасаа шууд л англи, франц гэх жишээгээр гадаад хэл сураад өсөж байгаа хүүхдүүд цөөнгүй байгаа. Тэд ийм сайхан эх орондоо ирчихээд монгол хэлээрээ ярьж, ойлгож чадахгүй, монгол хоол ундандаа ч дасахгүй байгааг нь харахад эрхгүй сэтгэл минь шимширдэг. Харин өөрийнхөө зүгээс аль болох мартагдаж байгаа монгол үг хэллэг, монгол өв уламжлалаа тусгаж бичихийг эрмэлздэг.

-Америкт хэр хугацааг өнгөрүүлж байна вэ?

- Жаахан ташаа ойлгосон бололтой. Өмнөд хөршид ажиллаж эхлээд удаагүй байгаа.

-Өө тийм үү. Би таныг АНУ-д амьдарч байгаа гэж дуулсан юм.

-Америк явахсан гэж боддог юм. Ийм сайхан бэлэгшээлтэй үг хэлсэнд баярлалаа.

-Хоёулаа яриагаа залуу нас, хайр сэтгэл хийгээд дурлалын талаар өрнүүлвэл болж байна уу?

-Бололгүй яахав, амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй. Хүний ертөнцийн жамаар хайрлан дурлаж, бас шаналж, шатаж, баярлаж, хөөрөн догдолж, аз жаргалтай, адармаатай, бүр адтай ч гэмээр хэлж таахын аргагүй хайр сэтгэлийн сонин учрал хэнд ч тохиож магад. Ер нь хайр сэтгэлийг судалдаг шинжлэх ухаан байдаг бол хичнээн сонирхолтой байхсан.

-Та гэр бүлтэй юу. Таны хувьд гэр бүлийн аз жаргал гэж юуг хэлэх вэ?

-Уучлаарай, хувийн чанартай асуултад хариулахгүй байж болох уу. Учир нь хүн бүр өөрийн гэсэн хувийн амьдралтай, түүнийгээ дэлгээд байх шаардлагагүй гэж үздэг. Би өөрөө ч бусдын хувийн амьдралыг сонирхдоггүй. Харин чухам юу бичиж, бүтээж байгаа нь л чухал болов уу. Гэр бүл гэдэг бол жинхэнэ аз жаргалыг мэдрэх үнэ цэнэтэй, хосгүй нандин тусгаар тогтносон ертөнц гэж боддог.

-Та "сохор" болзоонд явж байсан уу. Ирээдүйд өөрийгөө хаана амьдарна гэж төсөөлж байна вэ?

-Хаашаа, юунд явж байгаагаа ч мэдэхгүй тийм "сохор" болзоонд уу, сонирхолтой асуулт байна. Нэг найз маань гэнэт залгаад тэнд, тэдэн цагт хүрээд ир, ямар ч ажилтай байсан орхиод ир, маш чухал шүү гээд утсаа тасалчихсан тохиолдол бий. Гайхаж сандраад л яваад очтол киноны тасалбар авчихсан, за орцгооё гэдэг юм даа. Үүнийг сохор болзоо мөн гэж бодож байна. Харин ирээдүйд өөрийгөө хаана амьдрахаа төсөөлж мэдэхгүй юм. Мөн л хүний ертөнцөд амьдрах байх даа.

-Ер нь та өөрийгөө хэр зоригтой эмэгтэй гэж боддог вэ?

-“Зориг бүхнийг ялна” гэдэг биз дээ. /инээв/

-Таны "Өөртөө үнэнч үлдэнэ" шүлгийн түүврийг уншихад сэтгэл эзэмдэж, зүрх гижигдсэн сайхан бүтээл болж. Сүүлд гэхэд таны шүлгийн хэв маягаа маш өвөрмөц байдлаар өөрчилж, уйгаржин монгол бичгээр хөрвүүлсэн нь сонирхол их татлаа?

-Баярлалаа. “Өөртөө үнэнч үлдэнэ” яруу найргийн түүвэр бол хамгийн анхны ном минь юм. Харин босоо монгол бичгээр бүтээлүүдээ буулгахсан гэж эртнээс боддог байлаа. Сүүлийн үед зурагт хэлбэрээр буулгаад блогтоо нийтэлж эхэлсэн минь уншигчдад маань их сонирхолтой байх шиг байна лээ. Монгол бичиг бол харах тусам сэтгэл татдаг дурлалт хүн шиг л үнэхээр гоо үзэсгэлэнтэй бичиг шүү дээ.

-Таны энэ амьдралаас хүртсэн хамгийн том гавьяа шагнал юу вэ?

-Энэ хорвоод эрүүл саруул монгол хүн болж төрөөд та нарынхаа дунд мөр зэрэгцэн алхаж явна гэдэг юугаар ч сольшгүй гавьяа гэж сэтгээд аав ээждээ, амьдарч байгаа өдөр бүрт алхам тутамдаа талархаж явдаг.

-Хүмүүс таны уран бүтээлд татагдаж уншиж, сонсч түүгээрээ дамжуулан ухаардаг. Тиймээс та манай сайтын нийт уншигчдад зориулж анхны шүлгийнхээ мөртөөс хуваалцаач?

-Бяцхан сурагч байхдаа бичсэн дөрвөн мөртөө шүлэг гэж тооцоход хэцүү л дээ. Харин миний багш, яруу найрагч, доктор, профессор Ч.Дагвадорж анх “шүлэг” гэж ихэд тоож байсан тэр шүлгүүдээс нэгийг сонирхуулъя.

Алсад ч, дэргэд ч

Алсад ч, дэргэд ч очиж үзээгүй газар өчнөөн бий

Алгаараа ч, харцаараа ч мэдэрч үзээгүй цэцэгс төчнөөн бий

Алдсанаа ч мэдэлгүй будилж одсон учрал зөндөө бий

Амьдралд авч болдоггүй зүйл гэж хичнээн олон юм бэ дээ

 

Амттай гэсэн дарс болгоныг бид уух учиртай гэж үү

Өнгөтэй гэсэн цэцэг бүхнийг бид тасдах албатай гэж үү

Сарвайсан бүхнээ авах гэсэн зоргоор хүслэнт хүмүн бидэнд

Сар наран өгөөмөрөө дэлгэж цацрагаа ямагт илгээдэг биш үү

 

Алгасаж одсон хичнээн өртөөнд нөхөж буудаллах шиг

Алдаж оносон өчнөөн буруугаа ухаарлаар гэмших шиг

Аяа, амьдрал гэдэг төгс бусын их далайд

Алдхан биеэрээ уусаад сувд болон мөнхөрье

-Сайхан шүлэг байна. Уран бүтээлд тань болон амьдралд нь эрхэм сайхныг хүсье.

-За баярлалаа. Монголком сайтын хөдөлмөрч, цог жавхаалаг хамт олонд ажлын их амжилт, эрхэм мэргэн уншигчдад нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа.

Зохиолч Э.Үржинхандын "Сэтгэлийн жимээр" http://setgeliinjimeer.blog.banjig.net/ блогт тавтай морилно уу.

Найруулагч: Солонго сайт
Эх сурвалж : www.mongolcom.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл